sonin.mn
Туурвил зүйд шинэчлэл хувьсал өөрчлөлт илт мэдэгдэм болоод үл мэдэгдэх байдлаар байнга явагдаж байдаг дотоод нарийн хөдөлгөөн, далд процесс юм. Арга хэлбэр, үг хэллэг, дүр дүрслэл, агуулга санаа, шинэ хэллэгийн “тэсрэлт” үргэлжид явагддаг ч гэлээ утгазохиол судлаач, шинжээчид, хэрэглэгчид тэр бүрийг төдий л ажиглан нээж, цаг тухайд мэдэрч үнэлж, цэгнэж тэр бүр чаддаггүй нь ганц манайх ч биш, ерөөс дэлхийн тавцанд түгээмэл зүйл юм байна.
 
Зохиогч нь ертөнцийн жам ёсоор алга болоод мартагдах шахсан үед гэнэт цоргин гарах нээгдэх, шинээр гарч ирэх явдал бишгүй. Шүлэг яруу найргийн туурвилзүй оюун тархины болоод сэтгэл санааны маш нарийн үйлдэл бөгөөд сэтгэшгүйн дээд хязгаарт ч дэгдэж очдог ер бусын эрчис хүч. Үүнийг тархины бор давхраанд үүссэн цахилгаан соронзон орны үйлчлэлтэй зүйрлэж болох юм. Иймээс эрдэмтэд шүлгийн нэг мөрөөс ургуулаад шинжлэх ухааны нээлт хийх санаа олсон тохиолдол тэмдэглэгджээ. 
 
Мөн чанартаа яруу найраг физик шинжтэй. Ерөөс дан ганц уран зохиолын туурвилзүй ч биш, ертөнцийг үзэх философи сэтгэлгээний материалист урсгалыг эртний Грекийн сэтгэгч, гүн ухаантан Аристотель, идеалист урсгалыг Платон хоёр бий болгож, оюун сэтгэлгээний эсрэг тэсрэг хоёр үзэл санааг бий болгосон нь одоо ч хэв хэвээрээ байна гэж өчүүхэн миний бие өөртөө ойлгосон. 
 
Яруу найргийн хийсвэр сэтгэлгээний онолын эхийг тавигч Грекийн гүн ухаантан Платон “Урлаг бол хүн ур ухаанаараа бүтээгээд эх дэлхийдээ нэмэрлэсэн анхны бүтээл, дэлхий дээр уг байдлаараа байхгүй Платон идеалист урлаг бодит зүйлсийн хуулбар биш, тархины үйл ажиллагаанд явагдах сэрэл, тусгал, цочролын шинжтэй гэдгийг гаргаж тавьснаараа онцлогтой.
 
Уран зохиолын үнэт зүйлс гэж юу вэ? Үүнийг олон янзаар томъёолж болно. Миний ойлгож байгаагаар бол, “Ер бусын, дахин давтахын аргагүй нөлөөлөгч мөн чанар нь ямар ч цаг хугацаанд хувирч өөрчлөгдөхгүй мөнхөд хадгалагдах үнэлэмжит чанар юм гэж товчоор тодорхойлж болно. Грекийн сэтгэгчид болоод, дэлхийн олон сонгодогуудын хэдэн мянган жилийн өмнөх бүтээл одоо ч шинэ хэвээрээ оюун ухааны ертөнцөд үйлчилсээр байна.
 
Үнэт зүйл давтагдашгүй, халдашгүй, хувиршгүй дархлаат чанарыг өөртөө агуулдаг. Цагийн аясаар хувьсан өөрчлөгдөх процесст аливаа үнэгүйжүүлэх оролдлого гаргалаа ч тухайн бүтээлийн дотоод мөн чанар нь түүнийг хүлээн авдаггүйгээр зогсохгүй, өөрөө үгүйсгэгч чанарыг өөртөө агуулдаг байх юм.
 
Үнэт зүйлсийн үндсэн мөн чанар нь хувсгагч, шинэчлэгч, эрчимлэг байдал юм. Шинэ юм болгон шинэчлэл биш. Шинэчлэл гэж уламжлалт арга барил, сэтгэлгээг өөрчлөн хувьсгаснаар өөрийн арга барилыг тогтоож, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх үнэлэмж мөн. Яруу найргийн үнэт зүйлс шүлэгч, яруу найрагчийн нэр төр, гавьяанаас үл хамааран бий болох тохиолдол бий.
 
Жишээлбэл, ахмад , үеийн яруу найрагчийн нэг Ц.Цэдэнжав Монголын яруу найрагт тийм ч томхон байр суурьтай шүлэгч биш. Гэвч түүний үлдээсэн оюуны өвд:
"Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч 
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ 
Чин хайртай амрагтаа хэлж үзээгүй мөртлөө 
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн" гэсэн мөртүүд бол үнэт зүйлсээ өнөө хүртэл үлдээж чадсан байна. 
 
Энэ шүлгийг манай цэрэг дайчдын цэргийн тангарагаас дутахааргүй зүйл болоод удаж байна, хойшид ч тийм байх үнэмлэмжтэй. Сайтар ажиглаж, нээж чадвал энэ мэт шүлгийн мөрүүдэд алмаас эрдэнэ адил гялалзах үнэт зүйлс байдаг.
 
Гэвч бид өнөөдөр томоохон үнэт зүйлсийн тухай сөхөж ярих цаг нэгэнт болжээ. Цөөнгүй цаг үеийн олон туурвигчдын шүлэг бүтээлийг харьцуулан (аналоги) судалж үзснээр Монголын яруу найрагт ердөө тавхан удаа л шинэчлэлийн үзэгдэл болжээ гэж үзэхээр байна.
 
Нэгдэх шинэчлэл нь:
 
Тавдугаар ноён хутагт, Монголын их соён гэгээрүүлэгч Дулдуйтын Равжаа (1803-1856) тавьсан байна. Энэхүү шинэчлэл нь өмнөх бүх үеийн шашин, сургаалын шинжтэй уламжлалт шүлэглэлийг өөрчилж, яруу найрагт бодит амьдралын гүн рүү ярган орж, эгэл энгийн үнэний гоо сайхныг гүн ухааны аясаар гаргаж ирснээрээ эхний шинэчлэлийг хийж чаджээ.
 
Ер нь сургаал шүлгийг утга зохиол биш гэж үздэг үзэл бий. XIX зууны Оросын нэрт шүүмжлэгч Белинский “Сургаалын яруу найраг нь зөвхөн тухайн улс үндэстний утга зохиол бууран доройтох үед гарч ирдэг бөгөөд сургаал зохиол нь үнэн хэрэгтээ утга зохиол биш” гэж хэлжээ. (С.Энхбаяр “Утга зохиолын онол” 2011.80-р тал) 
 
Ер нь уран зохиолын шинэчлэл нийгмийн шинэчлэлтэй холбоотой. Д.Равжаагаас хойш 1911 онд буюу олноо өргөгдсөний онуудад Богд хаант Монгол улсаа сэргээн байгуулсан боловч уран зохиолын сэтгэлгээнд төдий л нөлөөлж амжаагүй дараа ардын засагтай залгасан учир энэ 10 жилд шинэчлэл гарсангүй.
 
Хоёр дахь шинэчлэл нь:
 
XX зууны эхээр монгол үндэстний их зохиолч Дашдоржийн Нацагдорж (1906 -1937 ) тавьжээ. Энэ нь шинэ цаг үетэй холбоотой. Монгол үндэсний цоо шинэ утга зохиолыг хэлийг бий болгож, урд өмнө байгаагүй уран тансаг хэллэг, өвөрмөц содон дүрслэл, гойд хурц санаа, гүн бодрол, утга уянгын төгс төгөлдөр илэрхийлэл, байгаль хүмүүний харилцаа гоо сайхан, эх хэлийг эзэгнэгч ур чадвар, зураглалт дүрслэлт сэтгэлгээ, гоёж гоодоггүй мөртлөө үнэний цаад үнэнд нэвчих онцгой авьяасаараа хосгүй нээлт шинэчлэлийг авчирчээ.
 
Гурав дахь шинэчлэл нь:
 
Тавиад оны сүүлчээр Бэгзийн Явуухулан (1929-1982) өмнө зонхилж байсан толгой холбон хуурай шүлэглэдэг, ил цагаан, мэдрэмжгүй зохиомжийг эрс өөрчилсөн шинэтгэгч юм. 1950, 60-аад он бол монголын оюун санаа болоод нийгэм эдийн засгийн сэргэн мандалтын үе учраас уран зохиолын хөгжилд шинэчлэл авчирч чаджээ.
 
Түүний гол шинэчлэл нь шүлгийн дотоодод явагдсан гоо сайхны мэдрэмжийн хөдөлгөөнт чанар мөн. Өрнө, дорнын уран сайхны сэтгэлгээг “өөрийн шүүлж” яруу сайхны эмзэг, цочролт, тунгалаг өнгийг сэтгэлийн уянгат эгшигээр нээж чадсанд оршино.
 
Явуухулангийн өнгө аяст яруу найрагт шинэчлэх үйл явц ажиглагдаж байгаа юм. Үүнийг шинэчлэлийн доторхи шинэчлэл гэж болох юм. “Дорнын ай” гэх урсгал шинэчлэлийн дорхи шинэчлэл болон явагдаж, энэ чиглэлд хамааралтай олон найрагч байгаа мөн.
 
Үүнийг Данзангийн Нямсүрэн (1949-2008) дорнын өнгө аяст зөөлөн ай эгшиглэнт, эмзэгийн эмзэг торгон мэдрэмж, таринийн шившлэг мэт аяз, сэтгэл татагдан аяндаа урсах яруу сайхан, Аристотелийн онцолсноор яруу найргийн ариусахуйн мөнхийн хутгийг олсноор эмзэг, ичимхий мэт шүлэг бүтээлийг хийжээ.
 
Энэ бол эх хэл, үндэсний соёл сэтгэлгээний дархлаажилтад маш чухаг учраас монгол найрагчид л урлаж чадах “инжаанчилсан” шүлэг найраг мөн. Шинэчлэлийн нэг мөн чанар бол бусдын бүтээлд хүчтэй нөлөөлж, заримдаа дуурайлгаж, уламжлагдан нөлөөлөгч мөн чанар гэдгийг дахин батлан хэлмээр байна. 
 
Долгорын Нямаагийн маш богино мөртөөр том санаа үлдээдэг бүтээвэрийг тэрээр манай найрагт бий болгосон ч гэлээ түүнийг зөвхөн тэр найрагч л хийж чадаж байгаа болохоор уламжлан түгэх, дэлгэрэх байдал хязгаарагдмал байгаа юм. Жараад оны яруу найрагт Р.Чойномын цэцэн мэргэн, хурц дайчин сэтгэлгээ нөлөөлсөн нь илт байдаг.
 
Дөрөв дэх шинэчлэл:
 
Бавуугийн Лхагвасүрэн (1945) наяад оны эхээр “Уянгын тойрог” гэдэг бүтээлээрээ хийж чадсаныг хэн ч үгүйсгэх аргагүй. Монгол үг, хэллэгийн хэвт ёсны сэтгэлгээг эвдэж, үг хоорондын утгат харилцааг сөргөлдүүлэн зөрчилдүүлж, зүйрлэмгүй, адилтгаж болшгүй юмсаас ч утгажилт үүсгэх аргазүйн шинэ сэрэл байв. Цоо шинэ “галт уулын оргидос” мэт цацлах дүрслэлт, өнгөт үгсүүд шинээр үүсэн бий болж, яруу найргийг гүн ухааны бодомжит чанартай хослуулснаар гайхамшигтай шинэчлэл хийж чадсан юм. 
 
Энэ бол монгол шүлэгт гарсан бүтэц дотор үүссэн гүн өөрчлөлт шинэчлэл мөн. Утгагүй хэлбэрдэл биш, гүн тусгалт утгат хэлбэрдэл мөн. Энэ бол далай дотор хавтангууд мөргөлдөж, цунами үүсгэдэг үзэгдэл шиг манай яруу найрагт цочмог, гэнэт, агшин зуур дүрэлзэн гарч ирсэн цоо шинэ яруу сайхны таашаал байлаа.
 
Тав дахь шинэчлэл:
 
Ерээд оноос эхэлсэн бодит байдалд тулгуурласан сэтгэлгээг эвдэж, агуулгыг үгүйсгэж хэлбэрийг шүтсэн модернистууд гарч ирснээр яригдах болсон шинэчлэл юм. Гэвч уг үндсийг хөөвөл энэ нь XIX зууны сүүлчээр Францад эх сууриа тавьсан урсгалаас эхтэй учраас манайдаа шинэчлэл гэж үзэж болохоос биш, дэлхийн хэмжээнд ярьвал хуучин зүйл мөн.
 
Модернизм дотор өөрчлөлт шинэчлэл хувьсал үргэлж явагдаж постмодернизмийн урсгал бий болжээ. Утга зохиолын олон өнгөт шүлэг найраг бий болж байгаа ч монгол үндэсний сэтгэлгээ, эх хэлний тогтолцоог зайлшгүй эвдэх шаардлагатай болж байгаа нь тэдний арга барил буруу биш ч зарим талаар халтай учир манайд хэр идээшиж “өөрийншихийг” ирэх цаг хугацаа харуулна.
 
Модернизм хятадын уран зохиолд бүр наяад оны дундуур бий болсон нь сонирхолтой байна. Өөрөөр сэтгэх, шинэ хэлбэрийг үүсгэх сэтгэлгээний эрэл хайгуул, оролдлогыг Д.Урианхай бүр далаад оноос хийж, “Бид дотоод шаталтын хөдөлгүүр" өвөрмөц содон бүтээл хийж шуугиан тарьж байлаа. 
 
Тогтонгишоод ирсэн шүлэг, найргийг нэгэн хэвийн загварчлалаас гаргах оролдлого хийж, ядаж гурвалжин өнцөгтөөр сэтгэх оюуны бодомж, загварчиллыг бий болгох хувьсалын хөтөч болсон найрагч бол Дамдинсүрэнгийн Урианхай мөн. 1990-ээд оноос хойшхи реалист бус чиглэлийн шүлэг яруу найрагт Б.Галсансүх, Л .Өлзийтөгс нарын зэрэг цөөнгүй хүмүүс шинэ арга барил, шинэлиг сэтгэлгээг хөгжүүлж, амжилт олж байна.
 
Аливаа шинэчлэлийн шалгуур нь үеийн үед нөлөөлөгч, сэрээгч, сэдүүлэгч, өөрчлөгч соён гэгээрүүлэх увьдаслаг чанар гол байрыг эзэлдэг. Энэ нь шинэчлэлийг зөвшөөрөх үзэгдэл. Тэгвэл Монголын яруу найргийн дээрх шинэчлэл үнэхээр хувьсгагч өөрчлөлт авчирч, яруу найргийн талаарх ойлголтыг өөрчилж, үе үеийн туурвилзүйд асар их нөлөө авчирсан жишээ олон бий. 
 
Нэг бодлын энэ нь дуурайгч дагуулагч үлгэр загварын үйл явц ч гэж болно. Нөгөө талаар шинэчлэл аливаа утга зохиолыг хөдөлгөөнд оруулж, оюун санааны ертөнцийг идэвхтэй хөгжүүлэгч юм. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс санаа аваад маш олон эх орны сэдэвтэй шүлэг гарсны дотор Б.Явуухулангийн “Би хаана төрөв” гэдэг шүлгийг л онцолж болно.
 
Шинэчлэл маш хэцүү төвөгтэй бөгөөд, хүлээн зөвшөөрөгдөтлөө урт хугацаа, итгэл үнэмшил шаарддаг өвөрмөц үзэгдэл юм. Шинчлэлийг ер бусын содон авьяастнууд л хийж чадахаас тохиолдлоор барагтай бол хийж амжихгүй зүйл. Нэгэнт яруу найргийн шинэчлэлийн тухай ярьж байгаа болохоор цаашид яаж шинэчилэл хийж болох асуудлыг хөндөн тавих нь зүй. 
 
Манай яруу найрагт одоохондоо яруу найрагт шинэчлэл ажиглагдахгүй байгаа нь шинээр сэтгэх, шинэ эрэл хайгуул хийх, шинэ туршиц дутагдалтай байгаа учир, нэг сонин санагдснаа даган хуйлрах, хуулбарлах байдал ч ажиглагдаж байна. 
 
Шинэчлэлд цаг, хугацаанаас гадна эзэн хэрэгтэй. Цаг хугацаа шинэчлэгчээ төрүүлдэг. Энд дурдсан монголын яруу найраг дахь шинэчлэлийг тодорхойлбол нийгэм цаг үеийн янз бүрийн үе цагт удаан хугацаанд болж байсан байх юм. Наад зах нь нэгэн бүхэл бүтэн үе буюу арван жилийн дотор утга зохиолын өөрчлөлт шинэчлэлтийн үзэгдэл ажиглагдах ёстой. 
 
Утга зохиолын шинэчлэл нийгмийн сэргэн мандалт хөгжилтэй холбоотой ч бас бууралт доройтол, уналт ч оюун санаанд хүчтэй нөлөөлж, шинэчлэл авчрах тохиолдол бий. 
 
Нийгэм ямар байна, утга зохиол тийм байдаг нь бараг жам ёс гэхээр байх юм. Чөлөөт сэтгэлгээний эрин үед үүнээс бүр хурдаар 5-10 жилд нэг томоохон “тэсрэлт” үүсгэх нөхцөл бүрдсэн ч хөшүүн хэвээрээ байна. 
 
Харин энэ өөрчлөлт, шинэчлэлийг тайлж тайлбарлах, оюун санаанд хүргэх бэлтгэгдсэн тайлал зүйч, утга зохиолын мэргэжилтэн, шүүмжлэгч шинжээч нар хэрэгтэй нь мэдээж юм. Миний хувийн бодлоор бол, реализм-модернизмийг нь эсрэгцүүлж, нөгөө талаар нийлүүлэгжүүлснээр нэгэн “тэсрэлт” үүсгэх бололцоо харагдаад байгаа юм. Үүнд хурц авьяас билгээс гадна, бас мундахгүй эрдэм боловсрол хэрэгтэй. Үүнд тун ойрхон байгаа М.Уянсүх, Л.Өлзийтөгс хоёрыг яахын аргагүй онцолж байна.
 
Ер нь цаашид ХХI зуунд Монголын нэн шинэ үеийн уран зохиол шинэчлэгдэх ямар нөхцөл бололцоо байна вэ? Одоогоор бодогдсон төсөөллөө илэрхийлбэл,
 
Нэгдүгээрт: Сэтгүүлзүйжих чиглэл. Ялангуяа хүүрнэл зохиолд “сэтгүүлзүйжих” үзэгдлийг зөв ашиглавал тэнд шинэчлэлийн орон зай харагдаж байна. Энэ нь Америкт болон өрнөдөд ер нь хаа ч гэсэн хэт урансайханжих, хэт рационалзмаас зайлсхийх хандлагаар илэрч байна. Уншигчид үнэн бодитой зүйлийг олж авахыг хүсдэг оюуны эрэлт хэрэгцээ бий болсонтой холбоотой.
 
Сэтгүүлзүйн баримтлаг, үнэн мөн чанарын илэрхийлэл болсон “Essay” буюу эссе хэмээх бичлэг түрэн орж ирж байна. Үүнд нэг гэм бий. Урансайхны мөнхийн гоо шинж чанар, амин сүнс болсон үгийн урлаг бүдгэрэх осолтой. Уран яруу илэрхийллээс татгалзана гэсэн үг биш, харин ч баримтыг урансайхны аргаар илүү боловсруулж, энгийн атлаа яруу тод гаргахыг хэлж байгаа юм. Хэлбэр нь өөр ч илэрхийлэх арга нь энгийн бөгөөд уран төгс төгөлдөр хэл найруулга улам хөгжиж хүний сэтгэлийг татах ёстой.
 
Хоёрт: Афоризмжих хандлага дэлхийн уран зохиолд ажиглагдаж байгаа үзэгдэл. Шинэ шинэ содон өвөрмөц, гаж сонирхолтой хэлц хэллэг гаргах, үүнийг шүлэг зохиолдоо оруулах, улмаар “хэлц хэллэгт” утга зохиолын салбар хөгжих зүй тогтол юм. Энэ чиглэлээр Ардын уран зохиолч Тангадын Галсан гол төлөөлөгч болж бүтээлээ туурвисаар байна. Ц.Хулангийн шүлэгт үнэ цэнтэй гялалзсан “афоризм” тохиолддог нь сайшаалтай.
 
Цаг хугацааны үнэ цэнэ чухал болж байгаа өнөө үед шинээр дэвшигдэж байгаа оюуны эрэл хайгуул мөнөөсөө мөн. Гэлээ ч шилдэг том хэмжээний бүтээлээс хэзээ ч уйдахгүй. Араб персийн рубай, Энэтхэгийн шлока, Төвдийн бадаг, нангиадын ши, японы хайку, монголынхоо уламжлалт холбоо мөртүүдээс эрэл хайгуул “тэсрэлт” хийж байж шинэчлэлийн үрийг амсаж болох юм.
 
Гурав: “Философижих” Утга зохиолын шинэчлэлт нь шинэ философид тулгуурлаж, суурилж гарч ирдэг нь дэлхийн уран зохиолын уламжлал, шинэчлэлийн түүхээс тодорхой харагддаг. Яруу найраг гүн ухаанжих үзэгдэл өмнө ч байсан, хойшид улам шинэ атга хэлбэрээр гарч ирэх хандлагатай болжээ. 
 
Одоо үүнийг улам шинэ арга барилаар гаргаж тавьбал тэнд шинэчлэлийн орон зай ажиглагдаж байна. Европ, азийн гүн ухаан, нэн ялангуяа буддийн болоод нүүдэлчдийн философиос гаргалгаа хийж сэдэж эрж хайвал Монголын XXI зууны утга зохиолын шинэчлэл буй болох чиг хандлага мэдрэгдэж, мэдэгдэж байна. Үүнийг хэр ухаалгаар нээж, тайлж, тусгаж авахаас шалтгаална. 
 
Монголын гүн ухааны яруу найрагт М.Цэдэндорж өөрийн бүтээл туурвилаар харуулж байсан боловч бүрэн гаргаж амжсангүй. Зарим нь шүлгийг бүр “математикжуулах” оролдлого гарч байна. Яг тоо бодлого шиг хэлбэртэй, мөн тийм агуулгатай болгож байгаа нь шинэчлэхийн тулд шинэчилж байгаа хүчээр үйлдэж байгаа бүтэлгүй оролдлого.
 
Эндээс шинэчлэл гарахгүй, энэ бол оюуны санааны маш энгийн төөрөгдөл. Яруу найраг бол математик биш, философи ч бас үнэн хэрэгтээ биш. Монголын шинэ- яруу найраг дэлхийд гаръя гэвэл зайлшгүй шинэчлэл хэрэгтэй. Ямар ч шинэчлэлт гарлаа гэсэн, нэгд үндэсний сэтгэлгээг ямар нэг хэмжээгээр хадгалсан байх учиртай, хоёрт: “Хэлийг хадгалах, бас хөгжүүлэх ёстой" гэсэн жинхэнэ постмодернизмийн суутан гэж болох Томас Элиотын хэлсэн үгийг давтья. Дээр нь оюун бодомж, логикийн инээдэмтэй хошин ч гэмээр тоглолт, хэвийн бус ухамсаргүй үйлдэл ч гэмээр юмуу “фрейдизмийн” сэтгэлгээг нэмчих нь зүйтэй.
 
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав