sonin.mn

ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /DAZN/. Украины боксчин Александр Усик, Их Британийн тамирчин Даниел Дюбуа нар хэт хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөө тулалдана. Тулаан долоодугаар сарын 19-нд Лондон хотын "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болно. “Ялсан боксчин хэт хүнд жингийн бүх бүсийг авах тул энэ удаагийн тулаан түүхэн тулаан болно” гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.


Өнгөрсөн онд Америкийн “The Ring” сэтгүүл А.Усикийг оны шилдэг боксчноор тодруулсан юм. Тэрбээр өнгөрсөн онд Британийн боксчин Тайсон Фьюриг хоёр ч удаа ялжээ.  


Өдгөө 38 настай А.Усик мэргэжлийн боксын рингэнд хийсэн бүх тулаандаа нэг ч ялагдаагүй байна. Тэрбээр Дэлхийн боксын зөвлөл /WBC/, Олон улсын боксын байгууллага /IBО/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Дэлхийн боксын зөвлөлийн /WBC/ дэлхийн аваргын бүсийг эзэмшдэг. 


Харин Д.Дюбуа 22 удаа ялж /21 удаа хүнд цохилтоор/ 2 удаа ялагджээ. Өдгөө 27 настай тэрбээр Олон улсын боксын холбооны /IBF/ дэлхийн аваргын бүсийг эзэмшдэг.  


А.Усик сүүлийн тулаанаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд Эр-Рияд (Саудын Араб) хотод хийсэн юм. Түүний өрсөлдөгч нь Британийн боксчин Тайсон Фьюри байв. Боксчдын хувьд энэ бол даагаа нэхэх тулаан байсан бөгөөд уг тулаанд А.Усик шүүгчдийн шийдвэрээр ялсан юм. Харин Д.Дубуа нутаг нэгт Энтони Жошуатай Лондон хотноо есдүгээр сарын 22-нд сүүлчийн тулаанаа хийсэн юм. Тэрбээр тав дахь үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг