sonin.mn

Омск хотын Кировскийн дүүргийн шүүхээс Владимир Путиныг Адольф Гитлертэй зүйрлэсэн зураг, "Путлер капут" гэсэн уриа лоозон бүхий цахим хуудасны 12 хуудсыг ОХУ-д хориглосон талаар “Верстка” сайт мэдээллээ. 

Хориглосон зургуудад Путиныг Гитлертэй адил сахал болон үсний засалт хийсэн фотошопдсон зургууд багтжээ.  

Шүүх мөн ихэнх нь эсэргүүцлийн жагсаалын үеэр авсан "Путлер капут" гэсэн бичээс бүхий зургуудыг хориглосон байна.


Тухайлбал, блогчин Илья Варламовын "Путлерээ, хар тугалгаар дайлуулахаасаа өмнө хор уу" гэсэн зурагт хуудас барьсан эмэгтэйн гэрэл зургийг шүүх хоригложээ.


Үүнээс гадна шүүхээс мөн Стихи.ру цахим хуудсанд Путины толгой руу буу тулгасан зураг, "Орос улсыг ичгүүртэй байдлаас хэрхэн аврах вэ" гэсэн тайлбар бүхий зурагт хуудсыг хориглосон байна. 

Мөн LiveJournal сайт дахь, "Матар" сэтгүүлийн нүүрийг санагдуулам Путины зурагтай, "Шүүх хэргийг үндэслэлтэйгээр хэлэлцэж эхэллээ. Тэр амьтан өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдлээ" гэсэн тайлбар бүхий зургийг хоригложээ. 


Омскийн прокурорын газар эдгээр зургуудыг хориглохыг шаардсан үндэслэлээ “Нийгэм, улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, тодорхойгүй тооны хүмүүсийг террорист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхэд өөгшүүлж, үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж байна" гэж тайлбарласан байна.


Эх сурвалж: currenttime.tv


Ж.Бат