sonin.mn
Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет огцорч, түүний халааг Яир Лапид авлаа. Ингэснээр Лапид 11 дугаар сарын 1-нд товлосон парламентын ээлжит сонгуулийг хүртэлх хугацаанд, шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах хүртэл сайд нарын танхимыг тэргүүлэхээр болж байна. Телевизийн улс төрийн шоуны хөтлөгчөөс улс төрчийн амьдралыг сонгосон тэр мөчөөс хойших өнгөрсөн 10 жилийн хугацаанд Израилийн Ерөнхий сайд болох нь Я.Лапидын мөрөөдөл байсан гэхэд болно. Израилийн улс төрийн намууд сүүлийн 4 жилийн хугацаанд 5 дахь удаагаа парламентын сонгуульд бэлтгэж буй энэ үед Лапид улс төрийн өндөр дээд албан тушаалыг цаашид ч хашиж чадна гэдгээ харуулах ёстой болж байна. Сонирхогчийн боксоор хичээллэж байсан тэрбээр одоо консерватив үзэлт Б.Нетаньяху-гийн талынхны хатуу ширүүн дайралтуудтай нүүр тулах нь. Учир нь, Лапидын идэвхтэй оролцоотойгоор байгуулагдсан 8 намын эвсэлд ялагдсан Нетаньяху 2021 онд Ерөнхий сайдаас огцрохоос аргагүйд хүрч байв.
 
Н.Беннетийн засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Я.Лапид Беннеттэй өмнө нь хийсэн тохиролцооны дагуу засгийн газрыг тэргүүлэхээр болж байгаа юм. 8 намаас бүрдэх эвслийн дотор хагарал гарсны улмаас тус эвсэл парламент дахь олонхийн байр сууриа алдсан нь Беннетийг албан тушаалаа өгөхөд хүргэсэн билээ. Эвслийн засгийн газар тарж байгаатай холбогдуулан Лапид хэлэхдээ “хэдэн сарын дараа сонгууль болох хэдий ч бидний өмнө тулгарч буй асуудлууд биднийг хүлээхгүй” гэв. Тэрбээр тулгамдсан асуудлууд гэдэгт амьжиргааны өртөг өндөрсөж байгаа, Газын зурвас дахь аюулгүй байдал, Иран ба Ливаны зүгээс учруулж буй аюул зэргийг дурдсан байна. Түүнээс гадна “Израилийг ардчилсан биш улс болгож хувиргах гэж буй улс төрийн хүчнүүдийг сөрөн зогсоно” гэсэн нь битүүхнээр Нетаньяхуг дайруулж хэлсэн нь илт.  
 
Товч намтар ба улстөрчийн замналын эхлэл     
 
Израилийн 14 дэх Ерөнхий сайд Я.Лапид 1963 онд Тель-Авив хотод төржээ. Түүний эх нь зохиолч байсан бол эцэг нь Холокостын аймшигт үеийг даван туулж, сэтгүүлчээр ажиллаж байснаа улс төрд орж ирсэн хүн. Тэрбээр секуляризм буюу төрөөс сүм хийдийг тусгаарлахыг тууштай дэмждэг нэгэн байв. Армид алба хаах хугацаандаа Лапид цэргийн сэтгүүлд сурвалжлагчаар ажиллажээ. Хэдийгээр их дээд сургуульд суралцаагүй боловч тэрбээр сонинд ажиллаж, ном бичиж, зохиомж найруулж, дуу зохиож, кинонд тоглодог авьяаслаг нэгэн байлаа. Удалгүй гадаад төрх сайтай, царайлаг тэрбээр телевизийн салбарт ажиллах болов.
 
 
Телевизийн мэдээний хөтлөгч байхдаа Лапид эрх баригчдыг мэтгэлцээнд дуудаж, тэдэнтэй үг сөргөж дуулиан дэгдээж байсан нь түүнд нэр хүндийг авчрав. Ингэхдээ бусдад олз болохоор алдаа хийж байсан үе бий. Жишээ нь, тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Нетаньяху-тай ярилцаж байх үеэрээ Лапид “би эдийн засгийг огт мэддэггүй” гэж байв. Түүний энэ үгийг улс төрийн өрсөлдөгчид нь өнөөдөр мартаагүй нь лавтай.
 
 
Лапидын улстөрчийн замнал нь 2011 онд буюу нийгэм-эдийн засгийн байдал хүндэрч, олон нийтийн эсэргүүцэл ширүүсч эхэлсэн тэр үед эхэлсэн байна. Тэрбээр "Еш Атид" ("Ирээдүй бий") гэдэг улс төрийн намыг байгуулж, дундаж давхаргынхны өмнө тулгарч буй өдөр тутмын чухал асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ амлаж байлаа.   2013 оны сонгуульд тус нам амжилттай оролцож, сонгогчдын 14 хувийн саналыг авав. Сонгуулийн сурталчилгааны үеэр Я.Лапид орон сууцны үнэ хэт өндөр байгааг шүүмжилж, боловсролын салбарт шинэчлэл хийхийг уриалж, шашны хэт хуучинсаг үзэлтэй еврейчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байв.   Сонгуулийн дүнгээр "Еш Атид" нам Нетаньяхугийн “Ликуд” намын удирдсан эвсэлд нэгдэж, Лапид Сангийн сайдаар томилогджээ. Гэвч эвсэгч намуудын дотор хагарал гарснаар 2014 оны сүүлчээр тэрбээр огцорсон байна. Сөрөг хүчний удирдагч болсон Лапид авлигын хэрэгт холбогдсон Нетаньяхугийн талаар 2018 онд гэрчийн мэдүүлэг өгч байв.
 
Лапид ба Орос
 
Сүүлийн нэг жилд Лапид эвслийн засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсныг дээр дурдсан. Энэ үед Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров нэг удаа ярихдаа “Гитлер еврей гаралтай байсан” гэсний хариуг тэрбээр өгөх ёстой болов.
 
“Лавровын хэлсэн үгийг уучилж боломгүйгээс гадна энэ бол түүхийн аймшигтай алдаа мөн. Еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэлд еврейчүүдийг өөрсдийг нь буруутгана гэдэг бол арьсны үзлийн жигшүүрт хэлбэр юм”. 
 
Энэ оны 3 дугаар сард тэрбээр “Орос улс Украинд халдан довтолсон явдлыг Израиль буруушааж байна” гэдгийг мэдэгдээд дайралтаа зогсоож хэлэлцээний ширээний ард сууж, асуудлуудыг шийдэхийг Орост уриалжээ. Украинд үйлдэгдэж буй цэргийн гэмт хэрэгт Израилийн улстөрчдийн дотроос хамгийн түрүүнд Оросыг буруутгасан хүн бол Лапид юм. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө, дайн эхэлсэн тохиолдолд Оросын эсрэг авах хориг арга хэмжээг хэлэлцэж байх тэр үед Лапид хэлэхдээ, Израиль улс өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандана гэдгийг мэдэгдэж байв.  Эрх ашиг гэдэг нь, АНУ-тай тогтоосон хамтын ажиллагаа, Сирид явуулж буй Израилийн армийн тусгай ажиллагаа зэргийг хэлж байгаа бөгөөд Сири дэх израильчуудын ажиллагааг Оросын тал анзаараагүй мэт дүр эсгэсээр ирсэн билээ. Я.Лапид Ерөнхий сайдын хувиар 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх бол 7 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Израильд айлчилна.
 
Лапид ба Палестин
 
Израиль-Палестины сунжирсан мөргөлдөөний тухайд, тэрбээр өмнөх ерөнхий сайд нараас арай зөөлөн байр суурьтай байх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Шинэ ерөнхий сайд “хоёр улс”-ын тухай үзэл баримтлалыг дэмждэг боловч зарим чухал асуудлаар буулт хийхийг эрс эсэргүүцдэг. Өмнө нь хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө тэрбээр “Иерусалим хот бол Израилийн нийслэл хэвээр байх болно, түүнийг хуваах нь байж боломгүй зүйл. Иерусалимийн зүүн хэсгийг палестинчууд өөрсдийн ирээдүйд байгуулах улсынхаа нийслэл гэж үзэж байгаа нь түүхийн үүднээс ямар ч баримт нотолгоогүй зүйл” хэмээн дурдаж байв. 6 дахь удаагаа засгийн газрыг тэргүүлэх зорилго өвөрлөж буй Б.Нетаньяхугийн хувьд, өөрийн өрсөлдөгчийг “аюулгүй байдлын асуудлаар, ялангуяа Ираны аюул занал, терроризмтай хийх тэмцэл зэрэг асуудал дээр мэдлэг туршлага муутай хүн” гэж харуулахаар оролдох нь тодорхой.
 
Харин Я.Лапидын хувьд, Израилийг гадны аюулаас хамгаалж чадна, дотоодын эв нэгдлийг хангаж чадна гэдгээ харуулах нь хамгийн гол зорилт. Сөрөг хүчнийхний зүгээс түүнийг гоочилж буй нэг шалтгаан бол “Я.Лапид Тель-Авивын давуу эрх эдэлдэг дээд зиндааныхны явцуу хүрээг төлөөлдөг” гэх үг яриа юм. Үүнийг няцааж, даван туулах нь Лапидын хувьд амаргүй байх болно.     
 
Бусадтай гар нийлэх чадвар
 
Хэдийгээр хэт хуучинсаг улс төрийн намууд түүнд маш дургүй боловч зорилгодоо хүрэхийн тулд ямар ч улс төрийн хүчинтэй хамтран ажиллах чадвартай гэдгээ Лапид нотлон харуулсан. Тэрбээр 2019 онд одоогийн Батлан хамгаалахын сайд Бенни Ганц-тай нэгдэж сонгуульд оролцож байсан бол өнгөрсөн онд олон намын эвслийг байгуулснаар Нетаньяхуг засгийн эрхнээс холдуулж чадсан билээ.
 
Түүхэнд анх удаагаа Арабын исламист нам эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан нь олон улсын зүгээс сайшаал дэмжлэгийг хүлээсэн юм. Тэрбээр коронавирусний хоёр давалгааг даван гарч, Вашингтон болон Арабын орнуудтай харилцаагаа сайжруулж чадсан.
 
Хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгын дүнг үзвэл, Нетаньяхугийн удирдсан “Ликуд” нам ирэх сонгуулиар хамгийн олон суудал авч чадах боловч бусад холбоотон намуудтай нийлээд засгийн газрыг эмхлэн байгуулах хэмжээний олонх болж чадахгүй бололтой. Ийм ээдрээтэй үед Я.Лапид улс төрчийн ур чадвараа бүрэн харуулж, ерөнхий сайдын суудлаа сонгуулийн дараа ч хадгалж чадна гэдгээ нотлох хэрэгтэй болж байна.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: bbc.com