sonin.mn

ТЕХРАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /DW/. Ираны өмнөд нутгийн томоохон боомтод дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо ням гаргийн байдлаар 40-д хүрч, 700 гаруй хүн шархадсан гэж төрийн мэдээллийн IRNA агентлаг мэдээлжээ. 


Гал сөнөөгчид ослын газарт ажилласаар байгаа бөгөөд ням гаргийн байдлаар гал түймрийн 80 хувийг унтраагаад байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Эскандар Моменийн хэлснийг төрийн мэдлийн телевиз эш татан уламжилсан байна.


Нийслэл Техранаас өмнө зүгт 1000 гаруй км зайд орших Хормозган мужид байрладаг тус боомт нь Ираны худалдааны хамгийн том боомт юм. Тус боомтоор Ираны нийт худалдааны ачаа эргэлтийн тэн хагас орчим, чингэлэг тээвэрлэлтийн 85-90 орчим хувь нь дамжин өнгөрдөг байна. Боомтын зарим үйл ажиллагааг сэргээсэн талаар төрийн телевизийн мэдээнд дурджээ.


Боомт дээр юу болсон бэ?


Бямба гарагт болсон дэлбэрэлт маш хүчтэй байсан тул 50 км-ийн зайд байсан хүмүүст сонсогдож мэдрэгдсэн гэж төрийн мэдлийн Fars агентлаг мэдээлжээ. Tasnim мэдээллийн агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтээс үүдэлтэй долгион боомтын ихэнх барилгад ихээхэн хохирол учруулсан байна.


Гэмтэж бэртсэн олон зуун хүнийг ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хүргэсэн гэж төрийн телевиз мэдээлжээ. Түүнчлэн аммиак, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг химийн бодисуудаар агаар ихээхэн бохирдсон тул ойролцоох мужийн нийслэл Бандар-Аббас хотын сургууль, албан газруудыг ням гарагт хаажээ. 


Эрүүл мэндийн яамнаас оршин суугчдыг “дахин мэдэгдэл хийх хүртэл” гадуур явахгүй байх, хамгаалалтын маск зүүхийг уриалсан байна. Бямба гарагт Иранд ажлын долоо хоног эхэлдэг тул дэлбэрэлт болох үед боомтод олон хүн ажиллаж байжээ.  


Химийн бодис дэлбэрсэн байж болзошгүй гэв


Хэдийгээр эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг зарлаагүй байгаа боловч боомтод хадгалагдаж байсан шатамхай химийн бодисуудаас үүдэлтэй байж болзошгүй байна.


New York Times сонин Ираны Лалын хувьсгалт гвардын корпустай холбоотой нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, пуужингийн хатуу түлшний гол бүрэлдэхүүн хэсэг болох натрийн перхлорат дэлбэрсэн байж болзошгүй гэжээ. Т


үүнчлэн Associated Press агентлаг химийн бодисыг буруу хадгалснаас болж дэлбэрэлт болсон байж магадгүй гэж мэдээлсэн байна. Ямар төрлийн химийн бодис нөлөөлсөн байж болзошгүй талаар тодорхой мэдээлэл алга байна. 


Ираны Батлан ​​хамгаалах яам ням гарагт мэдэгдэхдээ, дэлбэрэлт болсон газарт цэргийн ачаа байхгүй гэсэн бөгөөд уг боомтоор пуужингийн түлш оруулж ирсэн гэх мэдээллийг “үндэслэлгүй” хэмээн няцаасан байна. 


Бямба гарагт буюу Иран, АНУ-ын төлөөлөгчид Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх дээд түвшний гурав дахь шатны хэлэлцээг Оманд хийж, хэлэлцээнд ахиц дэвшил гарсан талаар тайлагнаж байх үед дэлбэрэлт болжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг