сонин mn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулсан мэндчилгээг хүргэж байна.
 
Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа,
Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Өдгөөгөөс 100 жилийн тэртээ, Ази тивийн анхны улс төрийн хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан нь улс орноо сэргэн мандлын зам руу хөтөлсөн нэгэн зууны гайхамшигт түүхийн эхлэл болсон билээ.
Ууган улс төрийн хүчний унаган үзэл баримтлал, сонгож авсан зам нь ардчилсан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс байсан нь сэвтэж бүдгэрсэн түүхийн хуудаснаас илрэн тодорсоор байна.
 
Тухайлбал, 1920 оны эхээр Хувьсгалт нууц бүлгүүдээс гаргасан ухуулах хуудас, Ардын Намыг байгуулсны дараа баталсан “Тангаргын бичиг”-т ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангаж, бүгд найрамдах засгийг сонгох ёстойг тов тодорхой өгүүлсэн байна.   
 
1922 оны 5-р сард Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах комисст өгсөн удирдамждаа “Үндсэн хуулийг ардын эрхт, хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэсэн байдаг.
1924 оны Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарласан. Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчилсан. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг өрнө, дорно дахинд анх удаа олгосон юм.
Анхдугаар Үндсэн хууль “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хурал юм.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.
1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно.
Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно.
Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог,  сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна.    
 
Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна.
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” Эрх зүйн хувьсгал хийж, ард түмэнтэйгээ хамтран Зөвлөлдөх ардчиллын зарчмаар хууль баталдаг Цахим парламент болох, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод улс төрийн намыг төлөвшүүлэх зэрэг УИХ-ын эрхэм зорилго чухамхүү үүнд чиглэж байгаа билээ.
Эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг, жаргалтай иргэнтэй, эвийн санаагаар нэгдэн нягтарсан хүчирхэг Монголыг бүтээх Монгол түмний хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол түмэндээ, үе үеийн Эх орончдодоо Их Монголын суу алдрыг эгнэгт мандуулахын өлзийт ерөөл өргөн барья.
Хөх тэнгэрийн Монгол минь мөнх оршиж, хөгжил цэцэглэлтийн ирээдүй маань гэгээн гэрэлтэй байх болтугай.
 
 
 
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР