sonin.mn
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн юм. Эцсийн шийд гараагүй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Ардын Хувьсгалт Намын дарга Н.Энхбаяр: “Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу УИХ-д суудалтай нам, эвсэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. 
 
Бид УИХ-д байгаа 62 суудалтай байгаа нөхөдтэйгээ буюу МАН-тай  угсаа гарал, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй.
 
Тиймээс энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН өрсөлдөхийн төлөө биш эвлэлдэх байр суурь баримталж оролцоно. Нэг нам болохоор зорьж байж, нөгөө намтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг утгагүй зүйл. Бидэнд нэр дэвшүүлэх бололцоо байгаа хэдий  ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодож МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцоно.
Манай МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд сайн нэр дэвшигч байна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Гэхдээ бид энэ асуудлаар түүнтэй ний нуугүй ярилцсан. "С.Ганбаатар минь чи бид хоёр Оюутолгойг өөрчилье, Дубайн гэрээг хүчингүй болгоё, байгалийн баялгийг ард түмэндээ өгье" гэж байгаа. Бид яг энэ ажлыг бодитой хийж чадах УИХ-д 62 суудалтай намтай хамраад хийх боломж байсаар байтал заавал ямар нэг хүнд замаар явж эдэнтэйгээ сөргөлдөж, хоорондоо хагаралдаж явах нь утгагүй. Ингэж амьдралаа төдийгүй тодорхой цаг хугацааг үрэн таран хийж болохгүй гэж сайн ярилцсан. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар  маань ч ойлгосон гэж найдаж байна.
Иймээс дахин хэлье, МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэн нэр дэвшинэ, тэр хүнийг Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгуулахын төлөө МАХН  хамтран ажиллана” гэв.
 
Ч.Явуухүү