
Өмнөх жилүүдэд эрхэм гишүүдийн эрх мэдлийн хүрээнд улсын төсөвт таван тэрбум төгрөгийг суулгадаг байсан. “Гишүүний таван тэрбум” гэдэг нэртэй. Анх 2019 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр шүүмжид өртөж байв. Гэсэн ч төсөвт сууж явсаар энэ 2025 оны төсвөөс хасагдсан. Засгийн газар, “...2024 оны сонгуулиас хойш УИХ томсгосон, бүсчилсэн тойргоор явагдаж байна. Тиймээс, жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийнэ. Ийм агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, бүсчилсэн” гэсэн байр суурьтайгаар дээрх “таван тэрбум”-уудыг төсвөөс хассан.
Гэтэл төсөв хэлэлцэх үеэр дахин гарч ирж, тухайн үедээ нэлээд асуудал болж байсан юм. Сануулахад, Засгийн газраас өргөн барьсан 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо “задлаад” өнөөх “гишүүн бүрийн таван тэрбум”-аа оруулчихсан байв. Энэ нь УИХ дахь намын бүлгүүдийн хурал дээр хүртэл яригдаж, хэл ам болсон. Сүүлдээ, “...Төсвийн байнгын хорооноос л ийм санаачилга гарсан”, “...Энэ бол тойрогтой гишүүдийн хийж байгаа ажил”, “...Энэ санааг АН-ын бүлгийн эдийн засаг, санхүүгийн чиглэлийн гишүүд гаргасан. “… МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа явах уу, эсвэл тус бүрийн аймагт нэр нь тодорхойгүй ажлууд хийгдэх үү гэдэг асуудал яригдсан”, бас “…Нэгэнт өргөн баригдсан төсвийг задалж, дундаас нь тойрогтоо санхүүжилт авах орон зайг бий болгож байгаа гишүүдийн асуудал ганц намынх биш. Нам дамнасан асуудал бий. Ийм лобби бүлэг байх шиг байгаа юм. Тэд мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр Засгийн газрын төсвөөс хасаж, тойрогт тусгуулах гэсэн оролдлогууд явж байна” гээд бие бие рүүгээ чихсэн. Явсаар, улсын төсөв томоохон хэмжээгээр задарч, асуудал үүссэн. Юун, гишүүдийн таван тэрбум байтугай зардлууд хасагдсан.
Тэгвэл энэ Засгийн газраас эрхэм гишүүдийн эрх мэдлийн хүрээнд зарцуулах таван тэрбумыг 2026 оны төсөвт суулгаж өгөхөөр болжээ. Тодруулбал, ирэх 2026 онд аймаг, орон нутаг, бүсүүдэд 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтыг тусгахаар болжээ. Үүний таван тэрбумд нь хийх төсөл, арга хэмжээний саналыг нь эрхэм гишүүдээс холбогдох яамдаар дамжуулан албан бичгээр аваад эхэлжээ. Гишүүдийн саналыг Засгийн газар энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ, эрхэм гишүүдэд “...Таван тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ чинь ТЭЗҮ, зураг төсөвтэй байх ёстой. Мөн, цахим системд бүртгүүлж, энхлэх дуусах хугацаа, төсөвт өртөг зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх учиртай” гэж анхааруулжээ. Ийн, нэг жил өнжсөн “таван тэрбум”-аа эрхэм гишүүд авахаар болж, хэрэгжүүлэх төслийнхөө саналыг бичээд эхэлжээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
За нөгөө шударга залуу гишүүд 5 тэрбумаас татгалзаад мэдэгдэл хийгээч Хүлээж байнаа шүү
Нарантуяа Нара 5 тэрбумаа авчихвал Монголд байхгүй тураах төв байгуулна гэсэн ! Тэрэнд нь Батчимэг Ариунзаяа нараас эхлээд тарган гишүүд хандив өргөнө гэсэн !
Үнэн бол УИХ-ыг тараах хэрэгтэй
Энэ олон тэнэгүүдийг толгой дээрээ суулгаад шуналыг нь хангаж төсвөөс мөнгө өгч байдаг...монголчууд их ухаантайдаа юм болов уу гаднаас удирдаж байдагт юм болов уу...
“Гишүүний таван тэрбум” гэдэг дээрэм, хулгай, авилгаа зогсоохыг шаардаж байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!