sonin.mn

ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч дөрвөн улс болох АНУ, Египет, Катар, Туркийн удирдагчид Египетийн Шарм-эль-Шейх хотод өчигдөр болсон дээд түвшний уулзалтын үеэр Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулсан хамтарсан тунхаг гарын үсэг зуржээ.


“Бид хамтдаа хүн бүрийн боломжгүй гэж бодож байсан зүйлд хүрлээ. Эцэст нь Ойрх Дорнодод энх тайван тогтлоо” хэмээн Д.Трамп дээд хэмжээний уулзалтад цугласан дэлхийн 20 орчим улсын удирдагчдын өмнө хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.


Д.Трампын хэлснээр уг баримт бичигт Газын зурваст хоёр жилийн өмнө эхэлсэн Израил, ХАМАС-ын дайныг дуусгахад чиглэсэн цаашдын алхмуудын тухай “дүрэм журам, заалт”-уудыг нарийвчлан тусгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч тунхагт гарын үсэг зурсан өдрийг “дэлхий дахин болон Ойрх Дорнодын хувьд ер бусын гайхамшигтай өдөр” хэмээн тодорхойлжээ. Газын зурваст дайныг зогсоох 20 зүйл бүхий төлөвлөгөөгөө Д.Трамп есдүгээр сарын сүүлчээр танилцуулсан билээ. Уг төлөвлөгөөний эхний үе шат хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ХАМАС бүлэглэлийн барьцаанд хоёр гаруй жилийг өнгөрүүлсэн Израилын иргэд бүгд эх орондоо ирсэн бол Израилын тал хариуд нь шоронгуудад нь хоригдож байсан 2000 шахам палестинчуудыг суллажээ.


Хэлэлцээрийн хоёр дахь үе шат нь эхний үе шаттай уялдаатай тул хэлэлцээ аль хэдийн явагдаж байна гэж Д.Трамп мэдэгдсэн байна.


Шарм-эль-Шейхийн дээд хэмжээний уулзалтад Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Иорданы хаан Абдулла, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян зэрэг удирдагчид оролцжээ. 


Харин Израил болон ХАМАС-ын төлөөлөгчид уг уулзалтад оролцоогүй байна. Д.Трамп Египетэд очихоосоо өмнө Израилд айлчилж, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзжээ.


Тэрбээр Израилын Ерөнхий сайдыг тунхагт гарын үсэг зурах ёслолд оролцохыг урьсан боловч Б.Нетаньяху удахгүй еврейчүүдийн баяр болох гэж байгаа тул татгалзсан байна.

          


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг