sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 700 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, ОХУ-ын Төрийн Думын экс-депутат Илья Пономарев, германы BILD сэтгүүлийн тоймч Юлиан Репке, The New Times онлайн сэтгүүлийн эрхлэгч оросын сэтгүүлч Евгения Марковна Альбац, оросын цэргийн шинжээч Руслан Левиев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


50%:50% гэдгийг Давосын чуулган дээр барууны улс төрчид гаргаж иржээ. Эхний “50” нь бол хоёр жилийн өмнө Оросын цэргийн эзлэн авсан нутаг дэвсгэрийнхээ 50%-ийг украинчууд чөлөөлчихөөд байгааг илтгэх тоо.


Дараагийн “50” бол ОХУ нь Зэвсэгт хүчнийхээ 50%-ийг Украинд алдчихаад байгааг илтгэх тоо. Тооноос гадна чанар гэж байна. Украинчууд оросуудаасаа илүү оновчтой, цэгцтэй, хүн хүчнээ гамнаж байлдаж байгаа ба хариуд нь Орос нь маш их гарлагатай, хүн хүчнээр зодох гээд хамаг хүч нөөцөө барсан, гэвч ОХУ-аасаа яаж ийгээд цэрэг зэвсэг, сум галт хэрэгсэл илгээгээд байх чадвартай, тэр нь дундрах тийшээ хандсан байдалтайг хэлж байна. Оросын нутаг дэвсгэрт дайн хэдийнээ шилжээд ороод ирсэн, Белгород муж амар тайван хонохоо больсон, Воронеж, Курскэд тийм цаг үе ирсэн, тэр ч бүү хэл украины дрон-камиказе нь Санкт-Петербургэд нисэн очиж, нефть, хийн байгууламжуудыг түйвээж, Москва руу дроны халдлага үе үе хийгдэх болсон нь дайн хоёр улсад зэрэг өрнөж эхэлснийг илтгэнэ.


Хар тэнгисээс Оросын тэнгисийн цэргийн флотыг хөөж гаргаж чадсан, ОХУ нь эзлэн авсан Крымээ хамгаалж тордох боломжгүй болж байгаа, үр тарианы коридор гэдгээ Украин сэргээж, далайн тээврээ оросын аюулгүйгээр явуулж эхэлснийг 2023 оны нэг гол үр дүн хэмээн нэрлэж болно. Үүнийг маш том ололт хэмээн баруунд үнэлжээ.


Фронтод дайн үргэлжилсээр. Зарим хоногтоо 110 хүртэл зэвсэгт мөргөлдөөн өрнөсөн байдалтай, Орос нь бүх фронтоор давшдаг, Украин нь бүгдийг нь няцаадаг, гэвч Оросын давшилт ар араасаа бэлтгээстэй, тактикийн ганц ч ялалтгүй хүн хүчнээ алддаг, үй олон техникүүдээ сөнөөлгөдөг байдалтай үргэлжилж байна.


Хэлэлцээ хийе, гал зогсооё гэхлээр Украин хүсэхгүй байна. Орос энх тайвныг хүсч байна. Украин хүсэхгүй байна–Путины амны уншлага. Харин ам халаад “Украинаас чөлөөлсөн нутаг дэвсгэр” гэж хэлэх гээд хэл хальтраад “Украинаас байлдан булааж авсан нутаг дэвсгэр” хэмээн Оросын ТВ-ээр ярьж харагдав. Эзлэн түрэмгийлсэн гэдгээ Путин өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрчихлөө. Оросын энх тайванч уриалга бол заль мэх, амсхийлт авч, цэргээ дахин бүлэглэж, зэвсэг техникээ шинэчилж, цэрэг-аж үйлдвэрээ босгож хэвийн горимд оруулаад дахин байлдах бэлтгэл хийнэ гэдэг дээр олон улсын энх тайванд уриалагчид мэддэг болсон. Түүнд хууртахгүй.  Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон хэлж байна:–Гитлерийг Барууныхан тайвшруулахыг оролдсон 1930-аад оны үеийг өнөөгийн үйл явдал бидэнд санагдуулж байна. Яг түүнтэй адил бид Путиныг тайвшруулах ёсгүй гэжээ.


Юлиан Репке сонин дүгнэлт хийжээ. Дайн Оросын нутаг дэвсгэр рүү шилжээд ороод ирсэн, украины дронууд оросын хотууд руу халдаж байна. Энэ бүхэн нь ОХУ-ын хүн амыг дарангуйлагч Путиных нь эсрэг босч тэмцэхэд хүргэнэ гэжээ. Балтийн тэнгисийн эрэгт украины нисэгчгүй беспилотник нисч очлоо. Унахдаа дэлбэрч гал өрдлөө. Оросууд тайван хараад сууж байна гэж байхгүй. Бас нэг беспилотник нь Пулково аэропортын дэргэд нефтийн бааз дээр дэлбэрлээ. Аэропорт олон цагаар хаагдлаа. Шереметьево, Внуково аэропортод нислэгүүдээ цуцаллаа. Москвад иргэд түгшлээ. Энэ бүхэн нь оросуудад таатай байхгүй нь лав. 


АНУ-ын Конгресст нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс Украинд зэвсэг нийлүүлэх асуудал хоёр 7 хоног саатсан ч украинчууд дайн явуулах арга барилаа олон хувилбараар үргэлжлүүлж чадаж байна. Оросын армийн давшилтыг яаж ийгээд тогтоон барьж байгаа боловч оросуудад ганц ч ялалт өгөхгүй байна. Дээр нь оросын томхон хотууд дахь цэрэг-аж үйлдвэрийн комплексуудад цохилт өгөхийг чухалчилж байна. Зорилго нь тодорхой. Оросын хүн ам Путины дарангуйлах дэглэмд дургүйцнэ, адаглаад нөлөө бүхий олигархиуд нь Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа зогсоохгүй бол бид өөрсдөө амар заяа үзэхээ байлаа хэмээн Путинээ шахаж дарамтлах болно. Украиныг эзэлснээсээ ч долоон дор юм боллоо. Одоо украины тийрэлтэт хөдөлгүүр бүхий беспилотник тасрахгүйгээр нисч ирэх болно.


Оросын ПВО (агаарын довтолгооныг эсэргүүцэх хамгаалалт) сөнөөж хүчрэхгүй боллоо. Украины дронууд чиглэсэн байндаа гурав дахин хурдтай нисч ирж байна хэмээн оросууд гомдоллоод эхэлжээ–Репке бичжээ.

 

Энэ өвлийг Орос орон тун хүнд давж байна. Том том хотуудад дулааны, халуун усны шугам сүлжээ байнга сад тавьж, зарим газраа дэлбэрнэ. Шугам сүлжээндээ хүртэл гадаадын, импортын эд анги, бодис, төхөөрөмж авч байсан нь хоригт орчихсноос ачааллаа дийлэхгүй хүйтнийг даахгүй дэлбэрч байгаа тухай оросын сайтууд ам уралдан бичнэ. Башкортостанд дэглэмийн эсрэг эхний томхон тэмцэл өрнөөд олон мянган хүнийг хамран цагдаатай мөргөлдөв, тэр нь ОХУ-ын бусад хотуудад тархаж халдварлана хэмээн Төрийн Думын экс-депутат Илья Пономарев Freeдом ТВ-ээр сэрэмжлүүлэн ярьж харагдав. Украинд халдан түрэмгийлэх дайн дэгдээснээс хойшхи хамгийн том эсэргүүцлийн тэмцэл Башкортостанд өрнөсөн гэв. “Башкортостан тэсэрлээ. Тэсрэлтийг АНУ-ын ТТГ, Израилийн Моссад, Украины Тагнуулын ерөнхий газраас хийчихсэн юм биш. Харин тус БНУ-ын өнөөгийн тэргүүн Хабиров мэтийн түшмэлүүд өөрсдөө хийчихсэн юм. Энэ бол Орос орон нурж унахын дохио сануулга боллоо” хэмээн Пономарев телеканалаар ярив. 


Башкортостаны үйл явдлаас оросын эрх баригчид үнэхээр балмагдсан. Учир нь их халдвартай гэж үзсэн. Удахгүй энэ замаар тэмцэлд босох магадлалтай бүс нутаг бол Якут юм. Босч тэмцэхэд бүх шалтгаан нь байна. Башкортостанд башкирууд үндэсний олонхи болж чадахгүй. Тэнд үндэсний гурван төлөөлөл-башкир, татар, оросууд байна. Харин Якутад бол өөр. Үндэсний олонхи нь босоод ирж мэдэх юм. Хүн амын талаас илүү нь якутууд, тэдний үндэсний ухамсар мэдрэмж сайн хөгжсөн. Энэ бүс нутаг төвөөс юу ч авдаггүй, эдийн засгийн хувьд өөрийгөө аваад явахад бүрэн хангалттай. “Союз” тарж байх үед тэд тэмцэлд босч, алмазын орлогынхоо 25%-ийг Москвад өгөхгүй өөртөө авна гэж байсан нь одоо харин ч бүр дэврэх магадлалтай. Сибирийн бусад бүс нутаг–Тува, Буриадад бослого дэгдэх шалтгаан байна–Пономарев яг ингэж ярив. Ярьсан нь уриалан дуудсан өнгө аястай хэлэгдэв.


Кремлиэс Украины эсрэг өдүүлсэн дайны тухай Евгения Альбац, Руслан Левиев нар ярилцжээ. “Мөнхийн дайн” гэсэн сэдэв хөндөв. Украины фронт дээр яагаад гал зогсоож болохгүй вэ, Путин НАТО руу халдаж чадах уу, Орос мөнхийн дайнаар Европыг заналхийлэх үү? Орос гал зогсоох, энх тайван тогтоохдоо яагаад ямагт ультиматум тавьдаг вэ? Оросын гомдлыг барагдуулахын тулд Баруун буулт хийх ёстой юу гэсэн сэдвээр халуухан ярилцжээ. Орос-Украины хооронд явагдаж буй энэ дайнд украинчууд өнөө цагт хамгийн эрэлхэг зоригтой дайтаж байгаагийн тод жишээг үзүүлж байгаа бөгөөд дайны хуулийг Украин ашиглах эрхтэй. Харилцан адил дайтах зарчмаар оросын хотууд адилхан цохилт амсах ёстой гэв. Conflict Intelligence Team ТББ-ыг толгойлон буй Левиевийг гадаадын тагнуулч болгоод оросын шүүх эчнээ ял оноосон, гэвч тэрээр Оросынхоо түрэмгийллийг цуцалтгүй эсэргүүцдэг. Хэрэв Украин ийнхүү эрэлхэг зоригтой байлдаагүй бол, буугаад өгчихсөн бол, ялагдчихсан бол Прибалтикийг Орос хоёр өдөрт эзэлж аваад цаашаа давших байсан гэдэгт эргэлзээ алга, одоо Украинд булшлагдаад, цаашаа НАТО руу халдах манатай болжээ. Байлдаж байгаа арга барилыг нь ажваас Оросын армийг дэлхийд 2-рт ордог мэргэжлийн манлай арми гэхээсээ томхон террорист бүлэг шиг болжээ гэв.


англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь