sonin.mn
НЬЮ-ЙОРК. /news.ru/. “Bloomberg” агентлагийн мэргэжилтнүүд ард иргэд нь илүүтэйгээр бухимдан стрессддэг 74 улсын чансааг гаргасан байна. Чансааны эхний байруудыг таамагласан ёсоор баялаг, нийгмийн хөгжлөөрөө бусдыгаа давамгайлдаггүй, зэвсэгт мөргөлдөөн зэргээс хохирол амсаж байдаг тийм улс орнууд эзэлжээ.
 
Түүнчлэн 100 мянган хүнд ноогдох хүн амины хэргийн тоо, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нийгмийн тэгш бус байдлын түвшин, авлигын эзлэх хэмжээ, ажилгүйдлийн түвшин, хотуудын агаарын бохирдлын хэмжээ болон дундаж наслалт зэрэг үзүүлэлтүүдийг шинжээчид ашигласан байна.
 
Дэлхийн хамгийн өндөр “стресстэй” орноор “Bloomberg”-ийн шинжээчид 70,1 оноо түүсэн Нигери улсыг шалгаруулсан бол хоёрдугаар байрыг 70,0 оноотойгоор Өмнөд Африк эзлэв.
 
 Харьцангуй элбэг дэлбэг амьдралтайгаараа БРИКС-ийн гишүүн нь хамгийн их “стресс”-тэй бусад улсаас сондгойрч байгаа юм. Түүний араас Эль-Сальвадор, Монгол, Гватемал, Колумби, Пакистан, Ямайк, Македони, Боливи жагсчээ.
 
Түүнчлэн 50-иас дээш “стресс”-ийн өндөр оноо түүсэн орноор Иран, Венесуэл, Босни ба Герцоговина шалгарсан бол чансааны 14 дүгээрт Энэтхэг /48,9 оноо/, 15-д Египет /46,3 оноо/, 17-д Бразил /45,3 оноо/ шалгарчээ.
 
Орос улс нь 43,8 оноотойгоор жагсаалтын 25 дугаарт орж_ Индонези, Болгартай хаяа хатгасан аж. ОХУ-ын хувьд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 15,65 мянган доллар, 100 мянган хүн тутмаасаа 10-ыг нь хөнөөчихдөг /10,2 хүн/, дундаж наслалт нь 69 нас гэж шинжээчид тогтоосон байна.
 
Гэхдээ ажилгүйдлийн түвшин нь ердөө л 5,5 хувь байгаа нь нэн бага үзүүлэлт юм. Харин нийгмийн тэгш бус байдлын түвшнийг харуулдаг Жинигийн коэффициент нь 41,7, хотуудын агаарын бохирдол нь нэг шоометрт 32,5 микрограмм ногдож байгаа аж.
 
Харин стрессгүй хамгийн ая тухтай орноор шинжээчид  Норвеги /5,4 оноо/, Люксембург /7,1/, Швейцарь /9,2/ улсыг нэрлэсэн аж. Түүнчлэн 54 дүгээрт орсон АНУ /25,7 оноо/, Их Британи /24,6/, Франц /22,8/, Германы /16,6/ хүмүүс тийм ч их  бухимдан уцаарладаггүй гэнэ.
 
С.Амар 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг