sonin.mn
ПАРИС. /NHK/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар ням гарагт утсаар ярих үеэрээ Украины “Запорожье” атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах талаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадаагүй байна. Францын Ерөнхийлөгчийн ажлын албаны мэдээлснээр, Э.Макрон станц эрсдэлд ороод буй шалтгааныг Оросын цэргүүдэд эзлэгдсэнтэй холбоотой гэдгийг онцлоод, хүнд, хөнгөн зэвсгүүдээ станцаас гаргаж, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ зөвлөмжийг дагаж мөрдөхийг шаарджээ.
 
 
Харин Оросын төрийн тэргүүний ажлын албаны мэдэгдэлд дурдсанаар, В.Путин “станцын байгууламжуудад үйлдэж буй Украины удаа дараагийн халдлага”, түүнчлэн цацраг идэвхт хаягдлын хадгалалт нь “сүйрлийн үр дагавар”-т хүргэж болзошгүй гэж Э.Макронтой ярих үеэрээ хэлсэн байна. Талуудын аль аль нь МАГАТЭ-гийн  оролцоотойгоор “улстөржөөгүй” харилцааг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Кремль мэдээлжээ.
 
 
“Э.Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гросси нартай үргэлжлүүлэн холбоотой байж, Путинтэй энэ асуудлаар ойрын өдрүүдэд дахин ярилцана гэж Францын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэн байна. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг