sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараа Орос, Украины дайныг богино хугацаанд зогсооно хэмээн ихэд найдаж байлаа. Гэвч түүний найдварыг Путин нураана гэдгийг тэр яахин мэдэх билээ. АНУ-ын оролцоотой Украин, Орос хоёр гэрээ хийж, нэг сарын хугацаагаар гал зогсоож улмаар энх тайвныг тогтооно хэмээн Трамп найдаж байв. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайныг үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна. Учир нь Путин гал зогсоох талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Харин эсрэгээр дайны галыг улам өрдөв. Саяхан Оросын арми Украйны нутаг руу 300 гаруй дрон, 70 гаруй пуужин харваж Украины 13 бүс нутагт өргөн дайралт хийв.


Энэ дайралттай холбогдуулж Трамп: “Би Путины хийж байгааг сайшаахгүй байна. Тэр олон хүмүүсийг дайнд хөнөөж байна. Чөтгөр аваг. Путин юу болоод байгааг ойлгохгүй байна” хэмээн мэдэгдэх нь тэр. Холбооны Герман улсын канцлер Фридрих Мерц “Франц, Британи, Герман зэрэг өрнөдийн орнууд Украинд холын тусгалтай зэвсгүүдийг Украинд нийлүүлэх ажиллагаанд хязгаарлалт тавихаа зогсоосон тухай” мэдэгдлээ. Үүний үр дүнд Украин Москва хүртэл 500 км замыг пуужингаар туулах чадвартай зэвсэгтэй болох юм. Оросын арми сүүлийн 3 жилийн турш Киевыг дуртай цагтаа пуужиндсаар өдий хүрэв. Одоо харин Москва өөрөө пуужиндуулах ээлж ирэв бололтой.


Москва хот бол стратегийн чухал хот. Москва хот болон Москва мужид Оросын өндөр технологитой цэргийн обьектуудын 30.0 гаруй хувь нь байрладаг юм. Ийм учраас энэхүү пуужин Украины зэвсэгт хүчинд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм.


Энэхүү пуужин бол Москва орчмын бүх газар хүрэхээс гадна Крымийн Керченскийн гүүр хүрэх хүчин чадалтай. Энэ пуужинг нисэх онгоцноос ч харвах боломжтой, газраас ч харвах боломжтой юм. Оросын цэргийн обьектыг устгахад ийм пуужин 3-4 байхад л хангалттай. ОХУ сүүлийн саруудад Украин руу дрон, пуужин харвах байлдааны ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэ оны 5-р сарын 25-ны шөнө Оросын арми  297 дрон, 55 далавчит пуужин, 9 баллистик пуужин  Украин руу харвав. Үүнэс болж 12 хүн амь үрэгдэж олон арван хүн шархдав.  Энэ бүх байдлыг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп “Путин солиорчээ” хэмээн мэдэгдэв. Эдүгээ Оросын арми хуягт техникээ дайнд олныг алдсан тул сүүлийн үед явган цэрэг нь мотоциклтэй дайралт хийдэг болжээ. Энэ бол тийм ч зөв тактик биш байлаа. Оросын арми урьдын адил хүний олноор дайралт хийдэг тактикаа хэрэглэсээр байна.Үүний уршгаар Оросын арми олон мянган цэргээ их бууны галд алдсаар байна. Энэ оны 5-р сарын 19- ний өдөр Путин, Трамп хоёр Станбулын уулзалтын талаар телефон утсаар ярьжээ. Хоёр талууд Украин Оросын цэргийн олзлогдсон цэргүүдийг хоёр талаас 1000, 1000 гэсэн харьцаагаар харилцан солилцохоор шийдвэрлэжээ. Харин 30 хоног гал зогсоох талаар харилцан тохиролцож чадсангүй. Учир нь Путин дайнд ялна гэдэгтээ итгэчихсэн байгаа тул хэлэлцээр дээр ямар нэгэн буулт хийхгүйгээр хатуу болзол тавьсаар байгаа ажээ.   


Путин Украины унаган нутаг болох Запороже, Херсон, Луганск, Донецк мужуудыг түрэмгийлэн эзэлж чадна гэдэгтээ бүрэн итгэчихсэн байгаа ажээ. Энэ зун Оросын арми Украин руу өргөн давшилт хийхээр төлөвлөж байгаа юм байна.


Финляндын Ерөнхийлөгч Александер Стубб саяхан Трамптай телефон утсаар ярьсан тухайгаа мэдээлэв. Тэр хэлэхдээ “ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Оросын ерөнхийлөгч Путинд найдвар тавих нь тун ирээдүйгүй асуудал болж байгаа” ажээ. Оросын дотоодод ч гэсэн Путиныг шүүмжилж байна. Донецк мужийн захирагч Павел Губарёв “Путинизм нь ард түмнийг айлгах систем юм” хэмээн шүүмжилжээ.  АНУ-ын дэд ерөнхийлөгч Джей Вэнс “Украины дайныг зогсоох хэлэлцээр мухардалд ороод байна. Трамп дайныг зогсоох талаар Путин тууштай бодлого баримтлах уу, үгүй юү гэдгийг тандаж байна. Цагаан ордон “ Трамп Украины дайныг зогсоох талаар болон хоёр талын зөрчилд сэтгэл дундуур байгаа” хэмээн мэдэгджээ.  Өрнөдийн орнууд Трампын Оросыг дэмжсэн бодлогонд сэтгэл дундуур байна. Өрнөдийн орнуудын удирдагчид Трамптай телефон утсаар ярьж Путинд найдаад хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа ажээ. Трампын дайныг зогсоох саналыг Путин Украиныг дрон, пуужингаар бөмбөгдөх ажиллагааг улам өргөжүүлснээр хариу барьж байна гэдэг нь улам тодорхой болж байна. Трамп эхлээд Путины талд ажиллаж байсан боловч одоо өрнөдийн удирдагчдын саналыг сонсох нь зүйтэй гэдгийг саяхнаас ойлгож эхэлж байна.


Владимир Зеленский эхлээд АНУ-ын ерөнхийлөгчтэй үйл ойлголцож байсан бол одоо Трамптай болон дэд ерөнхийлөгч Жей Вэнстэй ойлголцох шатандаа явж байна.


Зеленский АНУ-ын дайныг зогсоож энхийн хэлэлцээ хийх саналыг дэмжиж байгаа болон АНУ-ын хүчин зүтгэлд талархсанаа илэрхийлж байгаа нь Трампад таалагдаж байна. Харин Путин энхийн хэлэлцээ хийж дайныг зогсооохын оронд Украины эсрэг байлдааны ажиллагааг улам өргөжүүлж байгаа нь огт таалагдахгүй байна. Украины тал Станбулын хэлэлцээний дагуу галаа зогсоохыг хичээж байхад Оросын тал Украины 4 мужийг Оросын талд шуурхай өгөхийг шаардаж, хэрэв өгөхгүй бол 6 мужийг эзэлж авна хэмээн сүрдүүлж байна. Станбулын хэлэлцээ дээр Украины тал нэр хүндтэй байж оноо авч байхад Оросын тал нэр хүнд болон оноогоо алдаж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны эцэс гэхэд Украины Донецк, Луганск, Запорож, Херсон мужийг бүрэн эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байна.


Ийм ч учраас Путин АНУ-ын Ерөнхийлөгч Трампын дайныг даруй зогсоох саналыг үл зөвшөөрч, харин Украин дахь байлдааны ажиллагааг улам өргөжүүлэх бодлого баримталж байгаа нь тодорхой байна.  


Олон улсын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар бол Оросын арми Украины 4 мужийг эзэлж чадахгүй. Ганц хоёр жижиг тосгоныг эзэлснийгээ том хот эзэллээ гэдэг, зогсонги байгаа фронтыг давшилт хийж яллаа хэмээн худал ухуулга хийдэг оросын тал Украины газар нутгийг бүхлээр нь эзэлж чадахгүй. Херсон болон Запорож мужийг Украины зэвсэгт хүчин хяналтандаа бүрэн авч эх орноо хамгаалах үйлсдээ бат бэх зогсож байгаа ажээ.


Өнөөдрийн байдлаар Оросын арми танк — 10858 , ББМ — 22641, Артиллери — 28320 , РСЗО — 1397, ПВО — 1171, Нисэх онгоц — 372, Нисдэг тэрэг — 336, БПЛА — 37631 , Далавчит пуужин — 3256 , Усан онгоц (катера) — 28, Шумбагч хөлөг — 1, Автомомашин ба автоцистерн— 49843 , Тусгай техник — 3902, Оросын цэрэг — 981 850 –ийг алдаад байна.


Энэ дайнд Орос, Украины хоёр тал нийлээд 1.5 сая цэргээ алдаад байгаа ажээ. Орос улс төсвийнхөө бараг тал хувийг дайн, цэргийн зардалд зарцуулсаар байна.  НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгий дайны уршгаар 2022 - 2025 оны хооронд Украины 12 940 энгийн иргэн амь үрэгдэж, 27 836 энгийн иргэн шархдаж, 682 хүүхэд амь үрэгджээ. Путин ялах уу, эсхүл Путины дэглэм унах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.  


Доржийн СҮХБААТАР