сонин mn

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Бүх оддын тоглолтын тов гарчээ. Энэ удаагийн тоглолтыг ирэх сарын 7-нд Атланта хотын “State Farm Arena”-д зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн байна. Өмнөх улирлуудын Бүх оддын тоглолт гурван өдөр үргэлжилдэг уламжлалтай байсан. Тэгвэл энэ жилийнхийг цар тахлын улмаас ганцхан өдөрт багтаан зохион байгуулах гэнэ. Нэг өдөр болох учраас зарим тэмцээнийг нь хасч магадгүй. NBA-ийн Бүх оддын тоглолт бол үзэгчийн тоогоороо финалын тоглолттой эн зэрэгцдэг. NBA-ийн энэ улирлын завсарлага ирэх сарын 5-10-нд үргэлжлэх бөгөөд хоёр тоглолттой улирлын хоёрдугаар хагасын хуваарь тодорхойгүй байна. Бүх оддын тоглолт мэдээж үзэгчгүй болох бөгөөд тоглогчдын хувьд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихаар болжээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд урьдчилсан байдлаар зарласан тов юм байна. Коронавирусийн цар тахлын тархалт хэрхэхээс шалтгаалж энэ сарын гурав дахь долоо хоногт эцэслэн батлах аж. Хэрвээ халдварын тархалт өндөр байвал Бүх оддын тоглолтыг цуцалж магадгүй гэнэ.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин