сонин mn
БРЮССЕЛЬ. /AP/. Европын Холбооны /ЕХ/ хууль тогтоогчид, засгийн газрууд дэлхий даяар ойн хомсдолыг даамжруулахад нөлөөлж буй бүтээгдэхүүнүүдийн импортыг хориглох тохиролцоонд мягмар гарагт хүрчээ.
 
ЕХ-ны парламент батлах ёстой энэхүү урьдчилсан тохиролцоо нь компаниудаас ЕХ-нд худалдаалж буй бүтээгдэхүүнүүдээ 2021 оны байдлаар дэлхийн хаа нэгтээ ойн хомдсол, доройтолд хүргээгүй гэдгийг нотлохыг шаардах ажээ.
 
Мөн компаниуд импортолж буй бараа бүтээгдэхүүн нь тухайн улс орны дүрэм журам, тэр дундаа хүний эрх, уугуул иргэдийг хамгаалах дүрэм журамд нийцэж байгааг батлан харуулах хэрэгтэй байна.
 
Дэлхий даяар ой мод устах аюул улам бүр нэмэгдэх болоод байгаа бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор, 1990-2020 оны хооронд 420 сая га ЕХ-ны нутаг дэвсгэрээс том талбай бүхий ой устжээ.
 
Европын парламентын Байгаль орчны асуудал эрхэлсэн хорооны дарга Паскаль Канфин 27 гишүүн орнуудын хүрсэн тохиролцоог “дэлхийд анхных” хэмээн тодотгосон байна.
 
“Хэрэв импортлогчид гарал үүсэл нь ой мод сүйдсэн газартай холбоогүй гэдгийг баримтаар нотолж чадаагүй тохиолдолд ойн хомсдолд хамгийн их нөлөөлдөг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд Европ үүд хаалгаа хаах болно” гэж тэрбээр хэлээд, үүнд бидний өглөө бүр уудаг кофе, иддэг шоколад, мах шарахдаа хэрэглэдэг нүүрс, номын хуудасны цаас багтаж байгааг дурджээ.
 
Өнгөрсөн онд дэлхийн 100 гаруй улс орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоо амласан билээ. Ургах явцдаа нүүрсхүчлийн хийг шингээдэг тул ой мод нь агаар мандлаас хүлэмжийн хийг арилгах ач холбогдолтой байгалийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг