sonin.mn

Казахстан Евроазийн ложистикийн чухал тоглогч болох зорилгоор зам тээврийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, энэхүү том зорилгын төлөө Астана олон чухал шийдвэрүүдийг гаргасаар байна. Тухайлбал 2025 оны 9-р сарын 22-ны өдөр Казахстан төмөр зам ХК болон АНУ-ын Wabtec компани хооронд байгуулагдсан нийт 4.2 тэрбум ам.долларын хэмжээтэй, 10 жилийн хугацаанд 300 ширхэг ES44Aci загварын хүнд даацын зүтгүүрийг нийлүүлэх гэрээ нь төлөвлөгөөт ажлуудын нэг төдий. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудад асар өндөрт тооцогдох 4.2 тэрбум ам.долларын хөрөнгийн зардал (capex) Казахстаны хувьд төмөр замын реформын хүрээнд хийгдэх нүсэр их хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг юм.


Тээврийн салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал


Цар тахал, түүний араас үүссэн Украины хямрал Казахстаны зам тээврийн салбарт хүндхэн цохилт болсон ч нөгөөтээгүүр бодлого тодорхойлогч нарт боломжуудыг нээн харуулав. Казахстаны засгийн газар 2022 оны 12-р сарын 30-ны өдөр 116 дугаар тогтоол гаргаж “Бүгд Найрамдах Казахстан Улсын тээвэр, ложистикийн чадавхыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-аа батлав. 2030 онд гэхэд бүс нутагтаа дотоод тээвэр болон транзит тээврийн чадавхаар тэргүүлэгч болно хэмээн тунхагласан уг үзэл баримтлалд БНХАУ, ОХУ, Киргиз, Узбекстан, Каспийн тэнгис орчмын (Иран, Азербайжан, Гүрж, Турк) улсуудтай тээврийн холболтуудыг хийх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргажээ. Нарийн боловсруулсан шинэ үзэл баримтлал үр дүнгээ өгч 2024 оны жилийн эцсийн байдлаарх Казахстаны тээврийн салбарын ачааны хэмжээ нийт 1,078 сая тонн-д[1] хүрэв. Казахстаны тээврийн салбарыг ачаа эргэлтийн хэмжээгээр нь авч үзвэл бүх төрлийн ачаа тээврийн эргэлт тайлант хугацаанд 514,455.5 сая тонн-км-т хүрсэн аж. Үүнээс 327,943.6-сая тонн-км ачааны эргэлт бүхий төмөр зам нийт ачааны 63.7%-ийг бүрдүүлсэн. Мөн далайн тээврийн ачааны эргэлт 2024 онд 84.1% нэмэгдсэн байна.


Хүснэгт 1 Казахстаны тээврийн салбарын ачаа эргэлт, төрлөөр, сая тонн-км ачаа[2]


Эх сурвалж: Казахстан төмөр зам ХК


Дээрх хүснэгтэд онцгойрон ялгарч буй төмөр замын суурь хүчин чадлын нэмэгдэл болон далайн тээврийн өсөлт нь Казахстаны 2030 үзэл баримтлал тэр дундаа бүс нутгийн транзит тээврийн зангилаа болох зорилтуудын гүйцэтгэл сайн байгааг нотолж байна. Казахстаны транзит тээврийн хэмжээ сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж 2024 онд 27.4 сая тоннд хүрсэн бөгөөд олон улсын экспертүүдийн үзэж буйгаар 2035 он гэхэд 100 сая тонн-ыг давах төлөвтэй байна. Казахстаны төмөр зам ХК-ийн тайланд дурдсанаар Казахстаны олон улсын тээвэр 27.4 сая тонн хүртэл өсөхөд БНХАУ – Европ чиглэлийн чингэлэг тээвэр, ОХУ-аас Төв Ази болон Афганистан руу нийлүүлсэн газрын тос, ОХУ-с Төв Ази руу нийлүүлсэн үр тариа, Беларусаас БНХАУ-руу тээвэрлэсэн бордооны нийлүүлэлт нөлөөлсөн байна.


Евроазийн тээврийн зангилаа коридорууд


Өдгөө Казахстаныг олон улсын тээврийн гол тоглогч болгох нөөцтэй хэд хэдэн тээврийн коридорууд бий. Эдгээр нь 1-т ОХУ-аас Төв Ази, 2-т Хятад – Европ, 3-т Хятад – Төв Ази, 4-т Хятад – Иран гэсэн үндсэн коридоруудаас бүрдэнэ.


Зураг 1 Казахстаны төмөр замын үндсэн маршрут


Эх сурвалж: Казахстан төмөр зам ХК


Эдгээр коридорууд дундаас хамгийн сонирхолтой бөгөөд эрчимтэй хөгжиж буй нь Каспийн тэнгисийг гаталж, далайн тээвэрлэлт хийж буй Транскаспийн олон улсын тээврийн маршрут юм. Далайд гарцгүй Казахстаны далайн тээврийн үзүүлэлт 2024 онд 84 гаруй хувиар өссөн нь энэ маршрут хэчнээн хурдан эдийн засгийн эрэлтэд орж байгааг батална. Европ – Хятадыг шууд холбож буй уг коридорыг идэвхжүүлэх ажлын хүрээнд Казахстаны засгийн газар БНХАУ-тай Ляньюньган, Сиань, Достык, Хоргос, Курык, Актау, Алматы гэсэн 7 том терминалыг ашиглаж байна.


Тус боомтууд Казахстаны тээврийн салбарын өсөлтөд хувь нэмэр оруулж байгаагийн нэг бодит жишээ Сиань хотод шинээр байгуулагдсан терминал юм. Чингэлэг ачааны зориулалттай уг терминалаар 2024 онд 35.6 мянган ширхэг 20 фут хэмжээтэй чингэлэг (Монголчууд 20 тонны гэж нэрлэж заншсан) нэвтэрч өмнөх оныхоос даруй 33 дахин өссөн. Эдгээр чингэлгүүд бүгд Европ-БНХАУ хооронд тээвэрлэгдсэн байна. Тээврийн салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд Казахстан БНХАУ-тай хамтран ойрын жилүүдэд шинээр 7 терминалыг нээхээр ажиллаж байгаа ажээ. Казахстаны Засгийн газрын мэдээлж буйгаар олон талт гэрээ хэлэлцээрүүд, их хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүнд Казахстанаар дайрах Европ-БНХАУ хоорондын чингэлэг тээврийн үргэлжлэх хугацаа 53 хоногоос 17 хоног болон буурчээ.


Тээврийн салбарын ирээдүйг тодорхойлогч Казахстан төмөр зам ХК


Геополитикийн эгзэгтэй үеийг мэдэрч Европ-Азийг холбосон шинэ коридорыг хөгжүүлж буй Казахстаны тээврийн салбар тэр чигтээ Төмөр замд тулгуурладаг гэхэд хилсдэхгүй. Тус улсын төмөр замын сүлжээ нийт 16 мянган км урттай Транс-Арал төмөр зам, Транс-Каспийн төмөр зам, Туркестан-Сибирийн төмөр замуудаас бүрддэг. Казахстаны засгийн газраас 2029 он хүртэл дахин 5 мянган км төмөр замыг шинээр барьж, нийт 21 мянган км-т хүргэх төлөвлөгөө гаргасан бөгөөд одоогийн байдлаар Достык-Мойнты, Алматы тойруу, Дарбаза-Мактарал, Мойнты-Кызылжар, Бахты-Аягоз гэсэн таван төслийн барилга угсралтын ажил хийгдэж байна.


Төмөр замын салбарт өргөн хүрээний реформыг хийхгүйгээр зам тээврийн салбарт бүс нутгийн гол төв болох боломжгүй. Иймд реформыг гүйцэлдүүлэхийн тулд 2024 оны 6-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайдын 224 тоот тушаалаар “Төмөр замын тээврийг 2029 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг батлав. Уг үзэл баримтлалд 2029 он хүртэл жилд дунджаар 1400-1600 км замыг засах, шинээр барих, дижитал хяналтын системийг нэвтрүүлэх, транзит тээврийн маршрутуудтай холбогдох, тээврийн дундаж хурдыг 39 км/цагаас 44 болгох шинэчлэлийг хийх зэрэг зорилтуудыг баталгаажуулан хийгдэх ажлуудыг нарийвчлан тодорхойлжээ.


Зураг 2 Казахстаны төмөр замын сүлжээ


Эх сурвалж: Казахстан төмөр зам компани ХК


Засаглал талаас Казахстаны төмөр зам тэр чигтээ Казах төмөр зам ХК-ийн бүрэн мэдэлд байх ба уг компанийн 100 хувийн хувьцааг Казахстаны Үндэсний баялгийн сан Самрук-Казына эзэмшдэг. Тус компани 2024 оны жилийн эцсийн байдлаар 1.8 мянган зүтгүүр, 40.4 мянган ачааны вагон, 2.3 мянган зорчигчийн вагон, 117.7 мянган ажилтантай, Казахстаны нийт бараа тээвэрлэлтийн 64 хувь, хүн тээврийн 14 хувийг бүрдүүлж буй том аж ахуйн нэгж юм. Засгийн газраас тээврийн салбарт хэрэгжүүлж буй том шинэчлэлийн үр дүн компанийн санхүүгийн тайлангаас уншигдана. Тодруулбал 2024 оны санхүүгийн жилд компанийн нийт хөрөнгө 4.9 их наяд тенге буюу 10.5 тэрбум ам.доллар[3], нийт эздийн өмч 2.4 их наяд тенге буюу 5.2 тэрбум ам.доллар, борлуулалтын орлого 0.9 их наяд тенге буюу 2 тэрбум ам.доллар, цэвэр ашиг 127 тэрбум тенге буюу 272 сая ам.доллар байжээ.


Хүснэгт 2 Казахстан төмөр зам ХК-ийн санхүүгийн үзүүлэлт тэрбум тенге


Эх сурвалж: Казахстан төмөр зам компани ХК-ийн санхүүгийн тайлан


2021-2024 оны компанийн жилийн эцсийн санхүүгийн тайланг харахад цэвэр ашиг төдийлөн өсөөгүй боловч нийт хөрөнгийн хэмжээ жил бүр 13.2% CAGR тогтмол өссөн. Цэвэр ашгийг борлуулалтын орлоготой харьцуулахад чамлалттай боловч борлуулалтын орлогоос 120 гаруй мянган ажилчны цалин, дэд бүтцийн их хэмжээний хөрөнгийн зардал /Capex/-г гаргаж байгаа гэж үзэхэд 272 сая ам.долларын цэвэр ашгийг чамлаж үл болно.


Казахстан төмөр зам ХК-ийн хөндлөнгийн аудитораар баталгаажсан тайлангаас Казахстаны Үндэсний баялгийн сан Самрук-Казына нь өөрийн охин компаниараа төмөр замыг удирдуулан цэвэр ашгийг хуримтлагдсан ашиг хэлбэрээр сандаа хуримтлуулж, нөгөө талаар үндсэн сангийн ашгаас зээл хэлбэрээр тээврийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг санхүүгийн схемийг ашиглаж буй нь харагдана. Үүн дээр Казахстаны засгийн газрын зүгээс төмөр замыг либералчлах бодлогын хүрээнд 2027 оноос эхлэн үе шаттайгаар Казахстан төмөр зам ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн гэдгийг харгалзан үзвэл 2030 он хүртэл хийгдэх реформын санхүүжилтийг улсын төсвөөс үл хамааруулан хэрэгжүүлэх бодлоготой байна.


 Дүгнэлт: Казахстан Евроазийн тээврийн гол зангилаа болох боломжтой


Дэлхийн геополитикийн хурцадмал байдал Казахстанд олон эрсдэл бэрхшээлүүдийг авчирч буй ч төмөр замын салбарт эерэг нөлөөлсөн гэж болно. Зөвхөн Астана төдийгүй бүс нутгийн гүрнүүд Транскаспийн олон улсын тээврийн маршрутад маш ач холбогдол өгч буй нь Казахстаны тээврийн салбарын үзэл баримтлалаа шинэчилсэн, АНУ-аас 4 тэрбум ам.долларын зүтгүүр авах гэрээ хийсэн, 5 мянган км төмөр зам барихаар болсон, Каспийн боомтын чадавхыг нэмэгдүүлж далайн тээврийг 84 хувь өсгөсөн, Европ БНХАУ хоорондын чингэлэг тээврийн хугацааг 3 дахин бууруулсан, олон боомтуудыг шинээр барьж буй зэрэг бодит үйл явдлуудаас тодорхой харагдаж байна. Гагцхүү Казахын асар өргөн уудам нутагт Евроазийн дамжин өнгөрөх олон улсын транзит тээврийн сүлжээг байгуулах ажил тун ярвигтай. ЗХУ-ын 1520 мм царигтай Казахстаны үндэсний төмөр замын системийн тал гаруй хувь элэгдэлд орсон тул засах хэрэгцээ бий. Үүн дээр нэмж 5 мянган км төмөр замыг шинээр барих, боомтуудыг байгуулах, зүтгүүр нэмэх зэрэг ажилд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.


Иймд төлөвлөгөө хэрэгжих эсэх нь цорын ганц гүйцэтгэгч болох Казахстан төмөр зам ХК-ийн нөөцүүд тэр дундаа санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлана. Өөрөөр хэлбэл Казахстаны зам тээврийн салбарын ирээдүй Казахстан төмөр зам ХК хэрхэн ажиллахаас хамаарна.


Өдгөө тус компанийн эздийн өгөөжийн хувь сүүлийн дөрвөн жилд дунджаар 6.4 байгаа ба хөндлөнгийн аудитын тайланг уншихад санхүүгийн нөхцөл байдал ил тод эрүүл байна. Түүнчлэн цаашид хувьцааг олон нийтэд санал болгосноор засаглал, санхүүгийн ил тод байдал улам сайжрах болно. Санхүүгийн нөөцийн хувьд тус компанийг 100 хувь Үндэсний баялгийн сан Самрук-Казына эзэмшиж буй нь төлөвлөгдөж буй их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх боломжтой гэдгийг харуулж байна. Казахстан Үндэсний баялгийн сангаараа дамжуулан Казахстан төмөр зам ХК-ийн эздийн өмчийг шууд нэмэгдүүлэх, хоёрдогч өглөг олгох, зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүжилтийн олон аргыг ашиглан төмөр замын реформыг санхүүжүүлэх чадамжтай. Гагцхүү Казахстаны эдийн засаг уул уурхай тэр дундаа нефть, байгалийн хий, уран, зэс зэрэг ашигт малтмалууд дээр тулгуурладаг учраас Самрук-Казына сангийн мөнгөн урсгал хэрхэхийг олон улсын зах зээл шийдэх болно.


  1. 2023 оны жилийн эцсийн дүнгээс 10 хувиар өссөн
  2. Ачаа эргэлтийн хэмжээг тээврийн бүх төрлөөр ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тээсэн ачааны хүндийн жинг тээвэрлэсэн замын уртаар үржсэн үржвэрийн нийлбэрээр тодорхойлдог
  3. Ханшийг 2024 оны санхүүгийн тайланд тусгагдсан 1 ам.доллар 469 тенге байхаар тооцоолов.


Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв