сонин mn
УИХ, Засгийн Газрын гишүүн, Монгол Ардын Намын Даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа аж. Уг номын хэсгээс цувралаар нийтэлж байна.
 
“Ардын эрх” сонинд сурвалжлагч байх үеэс би тэр хүнийг таньдаг байсан. Нэг удаа түүнтэй ярилцлага хийгээд сонинд хэвлүүлэхийнхээ өмнө гар нооргоо өөрт нь үзүүлсэн. Хэвлүүлэхийн өмнө заавал үзүүлэхийг П.Дамдин дарга хүссэн юм л даа. Ажил нь зогсчихоод байсан “Чингис” зочид буудлын барилгыг дуусгах үүрэг авч хэрхэн ажилласан талаар голлон ярьсан санагддаг. Би ярилцлагаа “Заазуур П.Дамдинг зөв ажилд тавьжээ” гээд гарчигласан байв. Маргааш өглөө нь П.Дамдин дарга өнөөх нооргийг маань барьчихсан нилээн сүртэй орж ирснээ:
-“Хүү минь, чи юун заазуур маазуур гэж бичээд байна. Хүнд хамаагүй нэр, хоч өгч болохгүй шүү” гэв. 
-Таныг би бурууд хатуу, дутагдалтай эвлэрдэггүй, хатуу шаардлагатай хүн тул Төв хорооныхон “Заазуур” гэдэг байсан гэж сонссон. Тэгээд л .... гэтэл 
-“Тэр чинь өөр Дамдин байхгүй юу. Завханы Дамдин гэж байсан юм” гэж тайлбарлав.
-За би ойлголоо. Алдаагаа засъя гээд гарчгийг өөрчилсөн.
 
1994 онд Аж үйлдвэрийн Комбинат байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан том хүлээн авалт “Улаанбаатар” ресторанд болоход би сурвалжлахаар очсон. Тэнд тухайн үеийн томчуул бүгд байсан санагдана. Гэтэл гол зочид болсон хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, төрийн соёрхолтнууд, ударникууд тэргүүлсэн 300 гаруй ахмад настан бүгд босч маш урт дараалал үүсгэн П.Дамдин гуай дээр очиж золгохыг нь хараад ажилчин ангийнхны дунд аргагүй нэр хүндтэй хүн юм байна гэдгийг ойлгосон билээ. 
 
 
 
1998 онд П.Дамдин гуайг Бээжингийн “Найрамдал” эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон. Бие нь маш хүнд байгаа бололтой, юм ярьж чадахгүй, жижиг самбар дээр гар нь чичирхийлэн байж “Их баярлалаа” гэсэн 2 үг л бичсэн. Дахиад уулзахгүй юм байна даа гэсэн бодол надад төрсөн, Дамдин гуай ч бас тэгж бодсон юм билээ. Хожим энэ тухай ярьсан. Хятад эмч нарын буянаар Дамдин гуай босоод ирсэн.
 
 
 
Түүнээс хойш бид үе үе уулздаг байв. Сүүлчийн уулзалтуудыг яагаад ч юм бэ Ө.Дорждэрэм гуай зохион байгуулсан санагдана. 
Дамдин гуай бодсоноо шууд, заримдаа бүр хатуухан хэлнэ. Нэг удаа МАН-ын удирдлагууд намын баярыг тохиолдуулан өмнө нь хариуцлагатай ажил хийж байсан хэсэг ахмадыг үдийн хоолонд урьж саналыг сонсов. Хүмүүс ихэвчлэн талархсанаа хэлж, дарга нарт амжилт хүсч байв. Гэтэл П.Дамдин гуай гэнэт “Би нэг зүйлийг ойлгохоо байлаа. Манай нам, төрийн удирдлагууд нэг л их шашин, шүтлэг ярьсан, уул овоо тахисан, Гандан, сүм хийдэд мөргөл хийсэн хүмүүс болж. Улсын өч төчнөөн хөрөнгийг элдэв бурхан, суварга босгоход зарцуулж байна. Хайран хөрөнгө. Тийм ч бурхан шидтэй, хүчтэй гээд л том шавар зуурч тавьчхаад бүгдээрээ духаа цоортол мөргөж байна. Мөргөхөд мэлмий нээгддэг ч гэх шиг. Тийм л юм бол аль хэдийн төрийн мэлмий нэвт нээгдээд Монгол Улс тасраад хөгжчихгүй яасан юм. Балба, Бутаны араас явах гээд байгаа юм уу. Эрдэм мэдлэг, авьяас чадвар, ажлын туршлага, нэр хүндээр бусдыг дагуулдаг болохоос мухар сүсгээр удирддаггүй юм” гэхчлэн ярьж сүүлдээ бүр бухимдах маягтай болов. Хүмүүс хариу юу ч хэлсэнгүй, дарга нар ч арга хэмжээгээ өндөрлөх нь зүйтэй гэж үзсэн бололтой, жижиг бэлэг дурсгалын зүйл бүгдэд нь гардуулав. Уулзалт үндсэндээ П.Дамдин гуайн үгээр өндөрлөв. 
 
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсных нь дараахан бас нэг удаа уулзав. Энэ нь бид хоёрын сүүлчийн уулзалт байв. Тэр үед нэг сонин зүйл ярив. Тэрбээр: 1990 оны эхээр ардчилсан хүчнийхэн Сүхбаатарын талбай дээр “Улс төрийн товчоо огцор” гэж суулт, өлсгөлөн жагсаал хийж байсан шүү дээ. Тэгсэн нэг өдөр жагсагчид шаардлагаа гэнэт өөрчилж “Ж.Батмөнхийг дэмжье” гэсэн лоозон бариад жагсаж эхлэв. Их гайхав. Удалгүй Төв хорооны бүгд хурал боллоо. Шийдвэрийн төслийг тараасан байв. Бүгд хурлын гишүүд ямар шийдвэр гаргах гэж байгааг урьдчилаад мэдсэн учир ерөнхийдөө идэвх муутай, хайнгадуу байв. Гэтэл С.Удвал гуай “Алив, би нэг үг хэлье” гээд босоод ирэв. Хүмүүс С.Удвал гуайг хүндэтгэдэг учир үгийг нь их анхаарч сонсов. С.Удвал гуай “За байз, бүгд хурлын шийдвэрийн төсөлтэй танилцлаа. Улс төрийн товчооны гишүүд, орлогч гишүүд огцорно гэжээ. За тийм байдаг байж. Улс төрийн товчоо гэдэг байгууллага байхгүй болох юм байна. Гэтэл энд нэг сонин юм байна. Сайд нарын зөвлөлийнхөн яах юм бэ?, Ажлаа хийгээд үлдэх юм уу? Эсхүл жагсагчидтай тохирсон юм уу? Огцорвол бүгдээрээ явах ёстой биш үү. Нам талаа золиосонд гаргаад Ардын Их хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийнхөн үлдэх гэж байна уу” гэв. Гишүүд бүгд сэрсэн юм шиг төслийг сүрхий уншицгаав. “Нээрээ тийм байна” гээд шийдвэрт өөрчлөлт оруулж байсан. Нам буух нь тодорхой учир ядахдаа Ардын Их хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлөө хэсэг зуур ч гэсэн аваад үлдэе гэсэн бодол Ж.Батмөнх даргад байсан юм болов уу гэж ярив. Би энэ тухай тодруулахаар Б.Даш-Ёндон даргаас асуув. Б.Даш-Ёндон дарга “би сайн санахгүй байна. Лав л улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай нэг бүгд хурал дээр “Та нар нэг хэсэг нөхдөө зайлуулаад, зарим нь үлдэнэ гэж байхгүй шүү” гэж хэлж байсныг санаж байна гэв. За нэг ийм тэмдэглэл надад үлджээ. 
 
 
Үргэлжлэл бий...
 
Өлзийсайханы Энхтүвшин