
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан намаас /Тобуро/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд тус намын дарга асан Ли Жэ Мён ялсан тухай түүний сонгуулийн штаб мэдэгджээ.
Нам доторх сонгуулиар тэрбээр 89.7 хувийн санал авсан нь 1987 онд тус улс ардчилалд шилжсэн цагаас хойш "Тобуро" нам болон намын өмнөх дарга нарын дунд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Харин Кёнги мужийн захирагч Ким Дон Ён 6.8 хувийн саналаар хоёрдугаарт жагсчээ. Ли Жэ Мён ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн хоёр дахь удаагаа өрсөлдөнө. Тэрбээр 2022 оны сонгуульд Юн Сог Ёльд 0.73 хувийн саналын зөрүүгээр ялагдсан байна. Юн Сог Ёль онц байдал зарласантай холбоотой үйл явдлын улмаас дөрөвдүгээр сарын 4-нд огцорсон юм.
“Энэ мөчөөс эхлэн би "Тобуро" намын нэр дэвшигч төдийгүй бослого үймээнийг эртнээс эцэс болгохыг хүсэж байсан ард иргэд, хямралыг даван туулж, ард түмний эв нэгдэл, аз жаргалын төлөө зүтгэхийг хүсэж буй бүх хүний өмнөөс нэр дэвшигч боллоо" хэмээн Ли Жэ Мён мэдэгджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Би Ерөнхийлөгчийн үндсэн үүргийг биелүүлж, үндэсний эв нэгдлийн төлөө бүхнээ зориулах болно" гэв. Урьд өдөр нь Ли Жэ Мён хэлэхдээ, дэлхийн том гүрнүүд болох Орос, Хятад хоёр улстай харилцахдаа БНСУ нэг талыг барьсан зөрчил сөргөлдөөнийг даамжруулж болохгүй гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Өмнөд Солонгосын тал Орос, Хятадтай харилцаагаа хадгалах ёстой гэжээ. Ли Жэ Мён удахгүй болох сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай улстөрчид тооцогдож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 21-нд "Realmeter" товчооноос танилцуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд, түүнд оролцогчдын 50.2 хувь нь Ли Жэ Мёныг хамгийн тохиромжтой нэр дэвшигчээр нэрлэсэн байна. "Иргэний хүч" намаас нэр дэвшигч Ким Мүн Сүгийг 12.2 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 3-нд болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0