sonin.mn
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ.
 
 Энэ тухайгаа тэрээр: "Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо.
 
Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.
 
Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ" гэжээ. 
 
Түүний өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа
 
2023 оны  02 дугаар сарын 06-ны өдөр                             Хүсэлт гаргах тухай 
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгт заасныг үндэслэж, Төмөрбаатарын Аюурсайхан миний бие Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ танд өргөн мэдүүлж байна. 
 
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг "нүүрсний" гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрпөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна.
 
Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.
 
Цаашилбал энэ асуудал нь надаар зогсохгүй Таны тэргүүлсэн Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөж, албан тушаалын аливаа нөлөөлөлгүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. 
 
 
Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас намайг  Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлж өгнө үү.  
 
Миний бие хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч Таны үүрэг болгосон нэн чухал ажил болох, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн Даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна. 
 
Миний бие Таны шударга ёсны төлөөх тэмцлийг анхнаас нь дэмжиж, гар бие оролцож, хамтран зүтгэсэн бөгөөд цаашид ч хувь иргэний зүгээс дэмжиж явах болно. Надад өндөр итгэл хүлээлгэж, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилж, хамтран ажилласан явдалд чин сэтгэлээсээ талархаж буйгаа энэ Дашрамд илэрхийлье. 
 
Хүндэтгэсэн,
 
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан
 
 
 
 
 
Улсын их хурлын дарга Гомбожавын Занданшатар танаа
 
2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                  Хүсэлт гаргах тухай;
 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтад "хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн" гэж заасныг үндэслэж Төмөрбаатарын Аюурсайхан миний бие Монгол Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна.
 
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг "нүүрсний" гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо.
 
Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ. 
 
Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.
 
Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ. Надад өндөр итгэл хүлээлгэж, Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгож, Намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
 
Хүндэтгэсэн,
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн: Т.Аюурсайхан