sonin.mn
Баасан гарагийн чуулганаар “Журам батлах тухай” Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэг заалтад гишүүд шүүмжлэлтэй хандав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд ИТХ-ын  төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт нэг мөр хангагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй гэж төсөл санаачлагчид танилцуулав.
 
Гишүүдийн зүгээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурлын сонгуулийн нэг тойргийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, хамтын санал гарган тухайн тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах асуудлыг санаачлах эрхтэй гэж тусгасан асуудлыг илүүтэй хөндөж, дэмжсэн дэмжээгүй байр суурийг илэрхийлэв.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах босго тогтоовол орон нутагт эцэс төгсгөлгүй улстөржилт, маргаан үүсэх, төлөөлөгчдийг байсхийгээд татдаг нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн бол  гишүүн Ц.Туваан “Хурлын төлөөлөгчийг эгүүлэх татах тухай журам нь цаашлаад бүтэн дөрвөн жил сонгууль үргэлжлэх сөрөг үр дагавар үүсгэх, улмаар улс, орон нутгийн төсөв тэдгээр олон сонгуулийн зардал, хүн хүчийг гаргаж дийлэхгүй нөхцөл байдал үүсэх тул тогтоолд тусгасан эхний хоёр журмыг буцаая” гэсэн саналтай байлаа.
 
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “Гишүүдийн эргэлзээ, болгоомжлолтой санал нэг байна. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Их Хурлын гишүүний л эгүүлэн татах асуудлыг хөндсөн. Гэхдээ энэ нь Хурлын төлөөлөгчдөд хамаарах асуудал байхгүй. 2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд "Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар төлөөлөгчийг эгүүлэн татна. Эгүүлэн татах журмыг Улсын Их Хурал батална" гэж заасан. Журамдаа сонгогчийн 10 хувь санал гаргавал эгүүлэн татах асуудлыг хөндөж эхэлнэ. Улмаар сонгогчдын олонх нь дэмжвэл эгүүлэн татна. Сонгогчийн тал хувь нь эгүүлэн татахад оролцоогүй бол төлөөлөгчийн эгүүлэн татаагүйд тооцно гэж тусгасан” гэж тайлбарлалаа. Ингээд “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэнээр  тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин