sonin.mn
2022 оны 1-р сарын 3-наас эхлэн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар татан буугдаж, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
 
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 1-р сарын 6-нд болсон хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан юм. Тодруулбал Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.
 
Мөн уг хуралдаанаар  Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга асан Б.Болор-Эрдэнийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Энэ нь нийгэмд төдийгүй сошиал орчинд ихээхэн хэл ам дагуулж буй нь нууц биш.
 
Тэгвэл энэ нь түр томилгоо бөгөөд тун удахгүй уг яамны сайд болоод Төрийн Нарийн Бичгийн Даргыг томилох аж. Харин Б.Болор-Эрдэнэ Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны сайд ба Төрийн Нарийн Бичгийн Даргын албан тушаалын алинд ч очихгүй гэдгээ МАН-ын удирдлагуудад хэлжээ. Тэрээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, “E-Mongolia академи” ТӨҮГ-ын даргаар ажиллах юм байна.
 
Э.Мягмар