sonin.mn
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
 
Тэрээр "Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд хоёр зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье.
 
1.Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар саналыг нь асуух гэж байна.
 
Зөвлөлдөх санал асуулга бол нийт иргэдийг төлөөлж чадахуйц статистикаар “солонгорсон” буюу санамсаргүй сонгогдсон түүвэр төлөөллөөс төрийн хэргийн талаар саналыг нь сонсож зөвлөлдөх судалгааны үйл явц юм. Гэхдээ тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр мэдээлэлтэй болсон иргэд төрийн хэргийг илүү нухацтайгаар зөвлөлдөх боломж олгодгоороо онцлог юм.
 
Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатыг иргэний нийгэм, эрдэмтэд судлаачдаас хамгийн олон давтамжтай ирүүлсэн асуудлаар дараахь 4 сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр энэ сарын 14-15-нд зохион байгуулах юм.
 
1. Иргэний болон улс төрийн эрх
2. Парламентын ардчилал
3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах
4. Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж үзэл бодлыг нь сонсох юм.
 
Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаархи мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулах юм.
 
Харин хэлэлцэж байгаа асуудлаар бусдын сэтгэл хөдлөлийг далимдуулах гэсэн, асуудлын мөн чанарыг хөөрөл, гутрал, туйлшралаар халхавчлан өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулахаар зорьдог бүлэглэл ч зөвлөлдөх санал асуулгын агуулга мөн чанарыг мушгин гуйвуулж, санал хураалтад нөлөөлөхийг санаархаж байгаа нь Монголын ардчиллын үнэт зүйл, зарчимд харш гэж үзэж байна.
 
2.Oлон нийтийн сүлжээнд бичсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай суртал ухуулга нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Ийм эмзэг сэдвээр улстөржих нь ард түмний эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна.
 
Үндсэн хууль болон засаглалын тогтолцоо зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн суурь асуудлуудыг иргэд ултай, суурьтай эргэцүүлэн тунгааж, бүрэн мэдээлэл, мэдлэгтэйгээр хэлэлцээд шийдэл гаргах нь ирээдүйн он жилүүдэд монголын нийгэм эрүүл, иргэддээ ээлтэй байхын үндэс юм.
 
Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын үеэр шинэ Үндсэн хуулийн талаар огт хэлэлцэхгүй, цаашдаа ч хэлэлцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Товчхондоо, энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй!" гэжээ.