sonin.mn
КАИР. /RAI Novosti/. 10 жилийн өмнө босогчдын гарт амиа алдсан Ливийн удирдагч Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам Каддафи ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай тус улсын "al-Marsad" сонин ням гарагт мэдээлжээ.
Ливийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх 12 дугаар сарын сүүлчээр болох ёстой юм.
Тус сонинд мэдээлснээр, тэрбээр Ливийн баруун өмнөд хэсэгт орших Сабха хот дахь Сонгуулийн дээд хорооны салбарт бичиг баримтаа өгчээ.
Ливийн удирдагч агсны хүүгийн төлөөлөгчид түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгааг 2020 оны хавар мэдэгдсэн юм.
 
 
 
НҮБ-ын ивээл дор зохион байгуулсан Ливийн улс төрийн яриа хэлэлцээний чуулга уулзалm хоёрдугаар сарын эхээр Женевт болж, 12 дугаар сарын 24-нд болох бүх нийтийн сонгууль хүртэл Ливийн шилжилтийн үеийн гүйцэтгэх засаглалыг сонгожээ.
 
 
 
Өдгөө 49 настай Сейф-аль-Ислам эцгийнхээ ойрын хүрээлэлд багтдаг байсан бөгөөд олон нийттэй харилцах, дипломат харилцааг голлон анхаардаг байжээ. Нэгэн цагт тэрбээр албан ёсны албан тушаалд суух эцгийнхээ саналыг ил тод няцааж байсан ч үнэндээ Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан юм.
Ливийн удирдагчийг түлхэн унагах хүртэл тэрбээр эцгийнхээ залгамжлагчаар нэрлэгдэж байв. Сейф аль-Ислам Каддафи 2011 онд эцгийнх нь эсрэг гарсан бослогыг дарахад шууд оролцсон юм. Гааг дахь Олон улсын шүүх түүнийг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах шийдвэр гаргасан хэвээр байгаа юм.
2011 онд босогчид Каддафиг болон түүний хүү Муатасемыг хөнөөсөн билээ. Каддафийн өөр нэг хүү Хамис нь Триполиг бөмбөгдөх үеэр амиа алджээ. Каддафийн хамгийн үнэнч хамтрагчдын нэгд тооцогддог Сейф-аль-Ислам баригдаж, Ливийн шоронд 2017 оны долоодугаар сар хүртэл хоригджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг