sonin.mn

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн “Сүмида-Жипро” болон “Улаанбаатар” багийн тоглолтод 54 настай Х.Оюунбилэг талбайд гарч тоглосон нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж, нэгэн дээд амжилт тогтоосон билээ. “Сүмида-Жипро”-д хүчин зүтгэдэг түүнийг өнгөрсөн жил Японы “СпоНичи” сонин, “Eurofootball” сайтад онцолж байв. Тэгвэл энэ удаад Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбоо онцолжээ. Зургаа хоногийн өмнө Японы хөлбөмбөгийн домог Казүёши Миүра 54 нас 12 хоногтойдоо лигийн тоглолтод оролцсон аж. Үүнтэй холбогдуулан тус холбооноос мэргэжлийн лигт одоо тоглож байгаа 50-иас дээш насны тоглогчдын талаар бичсэн нь энэ. Гэхдээ зөвхөн мэргэжлийн дээд лигийн тамирчдыг оруулжээ. Дээд лигийн тамирчдаас хамгийн ахмад нь Кокберн-Таун нийслэлтэй Теркс-Кайкос хэмээх Хойд Америкийн нутаг дэвсгэрт орших жижигхэн арлын дээд лигийн “Шаркс” багийн хамгаалагч Кристофер Брайан юм байна. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сард 59 нас 68 хоногтойдоо талбайд гарч, бүтэн хоёр үе тоглосон байдаг аж. Түүний хувьд 1999-2007 онд улсынхаа шигшээд тоглож байжээ.

 

 

 

Харин манай Х.Оюунбилэгийн талаар “Хандсүрэнгийн Оюунбилэг 2020 оны есдүгээр сард 54 нас 247 хоногтой байхдаа хамгаалагчийн хувиар талбайд сэлгээгээр гарсан. Уг нь тэр хаалгач ч багийн тамирчид маш олноор гэмтсэн тул хамгаалагчаар тоглосон юм. Тэр Монголын дээд лигийн “Сумида-Жипро” багт тоглодог. 1981 онд замналаа эхлүүлсэн.

 

 

 

Монголчууд түүнийг хамгийн ахмад мэргэжлийн хөлбөмбөгч гэж үзэн, Японы Миүрагаас илүү гэж тооцдог. Гэхдээ Казү Миүра 1986 онд Бразилын алдарт “Сантос”-т мэргэжлийн хөлбөмбөгч болж, 1980, 1990, 2000, 2010, 2020 он хүртэл тасралтгүй тоглосон бол Х.Оюунбилэг хоёр удаа зодог тайлаад талбайдаа эргэн ирсэн. Хоёр дахь удаагаа зодог тайлахдаа 12 жилийн дараа эргэн ирсэн юм. Тэр 1980, 1990, 2010-аад онд тоглосон тамирчин” гэж бичжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин