sonin.mn

БАНГКОК, 2025 оны долоодугаар сарын 23 /KAZINFORM/. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд “Алтан виз” хөтөлбөр хэрэгжүүлэхийг Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават санал болгосон байна. Энэ санаачилгын хүрээнд гадаадын чинээлэг 600 мянга гаруй иргэнд Тайландад байнга оршин суух эрхийг 1 сая ам.долларын төлбөртэйгээр олгох ажээ. Гадаадын хөрөнгийг ингэж татсанаар үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийг түргэсгэж, боловсролын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, улсын өрийг бууруулж, дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж байна.



Bangkok Post сонинд бичсэнээр, “Алтан виз” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Тайландын эдийн засагт 500 тэрбум ам.долларын хөрөнгө орох боломжтой ажээ.



Сүүлийн жилүүдэд Тайландын эдийн засгийн өсөлт удааширч, өнгөрсөн 10 жилд дунджаар 2-оос доош хувьтай байгаа юм. Өрхүүдийн өр нэмэгдэж, жуулчдын тоо буурч байгаагийн улмаас 2025 онд өсөлт 1,3-2,3 хувь байна гэж таамаглажээ. Үүний дээр АНУ-ын зүгээс Тайландын бараанд 36 хувийн гаалийн татвар ногдуулах гэж байгаа нь байдлыг улам хүндрүүлнэ.  


Үүнтэй холбогдуулан Airports of Thailand Plc (AoT) компани нэмэлт орлого олохын тулд нэг зорчигчоос авах хураамжийг 300 батаар /9,22 ам.доллар/ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр жилийн хугацаанд хураамжнаас олох орлогыг 40 тэрбум батаар /1,23 тэрбум ам.доллар/ нэмэгдүүлэх боломжтой. Энэхүү мөнгийг AoT-ын 6 нисэх онгоцны буудлыг өргөтгөх, дэд бүтцийг сайжруулахад зарцуулах ажээ.


Тайландын Аялал жуулчлалын газрын мэдээллээр, 2025 онд 40 сая жуулчин хүлээж авна хэмээн төлөвлөж байсан бол 35 сая болгож бууруулсан байна. Энэ нь юуны түрүүнд Хятадын жуулчдын тоо буурсантай холбоотойгоос гадна дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүссэн, бүс нутгийн бусад улсын зүгээс өрсөлдөөн ширүүссэн зэргээс шалтгаалжээ.  


Өмнө нь Тайланд улс жуулчдаас авах хураамжийг 2026 он хүртэл өсгөхгүй гэж мэдээлж байсан юм.



Б.Адъяахүү