sonin.mn

Монголын өнөөгийн нийгмийн байдлыг зөвөөр ойлгох нь хүн бүрт тустай бөгөөд зайлшгүй. Бид үүнийг ойлгохын тулд өнгөрсөн түүхээ сөхөхөөс өөр аргагүй. Өнгөрсөн түүх өнөөдрийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? бас өнгөрсөнд юу тохиолдсон бэ? тэгээд өнөөдөр түүнээс шалтгаалан юу болсон бэ? гэх мэт түүхэн асуултуудыг хариулахад түүх судлал бидэнд туслана.

 

Мөн цаашлан өнөөгийн бидний амьдрал юунд хүргэх вэ хаашаа явж байгаа нийгэм бэ гэдгийг түүхэн баримтууд дээр тулгуурлаж тааварлах боломжтой. Хэрэв бид үүнийг амжилттай хийж чадвал өнөөдрийн нийгмийн асуудлыг зөвөөр таниад зогсохгүй мөн цаашлаад зөвөөр шийдэх боломжтой болно. Мөн ирээдүйгээ тодорхойлоход маш чухал юм.

 

Аливаа улс бүр түүхээ амьдралд ойлртуулан судлах үүрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүхийг хэт агуу хэмээн хэт их магтаж үнэн байдлыг бүдгэрүүлдэг. Түүх нь амьдарч байсан бодит хүмүүсийн нийгмийн амьдралууд учраас түүх нэрийн доор ард түмний амьдралыг үлгэрлэж домоглохгүй бас түүхийг төөрөгдүүлж гаднаас нь тайлбарлах биш харин дотор нь орж ойлгох нь хамгийн чухал.



Монголчууд бид өнөөдөр 21-р зууны босгон дээр хүн төрөлхтний хаана байна вэ? Өнөөдрийн монгол улс бол дэлхий дээр тархан суурьшсан монгол ахан дүүсийнхээ голомтыг сахин суугаа бүрэн эрхт улс.  Агуу түүх, өргөн уудам газар нутаг бас арвин баялагийг эзэмшигч гурван сая орчим монголчууд. Бид агуу түүх бас тайлагдашгүй нууцын  эзэн цөөн монголчууд. Монголчуудын өмнө агуу ирээдүй хүлээж байна. Өнөөдөр худал бүхэн эцэстэй тулж үнэнийг, зөвийг бас сайныг хайсан хайлт монголыг бүрхэж, монгол хүн бүр чимээгүйхэн үүнийг л хайж байна.



Өнөөдөр Монголчууд  тэнгэрлэг үндэстэн байснаа  байнга дурсаж мөн байхыг хүсэж байна. Тэд монголоо, өөрсдийгөө хэн болохоо бас хайж байна. Өөрөөр хэлбэл идентитээ хайж байна. Үүнийг бид түүхээс л мэдэж авдаг. Энэ бол бидний өнөөдрийн монголчуудын байгаа байдал.



Бид монголчууд, монгол үндэстэн, бид энэ хүртэл ямар замаар явж ирэв? Монголчууд дэндүү агуу түүхийг бүтээсэн харин түүнийхээ тухай дэндүү багыг бичиж үлдээсэн. Хятад, Перс болон Европын жуулчдын бүтээлүүдээс бид 20-р зуунаас өмнөх үеийн  түүхийг судалж бас уншиж байна. Энэ үеийн түүхийн тухай Монгол хүний бичсэн бүтээл олдоогүй байна. Монголын 20 зуунаас өмнөх түүхүүд их бүрхэг бөгөөд тодорхойгүй бас судлагдаагүй асуудлууд их байна.



Монголчууд хүн төрөлхтөний түүхийн тодорхой үед товойн гарч түүхийн хүнд хүрдийг бүтэн эргүүлж байсан юм. 13-р зуунд хүн төрөлхтнийг харанхуй, мэдлэггүй үеээс нь гаргасныг өнөөдөр хүн төрөлхтөн ярьж, бичиж эхэлжээ. Энэ үе бол Монголчуудын “алтан үе”. Энэ үед л Монголчуудын нууц оршиж байна. Монголчууд хүн төрөлхтний түүхэнд гэнэт л хүч түрэн гарч ирсэн байдлаар бид түүхээс уншиж байна.

 

Энд сонирхол татаж буй асуудал нь монголчууд яаж байлдаад ямар том газрыг эзэлсэн тухай биш харин яаж монголчууд хүчирхэгжив, тэдний амжилтын нууц юу байв, тэд хэрхэн тэр том эзэнт гүрнийг зохион байгуулалтанд оруулав мөн хэрхэн удирдав  гэсэн асуулт л чухал. Үүний тухай хэн ч асуудаггүй. Түүхчид ч асуудаггүй.

 

Монголын эзэнт гүрэн зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бий болсон эзэнт гүрэн үү эсвэл өөр чухал бидний мэдэхгүй хүчин зүйлийн үндсэн дээр бий болсон уу. Гэхдээ тэр нь мэдлэггүй хүмүүсийн ярьдаг “нар сарны хүч” биш гэдгийг сануулъя. 13, 14-рзууны үеийг зөвөөр ойлгохын тулд бид өмнөх үеийн түүхийг харах хэрэгтэй. Аливаа нэг үйл явдал огт шалтгаангүйгээр үйлдэгддэггүй бай заавал жижиг ч, том ч шалтгаан байдаг.



Монгол нутаг дээр эртнээс л хүчирхэг төрт улсууд мандан гарч ирж байсан Тэдгээр хүчирхэг улсуудын тухай нангиадын эртний сурвалжуудад тэмдэглэгдсэнээс өөр зүйлгүй. Өнөөдөр монголчууд нагиадуудын бидэнд бичиж өгсөн түүхийг л уншиж байна. Ер нь аливаа үндэстэн дайсныхаа тухай сайнаар бас үнэнээр бичих үү? Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар бас Кидан улсууд ар араасаа шил дараалан мандаж байсныг бид уншдаг.

 

Эдгээр улсыг нүүдэлчдийн улс байсан хэмээн манай түүхчид бичдэг. Харин өнөөдрийн бидний уншиж буй түүхийг зарим зүйлийг няцаах баримтууд сүүлийн үеийн археологийн судалгааны дүнд  гарч ирж байна. Энэ юу вэ гэхээр Монгол Германы хамтарсан археологийн экспедицийн Уйгарын үед хамаарах хотын туурь болох Хар балгас гэж нэрлэгдэх хотыг малтжээ. Энэхүү судалгааны дүнд Хар Халбас бол 32км2 талбай бүхий том хот байсан болохыг илрүүлсэн.

 

Германы Археологийн Хүрээлэнгийн профессор ноён Ханс-Георг Хюттель Хар балгасыг тухайн үеийн дэлхийн хамгийн том хот болохыг баримтаар нотолсон байна. Мөн тэд Хар Хорин хотын малтлагыг мөн танилцуулсан бөгөөд түүнд Хар Хорум хот нь 37км2 газрыг эзэлсэн том хот байсан бөгөөд нийгэм улс төрийн чухал үүрэгтэй хот байсныг илрүүлсэн.

 

Хар Хорум бол зүгээр л энгийн худалдаа наймааны хот биш харин дэлхийн анхны нийслэл байсан. Археологийн багийн эцэст нь дүгнэхдээ “Орхоны хөндий бол дэлхийн түүхийг бичиглэж үлдээсэн гол эх сурвалж юм”гэсэн байна. Энэ зөвхөн хоёр хотын туурь хэдий ч бусад бидэнд мэдэгдэхгүй олон хотын тууриуд нууцаа хадгалан монголын хөрсөн доор буй хэн ч мэдэхгүй.



Энэ бүхнээс дүгнэхэд Монголын тойрсон олон улсууд бүгд л суурьшиж хот суурин босгож байхад монголчууд малаа дагаад нүүдэллээд байсан уу хэмээн асуухад хүрч байна. Монголчууд ч тэдэнтэй адил хот суурин байгуулж байсан гэсэн дүгнэлтийг урьдчилан өгч болохоор байна. Түүхийн нугачаанд хот сүйрэх байтугай агуу эзэнт гүрнүүд задран ундаг. Магадгүй монголын түүх монголын хөрсөн доор нуугдан байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна.



10-р зууны үед Монгол нутаг дээр оршин тогтнож байсан Кидан улс маш өндөр соёлтой улс байсан талаар сурвалжуудад тэмдэглэдэг ч нарийн судлагдаагүй хэвээр байна. Энэ л олон улсуудын дараа “Монголын Дэлхийн Эзэнт Гүрэн” –ийг байгуулсан Их Монгол улс гарч ирсэн юм. Ямар ч шалтгаангүйгээр юу ч үүсэхгүй. Бидний уншиж буй түүхээр бол улс Онон мөрний хөвөөнд Тэмүүжин нэртэй хүү нөж атгаж төрөөд л Монголын олон аймгийг нэгтгээд дараа нь олон улсуудыг байлдан эзэлсэн гэсэн МНТ-ны мэдээнд бид одоо хүртэл итгэсээр л.

 

Энэ бол уран зохиолын дурсгалт бичиг гэдгийг нэгдүгээт анхаарах ёстой. Яагаад гэвэл уран зохиол бол хэтрүүлэг болон зохиомол зүйл их байдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл энэ зохиолын эх нь олдоогүй бөгөөд ямар хүн бичсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна. За Нууц Товчоо болон бусад тухайн үед бичигдсэн түүхийн зохиолуудад үнэмшлээ гэхэд Чингис хаан 1180 аас 1211 онын хооронд л Монгол аймгуудыг нэгтгэж Нэгдсэн улсаа байгуулаад их аян дайнаа эхлүүлсэн үе.

 

Энэ дайны цар хүрээ, үргэлжилсэн хугацааа болон амжилт зэрэг нь маш сайн төлөвлөгөө, бэлтгэлийн үндсэн дээр явагдсан нь харагддаг. 30-хан жил түүний дотор 1206 онд Улсаа байгуулснаа зарлаад 1211 он хүртэл тавхан жилийн дотор бол дээрхийг нь хийх нь бүрч боломжгүй юм.



Гэнэт л нэг агуу баатар гарч ирээд агуу үйлсийг бүтээдэг явдал бол зөвхөн үлгэрт л гардаг. Бодит амьдрал дээр ийм юм байхгүй, харин гайхамшигтай, агуу байдлаар түүхээ бичүүлж эсвэл агуу байснаар бичиж л болно. Чингис хаан болон түүний тойрон хүрээлэгчдийн болон түүнийг залгамжлагчдийн хийсэн үйл хэргүүдээс тэдний зорилго, мэдлэг, чадварыг дүгнэж болох юм.

 

Өнөөдрийн монголын түүхчид Чингис хааныг мэдлэг боловсролгүй малчин залуу дэлхийн хаан болсон хэмээн л бичиж байна. Огт мэдлэггүй хүн дэлхийн олон улс орныг нэгэн захиргаанд оруулж улмаар нэгэн хуулийг мөрдүүлж, өөр өөрийн шашнуудаа чөлөөтэй шүтэхийг зөвшөөрсөн агуу толеранцыг гаргаж, евразийн хавтан дээр худалдаа наймааг чөлөөтэй явуулж, үүний үр дүнд өрнөөс дорно руу, дорноос өрнө рүү соёл, мэдлэг, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрэх боломж олгож, хүн төрөлхтөнд амгалан амьдралыг бий болгож чадах байсан уу.

 

Мэдлэггүй хүн үүний тухай бодох байтугай, төсөөлж ч чадахгүй. Зарим нэг хүн гоц, суут хүн байсан гэж маргаж магадгүй гэвч ямар ч гоц авъяасыг мэдлэгээр дэмжихгүй бол хол явахгүй ээ.



Тэгвэл Чингис хаан мэдлэгтэй байсан. Хаана мэдлэг эзэмшив мөн ямар мэдлэг эзэмшив гэсэн асуулт нууц хэвээр байна. Мөн Чингис хааныг тойрон хүрээлэгчид бүгд л дайчид байсан уу гэсэн шинэ асуулт гарч ирнэ. Үүний тухай хэн ч судлаагүй л байна. Бид энэ үеийн маш бүрхэг, гуйвуулагдсан түүхийг уншиж түүндээ итгэж байна. 13-р зууны үеийн түүхийг уншиж байхад зөвхөн л дайны түүх уншиж буй мэт бодол төрдөг.



Монголын Эзэнт Гүрэн задрах унснаар евразийн эх газар дээр монголчууд маш ихээр таран хоцорсон. Өнөөдөр ч тэд хэзээ нэгэн цагт монгол газартаа очно доо гэсэн нууцхан хүслээр амьдарсаар, өөрийгөө Монгол хүн, Чингис хааны удам хэмээн ярьсаар байна. Мэдээж он жилийн уртад тэдний  хэл яриа өөрчлөгдсөн ч, тэдний зүс царай өөрчлөгдсөн ч тэд монгол гэсэн хүсэл нь хэвээрээ л байна.



Монголын Эзэнт Гүрэн задран унаж түүний дараа чухам юу болсон нь мөн л тодорхойгүй байна. Алтан Ордны Улс, Цагаадайн Улс, Хүлүгээгийн буюу Ил Хаант Улсуудад юу болсон талаар гүн судалсан бүтээл ховор байна. Түүхчид зөвхөн 1368 онд Бээжингээс  зугтаж ирсэн Монголчууд хэрхэн монгол нутагтаа хоорондоо тэмцэлдэж байсныг л бичдэг. Хар Хорум хотыг 1370 онд Мин улсын цэрэг л шатаасан байж магадгүй. Энэ үеэс л Монголчууд өөрсдийн нууц бас үнэн мэдлэгүүдээ алдаж эхэлсэн болов уу.



Монголчууд 13, 14-р зуунд Дэлхийн Эзэнт Гүрнийг байгуулж явсан ч гурван зууны дараа гэхэд сулран доройтож 17-р зуунд Манжийн эрхшээлд орсон. Эхлээд Өвөр Монгол манжид урваж дараа нь Халхчууд Буддийн лам Занабазарыг даган дагаар орсон юм. Харин Зүүнгарын хаант улс харийн түрэмгийлэгчдийн эсрэг удаан тэмцсэний эцэст нь хүн төрөлхтний түүхэн дэх анхны томоохон геноцидод өртөгдсөн юм.

 

Энэ бол 1758 онд тохиолдсон үйл явдал юм. Хэдий хятадын түүхчид тахал гарч устгагдсан гэж гуйвуулсаар байгаач 1 сая орчим хүн амтай улсыг үндэстний цөөнх болгосон юм. Зарим нэг мэдээгээр 600 мянган монголчууд хядагдсан гэсэн баримт байдаг. Монгол охидыг хоёр мантуунаас худалдаж байсан тухай ч мэдээ байдаг. Энэ тухай монголын түүхчид огт бичихгүй байгаа нь гайхшрал төрж байна.

 

Хэрвээ хүн төрөлхтөнд үнэн гэж байдаг юм бол хэзээ нэгэн цаг буруутан нь шийтгэгдэх ёстой. Манж Чин улсын хууль ёсны залгамжлагчаар өнөөгийн БНХАУ өөрийгөө нэрлэсэн. Монголчууд хэлдэгээр хэрэг хуучирдаггүй.



Монголчууд харийн дарлалд 300 жил нухлагдсаны эцэст мэдлэггүй, мухар сүсэгт автсан байдалтай 20-р зуунтай золгосон юм. Дэлхийн дахиныг нэгэн төрийн жолоонд атгуулна хэмээн хүсэж босож, бүтээж чадсан монгол хүмүүс 20-р зууны эх гэхэд Тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй гэсэн төсөөлөлтэй арчаагүй хүмүүс болон хувирсан байна. Гэвч тэд Чингис хаанаа мартаагүй.



1911 онд Монголчууд Үндэстний Тусгаар Тогтнолын төлөө анхны хувьсгалыг амжилттай хийсэн юм. Энэ бол манай түүхчдийн бичдэгээр “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” биш юм. Харин энэхүү тусгаар тогтнолын “идей” гарсан өдөр нь 1911 оны 7 сарын 16 бөгөөд энэ өдөр Монголын ноёд, лам нар Богд хаанд мандал өргөх нэрийдлээр уулзалдан тухайн үеийн улс төрийн нөхцөлийг дүгнээд улсаа Манж Чин Улсаас тусгаарлахаар шийдсэн байна.

 

Энэ өдөр бол маш чухал өдөр ч манай түүхчид харин 1911 оны 12 сарын 29 –ны өдрийг чухалчлан тэмдэглэдэг бөгөөд энэ нь Богд Хааны суудалд нь залсан л өдөр. Яагаад ингэж өдрийг чухалчлаад байна вэ гэхээр энэ нь улс төрийн шалтгаантай юм. Энэ нь юу вэ гэхээр 1919 онд Хятадын цэрэг манай улс руу хүч түрэмгийлэн орж ирсэн. Энэ бол улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл бөгөөд олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн үйлдэл болсон. Гэхдээ энэ нь 7 сарын 16-ныг Манжаас салсан өдөр гэдгийг баримталсан үед шүү.

 

Хэрэв бид 12 сарын 29 ныг гэж үзэх юм бол бид Манжаас биш харин Хятадаас салсан болох аюул байсан ч өнөөдөр энэ өдрөөр явснаар Хятад биднийг хууль бусаар тусгаарлагдсан хэсэг хэмээн үздэг төдийгүй өнөөдрийн Тайваньд Монгол-Төвдийн асуудал эрхэлсэн хороо ажилдаг байна. 1919 онд цэргийн хүчээр түрэмгийлсэн Хятад бол одоогийн Тайвань.



1911 онд Богд хаан зөвхөн ар монголын хаан биш харин бүх монголчуудын хаан болсон юм. Ар, өвөр монгол, буриад, Тагна Урианхай, Хөх нуурын монголчууд нэгдсэнээр дахин Монголын нэгдсэн улс байгуулагдсан юм. Энэ бол энэ бол хүн төрөлхтний хувьд гэнэтийн бөгөөд төлөвлөөгүй үзэгдэл байсан. 1206 оноос дахин нэгдсэн түүхийн давтагдал байсан.

 

Гэвч Монголчуудын нэгдлийг хүн төрөлхтөн хүсээгүй. Энэ юугаар илэрдэг вэ гэхээр тусгаар тогтнолоо зарласан болохоо албан ёсоор хоёр хөршдөө болон тухайн үеийн тэргүүлэх улсууд болох АНУ, Англи, Япон, Франц гэх мэт арав гаруй улсад илгээсэн аль нь ч хариу ирүүлээгүй. Үүнийг манай түүхчид тэдгээр орнууд Орос, Хятадтай сөргөлдөхөөс болгоомжилсөн хэмээн гэнэн тайлбар хийдэг.

 

Хэзээ мөдгүй унах гэж байсан Хаант Орос улс, дотооддоо зөрчилтэй байсан Хятад хоёроос тэдгээр орон айх байтугай харин түрэмгийлж байсныг тухайн үеийн хүн төрөлхтний түүхээс харж болно. Тэдгээр орнууд энэ хоёроос айсандаа бус харин Монголчуудыг нэгдэхээс айсан. Учир нь монголчуудын хувьд тооцоолоогүй гэнэтийн зүйл байсан бөгөөд Орост социализмийг гаргаж улмаар Европыг нэгтгэх тэдний төлөвлөгөөнд саад болох аюултай байсан юм. Тиймээс Монголыг Орос болон Хятадад хуваахаар шийдсэн..



Монголчууд энэ л үеэс өнөөдрийн оюуны хямралын эхлэлийг тавьсан юм. Энэ үед Өрнөдийн Соён Гэгээрлийн үеэс гаралтай чухал нэр томьеонууд болох democracy, right, republic, liberty гэх мэт философийн чухал ухагдхуунуудыг худал, буруу орчуулж цаад утга ба учрыг алдагдуулснаар монгол хүний оюуны хямралын эхлэлийг тавьсан юм.

 

Энэ ухагдхуунуудыг ардчилал, эрх, бүгд найрамдах, эрх чөлөө гэх мэтээр худал орчуулсан. Үүнийг Хятадаас шууд орчуулсан юм. Энэ нь ухагдахуунууд нь Английн колончлолоор дамжин Хятадад орж ирсэн бөгөөд тэд түүнийг өөрсдийнхөөрөө орчуулсан. Мөн тухайн үеийн Монголын мэдлэгтэй гэж байсан хүмүүс нь Түвд, Манж, Хятад хэлтэй хүмүүс байсан нь ч бас нөлөөлсөн. Ингэж хоёр хөршөөсөө давдаггүйн гай илэрсэн. Хэрэв эдгээр үгийг шууд англи юм уу герман хэлнээс орчуулсан бол өөрөөр орчуулах байсан. Ингэж зөвгүй харин эрхэлсэн хүмүүс монголоор дүүрсэн. Өнөөдөр ч мөн адил.



Энэхүү анхны хувьсгалын дараа 1921 онд Монголын Ардын Хувьсгал нэртэй хоёр дахь хувьсгал болсон юм. Энэ бол Оросын 1917 оны Октъябрийн хувьсгалын “монгол” хувилбар юм. Энэ хувьсгалыг хийсэн хүмүүс ч бүгд л орос хэлтэй, орост сурч байсан, нэг талаар “оросын талын хүмүүс” байсан. Тэд оросын коммунистуудын даалгавраар хувьсгал хийсэн бөгөөд дараагийн монголд явуулсан үйлдлүүд нь Орост явуулсан үйлдэлтэй адил байдаг.

 

Орос оронд ядуу тариачдыг феодал гэж нэрлэгдэх хөрөнгөтнүүдийн эсрэг босгосон юм. Хөрөнгөтнүүдийнхээ баялгийг хурааж, өөрсдийг нь цаазалсан. Яг л ийм үзэгдэл монголд явагдаж 1924 оны “Анхны Үндсэн Хууль”-иараа нийт хүмүүсээ жинхэнэ ард ба жинхэнэ биш ард хэмээн хуваасан юм. Ингээд баяд, ноёд болон лам нарынхаа хөрөнгийг хурааж шоронд хорьж цаазалж эхэлсэн. Үүнээс болж олон мянган өрх хил даван дүрвэсэн баримт бий. Өнгөрсөн хугацаанд Д.Сүхбаатар гэх зохиомол идеал хүний дүрийг бий болгож биднийг хуурсаар ирлээ.



Ингээд Монголчуудыг хуваах гэсэн политикчдийн бодлого хэрэгжиж Өвөр Монгол нь Хятадад, Ар Монгол болон Буриад нь Орост харъяалагдах болсон юм.

Энэ үед Монгол хүний оюуны  хямралд оруулсан политикийн зорилготой үйлдэл хийгдсэн нь уйгаржин бичгээс крилл бичигт шилжсэн явдал юм. Үүний цаад зорилго нь Өвөр Монгол, Ар Монгол, Буриад болон бусад монголчууд хоорондахь харилцааг таслахад чиглэгдсэн юм. Бүгд өөр өөр бичиг хэрэглэснээр тэдний ярианы аялгуу өөрчлөгдсөн. Мөн үр ач нь өвгөдийнхөө түүхийг унших чадваргүй болгосон.

 

 Өөрөөр хэлбэл мэдлэг дамжих боломжийг хаасан. Ер нь аливаа үндэстнийг мэдлэггүй болгоё гэвэл ойр ойрхон бичгийг сольдог. Ийм политикийн далд агуулгатай үйлдлийг Монголын тухайн үед “орост боловсрогдсон” хүмүүс болох Б.Ренчин, Ц. Дамдинсүрэн нар амжилттай гүйцэтгэн төрийн дээд шагналуудыг хүртсэн юм.



Энэхүү бичиг солигдсоноор бидний аялгуулж ярьдаг хэл маань гийгүүлэгчин хэл болсон юм. Ингэж бидний аялгуу өөрчлөгдөж Өвөр Монгол, Буриадаа ойлгохоо больсон төдийгүй, тэд ч биднийг ойлгохоо больж бидний хоорондын харилцаа саарахад хүрсэн. Мөн уйгаржин бичгээс крил бичиг рүү орсноор монголчууд үгийг хосоор нь хэрэглэж эхэлсэн.

 

Энэ юутай холбоотой вэ гэхээр уйгаржин бичигт дүрс ялган бичээд хооронд нь ялгахад хялбар байсан. Жишээ нь “ой” гэдэг үг бол уйгаржин бичигт ой санамжийн “ой”-г ярьж байна уу эсвэл ой модны “ой”-г ярьж байна уу гэдэг нь хялбархан ялгагдана. Харин крил дээр бууснаар адилхан бичигдэж хооронд нь ялгахын тулд тухайн үгийнхээ хойно нь юмуу өмнө нь үг бичдэг болсон.

 

Жишээ нь: үндэс угсаа, нөхцөл байдал, эрх мэдэл, хүч чадал, хувь заяа, ашиг сонирхол гэх мэтээр хосоор хэрэглээд дасчихаж. Үнэндээ ашиггүй сонирхол гэж байдаг юмуу. Энэ нь философи, сайэнс гэсэн мэдлэгийн салбар монгол оронд хөгжихөд хамгийн том саад болж байна. Өөрөөр хэлбэл мэдлэг орж ирэхгүй байгаагийн шалтгаан монгол хэл. Ингэж хосоор хэрэглэсээр сүүлийн 70-аад жилийг үдлээ.



Гэхдээ монголчууд Оросыг дагаснаар ихийг олж, европийн соёлд ойртсон ч хариуд нь дэндүү ихийг төлсөн юм. Хоёрдугаар зууны 1980-аад он Европ нэгэнт нэгдэх нь тодорхой болсон учраас Социализм үүрэггүй болсон юм. Ингээд 1980-аас оноос эхлэн социалист улсуудад өөрчлөлт явагдаж улмаар ЗХУ задран унаж, хоёр Герман нэгдсэн юм.



Энэ үед цөөн хэдэн хүмүүс Сүхбаатарын талбайдаа өлсгөлөн зарлаж суулт хийж төрөө унагасан юм. Ингээд Монголчууд демократ замыг сонгон авлаа. Гэхдээ харамсалтай нь демократыг “ардчилал” хэмээн тэс хөндлөн орчуулж, буруу ойлгон хэрэглэсэн юм. Мөн хуман райт(human right)-ийг хүний эрх хэмээн буруу орчуулгаар нь хэрэглэн хүн бүр л дураараа дургих болсон. Энэ үнэндээ “зөв” гэсэн ухагдахуун байсан юм. Өөрөөр хэлбэл “Таны жагсаал хийх чинь зөв өө, харин та чулуу аваад цонх руу шидэж болохгүй шүү энэ бол буруу” гэсэн л зүйл. Энэ бол философиос гаралтай бөгөөд философийн сэдэв.



Азийн бар улс болно гэсэн өөдрөг хүслээр гараанаас гарсан ч харамсалтай нь өнөөдөр азийн улсуудийн адагт нь явж байна. Энэ бүхний шалтгаан бол ганцхан зүйлээс л болсон тэр бол “мэдлэггүй”. Мэдэхгүй байсан учраас 1992 онд “Үндсэн хууль”-ийн үнэ цэнийг ойлголгүй хөнгөн хандан хийсэн юм. Ингэж улс төр, эдийн засгийн хямралыг бий болгож 1,5 тэрбум хүнтэй Хятадад улс орныхоо бүх хаалгаа нээж өгсөн. Мэдлэггүй улс төр, Мэдлэггүй эдийн засаг, Мэдлэггүй нийгэм бий болсон. Зөвхөн худал юм ярьж, худал амласан хүмүүс хуурсаар л, суудалдаа заларсаар л. Тэд цааш үргэлжлүүлж суухыг маш ихээр хүсэж худлаагаа ярьсаар л... Харамсалтай нь хүмүүс түүнд нь үнэмшихээ нэгэнт больжээ.



Бид өнөөдрийг хүртэл ийм л замыг туулжээ. Бидний Монголчууд алдаа оноо аль алиныг нь туулсан нь түүхээс харагддаг. Гэхдээ бидний одоогийн уншиж буй түүх гуйвуулагдсан, дарагдсан бас худал зүйлс их байгааг бид анхаарах ёстой. Бид өөрсдийнхөө тухай дэндүү бага мэдэж байна.



Одоо тэгвэл бид цаашдаа глобалчлагдсан ертөнцөд тэсэж үлдэхийн тул хаашаа явах ёстой хийгээд юу хийх ёстой вэ? Өнөөдөр дэлхий дээрх Монгол үндэстнүүд түүхийн нугачаанд төөрөлдсөн ахан дүүсээ санагалзан хайж байна. Монгол улс бол дэлхий дээрх бүх монгол үндэстний голомтыг сахиж буй билээ. Тиймээс бид илүү хариуцлагатай байж бусдыгаа араасаа дагуулж тэднийхээ сонирхлыг хүн төрөлхтний өмнө хамгаалах ёстой.



Өнөөдрийн Монголын нийгэмд нэг л зүйл бусдаас илүү хэрэгтэй байна. Тэр бол мөнгө биш, алт ч биш бас эрх мэдэл ч биш харин “ҮНЭН” хэрэгтэй байна. Монголчууд өнөөдөр “хаана үнэн байна” хэмээн хайж байна. Тэд үнэн мэдлэг дээр суурилсан улс төр, үнэн мэдлэг дээр суурилсан эдийн засаг, үнэн мэдлэгийг заадаг сургуулийг хүсэж байна. Яагаад гэвэл үнэн байгаа газар хүн амгалан бас эрхэм амьдрах боломжтой. Тиймээс тэд үнэн нийгмийг хүсэж байна. Эцсийн эцэст ҮНЭН л монголчуудыг аварна.