sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.
 
МАХН-ын ээлжит бус чуулган болж өндөрлөлөө. Энэ чуулганд оролцож буй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
Одоогоос 10 жилийн өмнө МАН, МАХН гэсэн үүх түүх нэгтэй, үзэл баримтлал нэгтэй намууд хоёр тусдаа үйл ажиллагаа явуулахаар болсон. Яагаад хоёр тусдаа үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан нь МАНАН хэмээх улстөрийн үзэгдэл бий болсонтой холбоотой. МАНАН гэх энэ үзэгдэл нь байгалийн баялгийг ард түмнээс булаасан, хууль шүүхийн байгууллагыг шударга бус болгосон, эдийн засгийн харилцааг тусгай зөвшөөрлийн эдийн засаг болгож, баялаг бүтээдэггүй, харин ч байгаа баялгаа сорж амьдардаг бүтцийг бий болсон учраас МАХН-ынхан бид үүнд шүүмжлэлтэй хандаж, тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. Энэ хугацаанд МАНАН гэдэг үзэгдэл үнэхээр хор хохиролтой юм байна гэдгийг нийгэм даяараа ойлголоо, ард түмэн минь ойлголоо. МАНАН гэдэг энэ үзэгдэл дахин гарч ирж болохгүй, эдийн засгийн харилцаанд ноёлж болохгүй, нийгмийн харилцаанд байж болохгүй гэж ойлгосон. Үүнийг МАН-ын удирдлагууд ч ойлгосон. Тийм учраас ч МАНАН-тай тэмцэх тэмцэл улс орон даяар өрнөсөн. Энэ тэмцэл эхлээд явж байгаа, хараахан дуусаагүй л байна. Тийм учраас үүний хор хохирлыг ойлгосон улстөрийн хүчнүүд үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага байгаа. Иймээс МАН, 100 жилийн түүхтэй, нэг үүх түүхтэй, үзэл баримтлал нэгтэй МАН, МАХН үйл ажиллагаагаа нэгтгэн, энэ айхтар үзэгдэлтэй идэвхитэй тэмцэж, сайн үр дүн авчрахаас өөр арга байхгүй гэж үзсэн юм. Тэр дундаа Монголд улстөрийн хүчин байгуулагдсан 100 жилийн ойгоор өвөг дээдсийнхээ байгуулсан гавьяаг хүндэтгэж, залуучуудынхаа амьдралын ирээдүйн гэрэл, гэгээг нээж, нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Намын удирдлагууд ийм байр суурьтай байсан хэдий ч хамгийн гол нь намын анхан шатны байгууллагууд нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн нь чухал.
 
МАХН, МАН-ын онцлог нь анхан шатны байгууллагуудынхаа саналыг маш сайн сонсдог. Тийм учраас хэлэлцүүлэг явуулаад, уг хэлэлцүүлгээр хоёр намын анхан шатны байгууллагууд, гишүүд маань дэмжсэн учраас МАХН, МАН нэгдэх шийдвэрийг гаргаж байна. 
 
Хоёрдугаарт уг шийдвэрийг юуны төлөө гаргаж байгаа юм бэ? гэдэгт хариулахаас өөр аргагүй. Уг шийдвэрт албан тушаалын наймаа огт байхгүй. МАНАН гэдэг үзэгдлийг улстөрөөс шахан зайлуулах, эдийн засгийн харилцаанаас шахан зайлуулах, хууль шүүхийн байгууллагаас чөлөөлөх ийм тэмцлийн төлөө МАХН, МАН нэгдэж байгаа юм. МАНАН-г зайлуулна гэдэг нь нэг хоёр хүнийг чөлөөлж, муулаад, нэр хүндэд нь халдсан төдийгөөр амжилттай болохгүй. Өнөөдрийн гаж тогтолцоог засан, сонгодог парламентын засаглалыг бий болгон байж МАНАН-г зайлуулна гэж үзэж байгаа. Байгалийн баялгыг ард түмний өмч болгож тогтоох, мөн “Мянганы төмөр зам” гэх мэт дэд бүтцийн том асуудлуудыг шийдэх нь зүйтэй. Залуучуудынхаа ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын тулд боловсрол гэсэн маш чухал зэвсгийг гарт нь атгуулах ёстой. Тийм учраас боловсролын тогтолцоог засаж, үе шаттайгаар төрийн өмчийн их дээд сургуульд төрийн дэмжлэгтэйгээр сурдаг ийм тогтолцоо руу шилжинэ. Энэ ковидын үед эрүүл мэндийн асуудал маш чухал юм байна гэдгийг ард иргэд маань ойлгосон. МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэхийн тулд эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарч, төрийн өмчийн эмнэлэгт үйлчлүүлж, эмчлүүлж байгаа иргэдийн зардлыг төр нь хариуцдаг байх ёстой гэсэн байр суурийг баримтлаж байна.
 
 
 
Мөн МАНАН гэдэг үзэгдэл төр засгийн байгууллагуудын зөрчил дээр оршин тогтнодог. Тийм учраас төр засгийн байгууллагуудыг эв нэгдлийн зарчмаар ажиллуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжин, ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн институцийг, УИХ, Засгийн Газрын институцтэй эв нэгдлийн зарчмаар ажиллуулж гэмээн миний өмнө дурьдсан том ажлуудыг өрнүүлэх боломж нээгдэнэ. Бидний эхлүүлсэн энэ ажил ард түмний эрх ашигт бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
 
 
 
 
МАН, МАХН нэгдэх хэлэлцээрийн нэг чухал тохиролцоо нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал. МАХН-аас санаачилж, хэлэлцүүлж байсан “Шинэ Дээд Үндсэн Хууль”-аас тодорхой заалтууд нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд орох уу? Эсвэл өөрчлөгдөх үү? 
 
МАН, МАХН өнөөдрийн улстөр, нийгэм, эдийн засгийн хямралтай байдлыг оношлохдоо ижил байр суурь баримтлаж байгаа. Энэ нь нэг хоёр хүнээс, нэг хоёр намаас шалтгаалсан хямрал биш. Харин гаж тогтолцооноос үүдэлтэй хямрал гэж дүгнэж байгаа. Энэ гаж тогтолцоог засах, энэ гаж тогтолцооноос гарах хамгийн зөв арга бол Үндсэн хуулиа шинэчлэх гэж үзсэн.
 
МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв болов уу? гэж үзэж байсан л даа. Гэвч МАН-ын зүгээс сонгодог парламентийн зарчмаар явья гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ингээд хоёр нам олон талаас нь ярьж байгаад 1992 оны Үндсэн хуулиар олон намууд парламентын засаглалаар явах нь зүйтэй гэж үзсэн учраас МАХН ч мөн энэ асуудалд уужим сэтгэлээр хандаж, хамтын ажиллагаа, эв нэгдлээ хүндэтгэн, сонгодог парламентын засаглалын төлөө Шинэ Үндсэн Хууль хийе гэдэг байр суурь дээр тохирсон. Үүнд мэдээж байгалийн баялгаа ард түмний өмч болгох асуудал орсон. Үүнийг МАХН түлхүү ярьсан. МАН ч үүнийг зөвшөөрч, дэмжиж байгаа. Шинэ Үндсэн Хуульд энэ зарчим багтана гэж бодож байна. Гуравдугаарт өнөөдрийн улстөр, нийгмийн тогтолцоо бол зүүн төвийн үзэл баримтлалыг хүсэмжилсэн байдалтай байна. Өнгөрсөн 30 жилийн турш баруун төвийн үзэл ноёлсон, бүр давамгайлсан 30 жилийг өнгөрөөсөн. Үүнээс болоод, мөнгөгүй учраас залуучууд маань боловсролын үйлчилгээ авч чадахгүй, иргэд маань эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, хувийн хэвшлийнхэн маань чадсан нь хождог гэсэн бусармаг философид тулгуурлаж, олонхи нь дампуурдаг, хүнд хэцүү нөхцөл байдалтай амьдарсаар ирлээ. Эдийн засгийн харилцаа маань баялаг бүтээдэг биш, байгаа баялгаа сордог, тусгай зөвшөөрлийг эрж хайдаг, тусгай зөвшөөрөлтэй нь хождог, тусгай зөвшөөрөлгүй нь хохирдог болсон. Ийм гаж тогтолцоог засаж, зүүн төвийн үзэл баримтлал дээр тулгуурласан, нийгмийн шударга харилцааг бий болгохын тулд Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. МАН-тайгаа хамтарсан учраас энэ ажил маань амжилттай болох байх гэж найдаж байна. 
 
МАН, МАХН нэгдсэнээр иргэдийн амьдралд, ахуйд нь ямар бодит өөрчлөлт гарна гэж үзэж байгаа вэ?
 
МАН, МАХН нэгдэж, дээр дурьдсан зорилгуудын төлөө хамтран зүтгэснээр иргэдэд маш ээлтэй, ялангуяа залуучуудад ээлтэй өөрчлөлтүүд гарах болов уу? гэж хүсэн хүлээж байгаа. Жишээлбэл залуучууд төрийн өмчийн сургуульд суралцахад нь төлбөрийг нь төрөөс хариуцдаг тогтолцоо руу үе шаттайгаар шилжинэ. Мөн төрийн өмчийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх, эмчлүүлэх тохиолдолд эмчилгээний зардлыг нь төрөөс хариуцдаг тогтолцоо руу үе шаттайгаар шилжих болов уу? гэж бодож байна.
 
 
 
Хэний ч оролцоогүйгээр бий болсон байгалийн баялгыг хэн нэгэн хүн, компани хувьдаа өмчилж авдаг буруу тогтолцоог засаж, нийт ард түмний өмч болгон, эдийн засгийн эргэлтэнд оруулсны үр дүнд гарч ирсэн үр ашгийг хүн бүрт хүртээмжтэй байх байдлаар засна гэж бодож байгаа. Энэ мэтээр асуудлуудыг цогцоор нь шийдэж чадвал Монгол Улсын иргэн бүрт хүртээмжтэй өөрчлөлтүүд гарна.
 
 
 
Ойрын 30 жилд ийм нийгэм эдийн засаг, улстөрийн шинэчлэлүүд явагдаж, энэ 30 жилийн хугацаанд Монгол Улс маань дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд орох боломжтой гэж бид үзэж байгаа юм.
 
10 жилийн турш хамтдаа зүтгэн, тэмцэж ирсэн МАХН-ын нийт гишүүд, дэмжигчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?
 
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАХН-ын гишүүд маань 52,000 болж өслөө. Монголын гурван том намын нэг болсон байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2028 оноос эхлэн аль нэгэн намын гишүүд нийт хүн амын 1 хувиас доошгүй байхаар тогтоосон байгаа. Тэр утгаараа аливаа намын гишүүдийн тоо 24,000-аас доошгүй байж үйл ажиллагаа явуулах бололцоотой болно гэсэн үг. МАХН-ын гишүүдийн тоо 52,000, мөн үзэл баримтлал, орон нутгийн бүтэц гээд бүх талаараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой хэдий ч өөрсдийн явцуу эрх ашгийг бодолгүй, үүх түүх, угшил нэгтэй, үзэл баримтлал нэгтэй МАН-тайгаа нэгдэж, дээр дурьдсан том асуудлуудыг хамтран хэрэгжүүлье, хүчээ нэгтгэж, эв нэгдлийн зарчимд нийцүүлэн, Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэе гэж ухамсартай сонголтыг хийж байгаа юм.
 
МАН, МАХН нэгдэх асуудлыг ч гэсэн намын гишүүд маань, анхан шатны байгууллагууд маань гаргасан, шийдсэн. Тэгэхээр гишүүд маань ч амиа боддоггүй, ухамсартай гэдэг нь харагдаж байгаа байх. Өнгөрсөн 10 жилд гишүүд маань хэрсүүжсэн, хатуужсан. Сэтгэлийн тэнхээ суусан. Ухаан санаа нь тэлсэн, улс оронд тулгарсан асуудлыг шийдэх гарцыг олж харсан. Ийм мундаг гишүүд маань МАН-тайгаа хамтраад улс орныхоо төлөө энэ сайхан шинж чанараа дайчлах бүрэн бололцоотой гэж үзэж байна. МАХН-ын гишүүддээ баярлалаа. Та бүхнийхээ цаашдын үйл ажиллагаанд, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэж байна. 
 
Ярианыхаа төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл байвал микрофон нээлттэй?
 
 
МАН, МАХН нэгдэнэ гэдэг нь их ухамсартай гаргаж байгаа шийдвэр. Амиа бодолгүй, бусдынхаа төлөө сэтгэл санаа зовсон хүмүүсийн гаргаж байгаа ухаалаг шийдвэр. Монгол хүн ухаантай, эв нэгдлийг эрхэмлэдэг, алсын хараатай гэдгийг баталсан шийдвэр. Энэ бол зөвхөн МАХН, МАН-д хамаатай биш, нийт Монголчуудад үлгэр дуурайлал болсон байх гэж бодож байна. Та бүхэн маань МАХН, МАН-ын гишүүдээс үлгэр дуурайлал аваарай, эв нэгдлийн зарчмаар амьдралаа төвхнүүлээрэй, сайн сайхан зүйлийг олж харж, дэмжиж, идэвхитэй хамтран ажиллаарай гэж нийт Монголчууддаа хандан хүсэж байна.
 
Баярлалаа.
 
 
 
М.Чойжал