sonin.mn
“Залуус” булангийнхаа энэ удаагийн зочин хойморт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салааны захирагч, Тулааны спортын Дэлхийн хошой аварга, дэслэгч Б.Наадамыг урьж ярилцлаа.
 
Юуны өмнө таны нэрийн тухайд тодруулмаар санагдлаа. Наадмаар мэндэлсэн хэрэг үү, эсвэл... 
 
-Тийм ээ. Би төр, түмнээрээ төгөлдөр сайхан нааддаг төрт ёсны уламжлалт их баяр цэнгэл наадам хаяанд айлсаж, айл саахалтаараа дэнж хотойтол дэлгэр сайхан наадахаар зэхэж ахуйд буюу 1991 оны 7 дугаар сарын 7-нд мэндэлсэн юм. Тэгээд 11-ний өглөө ээж бид хоёрыг эмнэлгээс гарч, гэртээ ирүүт л авга өвөө маань надад нэрийг минь хайрласан гэсэн. Монгол түмний эв нэгдэл, Үндэсний их өв соёлын гайхамшиг болсон эрийн гурван наадмаар анх гэртээ ирсэн болохоор бэлгэшээж энэ нэрийг хайрласан нь гарцаагүй. Өвөөгийн минь оноож надад өгсөн энэ нэр үнэхээр бэлгэдэлтэй. Учир нь би оролцсон наадам, тэмцээн бүрээсээ медаль хүртдэг. 
 
Дуудах нэрийг эцэг эх хайрлаж, дуурьсах алдрыг өөрөө олдог гэдэг шүү дээ. Авшиг оршсон нэр алдраа цуурайтуулж яваа тань эрхгүй бахархал төрүүлж байна...   
 
-Баярлалаа. Миний хувьд анхандаа нэрийнхээ утга учрын тухай төдийлөн боддоггүй байлаа. Сүүлд Азийн болон Дэлхийн тулааны наадмуудад хүч сорьж амжилт үзүүлснийхээ хойно л өвөө минь ямар их утга учиртай нэрийг надад хайрлаа вэ гэж бодох болсон. Тэгээд энэ нэрээ улам өндөрт өргөж явах нь миний үүрэг гэдгийг илүү ихээр ойлгож ухамсарласан.   
 
Наадам аль нутгийн хүү вэ? 
 
-Би Төв аймгийн Бор нуур сумынх. Миний аав М.Болдбаатар гэж жирийн мужаан хүн байсан. Харин ээжийг минь Л.Оюунчимэг гэдэг, насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан сувилагч хүн. Миний хувьд айлын ганц хүү тул нутаг орон, аав ээжийнхээ нэр хүндийг өндөрт өргөсөн, хариуцлагатай хүү байхыг эрхэмлэж явдаг.  
 
Тулааны спортод хэрхэн хөл тавьсан тухайд тань яриагаа үргэлжлүүлье... 
 
-Би энэхүү спортоор 2005 оноос хойш хичээллэж байна. Анх МУГТ Ц.Амарбаясгалан, Д.Лхагваа ах нарын тоглолтыг зурагтаар хараад л тулааны спортоор хичээллэх сэдэл төрж, хорхойссон доо. Тухайн үед энэ хоёр хүн жинхэнэ босоо байлаа шүү дээ, зурагтаар энэ хоёр хүн л гардаг, би ч алгасалгүй шимтэн үздэг байв. Тэгээд л багаасаа энэ хоёр шиг мундаг тамирчин, дэлхийн аварга болно доо гэсэн хүсэл мөрөөдөл тээсэн, эргэлзэлгүй эл спортоор хичээллэсэн. 
 
Тулааны спорт тийм ч зөөлөн самар биш шиг анзаарагддаг. Аав ээж нь ганц хүүгээ хориглоогүй хэрэг үү? 
 
-Өөрийнх нь хүсэл сонирхлыг хүндэтгэе гэж бодсон байх л даа, огт хориглоогүй. Тэгээд ч хар багаасаа энэ спортод хорхойсож дурлаад, нүдэн дээр нь  өөрийнхөө хэмжээнд хичээллээд байхаар хэрэггүй гэж хэлж чадаагүй байх. Бас дээр нь хүүдээ итгэсэн хэрэг. 
 
Өөрийнхөө хэмжээнд яаж хичээллэсэн гэж... 
 
-Дэрээ унинаасаа зүүчхээд л үзүүлж өгдөг байлаа. (Инээв). Ерөөсөө л тулааны спортод уусчихсан амьтан байв. Автобусанд суугаад бэлтгэлдээ явах замдаа ийм цохилтыг ингэж хийнэ, тийм цохилтыг тэгж хийнэ гээд л нүдэндээ  төсөөлөөд л, Амарбаясгалан ах ингэдэг, Лхагваа ах тэгдэг, тэдгээр цохилтуудыг нь ингэж хийвэл өөрийн болгох юм байна, ойролцоо нуруутай тамирчинтай ингэж өрсөлдөнө, ур чадвар ойролцоо хүнтэй тархиараа зодолдоно гэдэг ч юм уу байнга тактик боловсруулж бодож, эргэцүүлдэг. Тэмцээний үеэр ч эдгээр төсөөлөл, бодож боловсруулсан тактик маань биеллээ олдог. 
 
 
Анхны бүхэн амттай бас мартагддаггүй гэдэг дээ. Олон улсын чанартай анхны тулаан, ялалтынхаа тухайд тодруулна уу? 
 
-Анх 2007 онд Макао Азийн танхимын наадамд Кикбоксын төрлөөр хүч сорьж хүрэл медаль хүртсэн. Энэхүү амжилт бол 16-хан настай надад асар их эр зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгсөн, цаашдын тулаануудад амжилт үзүүлэх түлхүүр болсон тийм л үнэ цэнтэй тэмцээн байсан. Азийн орнуудын хамгийн шилдэг гэсэн тамирчид чуулж, бүгд л түрүүлэх зорилго тээж өрсөлдөнө шүү дээ, тэр ч чанараараа хүрэл медаль хялбар ирээгүй. Миний хувьд энэхүү медалийн төлөө Энэтхэг, Азарбажейны тамирчидтай өрсөлдөж ялсан юм. Тэгээд надад маш их нөөц байна даа л гэж бодогдсон. Бас маш олон хаалга нээгдэх шиг санагдсан.
 
Арван зургаахан настай хүү Азийн наадмаас медаль хүртчихээд асар их хөглөгдсөн нь гарцаагүй. Тэгвэл дараа дараагийн тэмцээний буухиа хэрхэн үргэлжлэв? 
 
-Дараа нь 2009 онд Тайландад болсон Азийн тулааны их наадмаас Кикбоксын төрлөөр мөнгө, Азийн танхимын спорт наадамд хүрэл медаль хүртсэн. Үргэлжлүүлэн 2010 онд ХБНГУ-д болсон Кикбоксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2011 онд Украин Улсад болсон Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2014 онд мөн Украин Улсад болсон Гардан тулааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2016 онд Грек Улсад болсон Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Уг нь 2016 оны Дэлхийн аваргад заавал түрүүлнэ дээ гэсэн бодолтой явсан боловч хараахан зорилгодоо хүрээгүй. Харин 2017 онд Итали Улсад болсон Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн аварга болно доо гэсэн багын хүсэл зорилгоо биелүүлсэн. Энэ бол миний 11 жилийн хүч хөдөлмөрийн үр дүн. Түүнчлэн 2018 онд Бүх Оросын аварга шалгаруулах Гардан тулааны тэмцээнээс хүрэл медаль, шилдэг тулаанч шагнал, 2019 онд АНУ-д болсон Дэлхийн гардан тулааны наадмаас алтан медаль хүртсэн. Эл тэмцээнээс хойш цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад гадагшаа тэмцээнд явалгүйгээр ангидаа бэлтгэл сургуулилтаа базааж байгаад өнөө жил Турк Улсад болсон Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон жиндээ 14 тамирчинтай өрсөлдөн ялалт байгуулж, Дэлхийн хошой аварга болсондоо туйлын баяртай байна. Урьд нь аварга болсон нь нэг хэрэг. Магадгүй тэр өдрийнх нь тэнгэр ивээж, аз таараад аваргалсан байж болно. Гэвч энэхүү амжилтаа бататгана гэдэг өөр хэрэг шүү дээ. 
 
Тив, дэлхийн чанартай тэмцээнээс гадна Зэвсэгт хүчиндээ олон удаа өнгөлсөн юм билээ. Энэ тухайд тодруулбал... 
 
-Би 2011 хойш Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиар овоглож явна. Ангийн удирдлага, хамт олон маань бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлийг бүрдүүлж, үргэлж цаг зав гаргаж өгдөгт чин сэтгэлээсээ баярладаг. Миний амжилтын салшгүй хэсэг нь Зэвсэгт хүчин, тэр дундаа 084 дүгээр анги, дасгалжуулагч сургагч ахлагч Г.Гантулга багш минь. Миний хувьд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд долоон удаа түрүүлсэн. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагддаг нэр хүндтэй том тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Үүнээс гадна “Шилдэг тулаанч” шагналыг цөөнгүй удаа хүртсэн дээ. 
 
 
Хамгийн үнэ цэнтэй ялалт гэвэл ямар тэмцээнийг онцлох вэ?  
 
-Бүхий л ялалт, ололт амжилт минь миний хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн үр дүн учир цөмөөрөө л үнэ цэнтэй. Гэхдээ 2018 онд болсон Бүх оросын аварга шалгаруулах Гардан тулааны тэмцээний хүрэл медаль, шилдэг тулаанч шагнал хамгийн үнэ цэнтэй нь. Оросын хоёр тамирчныг цохиж унагаад хүрэл медаль хүртсэн. Энэ бол манай Зэвсэгт хүчний хувьд анхны медаль л даа. Урьд нь тус тэмцээнд хүчний бүхий л байгууллагаас тамирчид оролцдог байсан ч хараахан медаль хүртэж байгаагүй. Б.Дамба дарга, Д.Цог-Эрдэнэ багш хоёр намайг энэ тэмцээнд авч явсан юм, хүрэл медалийн төлөөх тоглолтын үеэр суудал дээрээ өндөлзөөд л байсан. Тэгэхэд нь би дарга, багш, дасгалжуулагчдынхаа, цаашлаад Зэвсэгт хүчин, эх орныхоо нэрийг энд л гаргах ёстой гэдгийг мэдэрч илүү зоригтойгоор өрсөлдсөн. Алтнаас ч илүү үнэ цэнтэй хүрэл медалийн эзэн болж чадсан. 
 
Ингэхэд Б.Наадам Зэвсэгт хүчний халуун бүлд ямар сэжмээр орж ирсэн юм бэ? 
 
-Би 2009 онд “Шавь” цогцолбор сургуулийг төгссөн юм. Тэгээд нэг жил өнжөөд 2010 онд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд элсэн суралцаж, 2014 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Оюутан байх хугацаандаа буюу 2011 онд Зэвсэгт хүчинтэй холбогдсон доо. Яаж вэ гэхээр “Сонсогчийн алдар” тэмцээнд түрүүлчхээд байж байтал тухайн үеийн 084 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Дамба, гавьяат дасгалжуулагч Д.Цог-Эрдэнэ багш хоёр маань надад санал тавьснаар би Зэвсэгт хүчин хэмээх энэ их айлд орж ирсэн. Ийм том салбараас намайг тоож, урьж байхад би үгүй гэж яаж хэлэх билээ.  Тэгээд л 2012 оны Бүх ард түмний спартакиадаас авхуулаад Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж олон тэмцээнд оролцож байна.  
 
Тулааны спортын талбарт баримтлах зарчим юу вэ? 
 
-Хувийн зохион байгуулалт, сахилга бат хамгийн чухал. Асар их энерги, эрч хүч зардаг учраас цагийн менежмент бас чухал л даа. Ажил, амралт, бэлтгэл сургуулилт гээд л бүхнийг зохицуулах ёстой. Бас тэмцээн гэхээсээ илүү бэлтгэл дээр бэртэж гэмтэхгүй байх талаар хамгийн болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь энхийн цагт хэр хэмжээнд хөлс гаргана, дайны цагт тэр хэрээр цус бага урсана гэдэг үгийг л зарчмаа болгодог доо. 
 
 
Алжаал ядаргаагаа яаж тайлдаг вэ? 
 
-Яагаад ч юм бэ, гэртээ ядарч ороод л өөрийнхөө медаль, цомыг хараад алжаал аяндаа тайлагддаг. Би зорьж тэмүүлж яваа, түүнийгээ биелүүлж чадаж байна шүү гээд л эрхгүй бодогддог, сэргэдэг. Намайг багаас дэмжсэн аав ээж, анд нөхөд, өдгөө миний амжилтын гүүр болж байгаа ангийн маань удирдлага, хамт олон, багш, дасгалжуулагч гээд олон хүний сэтгэл тэдгээр медаль, цомуудад шингэсэн байдаг болохоор тэр бүхнээс эрч хүчээ сэлбэдэг. 
 
Гэр бүлтэй болж амжсан уу? 
 
-Найз бүсгүйтэй, түүнийг минь Н.Мягмарсүрэн гэдэг. Миний маш сайн дэмжигч, зөвлөгч. Бид адилхан тулааны спортоор хичээллэдэг, 2010 оноос эхлээд л хамтдаа бэлтгэлээ хийсээр явна. АШУҮИС-ийг төгсөөд Монгол, Японы эмнэлэгт ажилладаг ч ажлынхаа хажуугаар бэлтгэлээ базааж ДАШТ-нд хоёр дахиа ороод хоёулангаас нь медаль хүртсэн мундаг тамирчин.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилтыг хүсье.
 
-Баярлалаа. Энэ ташрамд намайг үргэлж дэмжиж, өдий зэрэгтээ хүргэсэн аав ээждээ, багш дасгалжуулагчдадаа, ангийн үе үеийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. 
 
Хошууч Д.Мэндбаяр
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин