sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.
Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
 
Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах,  цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
 
 
 “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ  төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ үеэр :  "Хятад, Монгол Улс нь уул усаараа залгаа найрсаг хөршүүд. Хоёр орны харилцаа хөгжлийн эрчээ хадгалж байна. Цар тахал гарснаас хойш хоёр орон халдвартай хамтран тэмцэж, "хонь болон цайны бэлэг харилцан солилцсон" сэтгэлд хоногшсон түүхийг бүтээж, хоёр орны ард иргэдийн найрамдлыг бэхжүүлсэн билээ. Хятадын тал Монголын талд халдвартай тэмцэхэд нь чадлынхаа хэрээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Монголын хамтын ашиг сонирхол нь улам өргөжиж байна.
 
Хоёр тал өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, хоёр орны ард иргэдийн бие дааж сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэн, өөрсдийн үндсэн ашиг сонирхол болон санаа тавьж байгаа асуудлуудад харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулахыг хүсэж байна.
 
Хоёр тал хөршийн давуу талаа ашиглан, "Бүс ба зам" санаачилга болон "Талын зам" санаачилгыг харилцан холбож, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, экологийн орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Хятадын тал цаашид Монголын ашигт малтмал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түлхүү импортлоход бэлэн байна. Хятадын тал Монголын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон ургальч үзлийг жинхэнэ утгаар нь баримталж, харилцан хүндэтгэсэн, тэгш шударга, хамтран ажиллаж хамтдаа хөгжих шинэ хэлбэрийн олон улсын харилцааг дэмжин ажиллахад бэлэн байна" гэжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Өнгөрсөн зуун жилийн турш ХКН-аар удирдуулсан Хятадын ард түмэн олон гайхалтай амжилтад хүрсэн. Ялангуяа Ши Жиньпин даргын удирдлагаар Хятад улс ядуурлаас салах  тэмцэлд ялалт байгуулж, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж чадсан. Хятад Улс цаашид хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэх шинэ замналдаа ч амжилт гаргана гэдэгт итгэж байна. Цар тахлын нөхцөл байдалд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжлийн эрчээ хадгалж байна.
 
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монгол улс хүнд хэцүү байхад Хятадын талын үзүүлсэн үнэтэй дэмжлэгт Монголын тал чин сэтгэлээсээ талархаж байна.
 
Хятадын эрчтэй хөгжил нь Монгол улсад чухал боломж олгож, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно. Монголын тал Хятадын талтай нягт харилцаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэн, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулан, олон талт харилцааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна" гэжээ.