sonin.mn
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны сургаар хөл хорионы үед жагсаж цугласан иргэдээс өнөөдөр бараа ч алга байв. Учир нь Ерөнхийлөгчийн талынхан Цэцээс гарах шийдвэрийг урьдаас мэдсэн учраас ийнхүү жагсагчдыг цуглуулаагүй  гэдгийг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.
Үнэхээр ч Х.Баттулга ба өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр товлогдсон байтал өчигдөр  маш олон иргэн Цэцийн байрны гадаа  жагсаж цугласан.   
Тэнд цугласан иргэд “Сэтгэлийн дуудлагаар ирсэн” хэмээн тайлбарлаж байсан ч тэдний итгэл үнэмшил ганцхан өдрийн настай байсан бололтой. Яг шийдвэр гаргах өдөр  ганц нь ч үзэгдээгүйгээс харвал Цэцийн шийдвэрийг урьдчилан мэдсэн учраас иргэдийг цуглуулаагүй нь батлагдаж байгаа юм. 
Үүний баталгаа нь урьдаас төлөвлөсөн жагсаал цуглаантай холбоотой мэдээлэл, хандлагаас шууд харагдана. Тухайлбал, АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал, цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд цахим орчинд тархсан. Улмаар уг мэдээлэл энэ сарын 15-нд буюу өчигдөр батлагдаж, иргэд Цэцийн байрны гадаа жагсаж цугласан явдал.
 
Түүнчлэн өнөөдөр өглөөний хуралдаанаар Цэцэд гомдол гаргасан иргэдэд ямар ч мэдээлэл өгөлгүйгээр Цэцийн байрнаас гаргасан атал нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш тодорхой мэдээлэл гаргасан төдийгүй Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүх талын мэдээллийг авчихсан, хэвлэлд ярилцлага өгөөд зогсож байсан зэрэг нь бүх зүйл төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар үргэлжилж байгааг илтгэж орхив. 
 
Энэ тухайд өнөөдрийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Т.Доржханд:  “Ерөнхийлөгч эрх мэдлээ хамгаалахын тулд Цэцэд яаж нөлөөлж болдгийг бүх  талаар харуулж байна. 
Өнөөдрийн хуралдаанд  нэг гишүүн оролцох боломжгүй гэснээр хойшлуулж байх шиг  байна. Бүрэлдэхүүний талаарх мэдээллийг хүртэл бидэнд өгсөнгүй. Ингээд бид дөнгөж гарч иртэл Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч гээд байгаа нөхөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд явж байгааг гайхаж байна.Бид дотор нь орж суугаад анхны эх сурвалжаас мэдээлэл авах гэтэл юу ч хэлэхгүй байгаа юм. Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн талынхан биднээс илүү мэдээлэлтэй хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд зогсож байгааг харахад  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арай хэтэрхий нөлөөлж байна. 
Өөрийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд Цэцэд яаж нөлөөлж болдог юм бэ гэдгийг байж болох бүх утгаар нь харуулж байна. Нөлөөлж байгаагийн ганцхан жишээ нь өчигдөр баахан хүмүүс жагсаал цуглаан хийгээд байсан.Гэтэл өнөөдөр нэг ч хүн байхгүй  байгаа нь  хурал анхнаасаа төлөвлөгдчихсөн, Цэцээс ямар шийдвэр гарахыг мэдчихсэн учраас жагсаж цуглахгүй алга болчихож байна.Ийм байдлаар, ийм тоглоомын байдлаар өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд Цэцэд нөлөөлдөг байдлаараа явж ерөөсөө болохгүй.  Дээр нь  гараа тавьж байгаад Ерөнхийлөгчийн  тангараг өргөсөн Үндсэн хуулийнхаа дээгүүр давж  алхаад  байна. 
 
 
 
 
Монгол Улсад хуулийн засаглал ялах ёстой юм уу хувь хүн ялах ёстой юм уу гэдэгт цэг тавих ёстой” гэсэн бол хуульч Д.Үүрцайх  “Өнөөдрийн хуралдааныг хойшлуулах асуудлыг урьдчилан ярьж хэлэлцээд зохион байгуулчихжээ. Тухайлбал, хэргийн оролцогчид бид ямар ч мэдээлэлгүй байхад цахим сайтад бүх мэдээлэл нь гарчихсан, Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ц.Нанзаддорж гишүүн татгалзаад гарлаа” гэж яриад зогсож байгаа нь нөгөө талынхан илэрхий нөлөөлж байгаагийн илрэл.
 
 
 
 
Бодвол татгалзаж гарна гэдгээ урьдчилж ярилцаад очсон учраас л ингэж ярьж байгаа байлгүй дээ. Хурал эхлэнгүүт  татгалзана гэдгийг өөрөөс нь өөр хүн мэдээгүй байх ёстой атал Ерөнхийлөгчийн төлөөлөгч хуралдаан дуусаагүй байхад яриад зогсож байна үү дээ.Төрийн тэргүүн ба түүний талынхан Цэцэд нөлөөлөөд байна. Өнөөдрийн хуралдааныг ярьж тохиролцож байгаад хойшлуулчихлаа” гэлээ. 
 
Ч.Явуухүү