sonin.mn
ӨНӨӨДӨР ИЙМ БАЙГААГИЙН БУРУУТАН НЬ...
 
14 хоногийн өмнө 10 жил 10 тэрбум дээр “гацсан” эдийн засгаа дор хаяж 4 дахин тэлж,  нэг иргэнд ногдохоо 10,000 долларт хүргэх замаар дундаж цалинг зах зээлийн өөрийнх нь жамаар 1,000 долларт аваачих эдийн засгийн шинэ архитектурын тухай жижигхэн нийтлэл хүргэж, суурь санаагаа томьёолоод орхисон.
Хавтгайрсан халамжийг ялах арга нь халамжийг нь хүчээр хаах, багасгах буюу захиргаадалт гэж хүмүүс үзээд байх шиг. Үгүй ээ.
 
 
 
Халамжийг ялах хамгийн зөв арга бол экспортыг хараалж, хөдөлмөрийн төрөлжилт, үндэсний брэндинг, технологи нутагшуулал, менежмент-инновацийг дэмжих замаар бүтээмжийн хувьсгал хийж, хөдөлмөрийн үнийг зах зээлийн жамаар нь өсгөх явдал гэж би үздэг. Захиргаадалтаар биш бүтээлч сүйрлээр л халамжид живсэн эдийн засгаа аварч чадна.
 
 
 
Иймээс энэ аяны тухай ярихад ч, шийдлүүдийг нь хэлэхэд ч өнгөрсөн үеийн ах нарт, төр засийн удирдлагуудад үнэндээ харамсах сэтгэл төрдөг. Хэтэрхий сэтгэлгүйгээр, хэтэрхий хайнгаар эдийн засагтаа, тэр тусмаа орлого, экспортын асуудалд хандсаар ирсэнд нь үнэхээр гомдмоор...
Сануулж хэлэлгүйгээр, шахаж шаардалгүйгээр дэмий ангайж энэ хүртэл явсан бас бидний ч буруу байх. Харин ойрмогхон үүнийг засахгүй юм бол эдийн засаг маань, энэ улс маань ангалын ирмэг дээр аль хэдийн ирсэн.
 
ОРЛОГО: НЭР ТӨРӨЛ, ҮНЭ, ТОО
 
 
S=Σp*q бол орлогын тэгшитгэл. Ойлгомжтойгоор энгийншүүлэн хэлбэл орлого гэдэг бол хэдэн салбарын, хичнээн нэр төрлийн бараанаас, хэдий үнээр хичнээн тоогоор зарж чадснаар хэмжигдэнэ. Хоржоонтой нь Монголчууд бидний олдог орлого дээрх тэгшитгэлээс хэд дахин цомхон.
 
 
Биднээс хамааралгүйгээр байгалийн жамаар бүрэлдэн бий болсон нүүрс, зэс, алтнаас өөр гадагш нь гаргаад өгчих барааны цэс бидэнд байхгүй. Үүнийгээ бас хайж олох, хагалж олборлож эхлэх гээд аль ч шатанд нь бид бараг оролцоо ч үгүй. Харин бэлэн болж орлого орж эхлэхэд нь сая бидний чадах ажил эхэлнэ. Олсон жаахнаа уралдан тараахаар, унац ихтэй байршил, мест, сүлжээн дээр төрийн өмчит компани, үйлдэрийн газар нэрээр очиж үүцийг нь ухахаар эрх баригчид, улс төрчид үймэлдэх бол, хуваарьт орох хувьгүйчүүдээс хувь хишиг хүртэх хүсэлтэнгүүд нь өөрсдийнхөөрөө аргаа олно.
Болгосон, босгосон, бүтээсэн дээр л бүгд ирж шавааралдахаас бус шинэ барааны цэс нэмье гэж өнгөрсөн 30 жилд ноолуурыг эс тооцол үнэндээ хэн маань, ямар ч улс төрч, нам эвсэл явсан юм бэ? Нөөц, стандарт, гарал үүслээ нотолсон хэд хэдэн улсын зах зээлийн ядаж 10 хувийг хангасан уул уурхайн бүс экспортын нэг л бүтээгдэхүүн, ганц л сайн түүх бидэнд хэрэгтэй байна. Боломжууд уг нь хангалттай бий, түүний тухай дараа дараагийн бичвэрүүдээр олонтаа ярих тул ингэс гээд орхиё.
 
ҮНЭЖҮҮЛЭХ ҮНЭХЭЭР ДУРГҮЙ 
 
Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойг давах бараа олж чаддаггүй юм бол байгаа энэ нөөцөө илүү үнэтэй болгоход яагаад анхаардаггүй гээч. Тэр бүрт бараагаа үнэтэй болгохыг Монголын төр хүсдэггүй штээ гэж ганцхан хариулт л хэлмээр санагддаг. Нэмүү өртөг нь Монголдоо үлддэг, нэг ч гэсэн шатны боловсруулалтыг нь эх орондоо хийхийг дэмждэг бодлогогүйгээр, эсвэл түүнийг мэдэлгүйгээр өнгөрсөн 30 жилд үе үеийн УИХ, ЗГ дэрвэцгээснийг бодохоор харамсмаар. Шороо чигээр нь ачаад гарах, эцсийн бүтээгдэхүүн аваачиж өгөхийн аль нь ч байсан бидэнд адилхан гэж хэлдэг тийм татварын тогтолцоотой улс, Монгол бол. Энгийнээр хэлбэл юуг, яаж худалдаалах вэ? гэдэг худалдааны, тэр тусмаа гадаад худалдааны бодлогоо тодорхойлоогүйгээр  30 жил гангарчихсан хүмүүс өнгөрсөнд төр засагласан гэвэл та итгэх үү? Энэ тухай чуулганы танхимд илэрхийлсэн байр суурь, асуулга , онлайн хэлэлцүүлгүүдийг ороод үзэж болно.
 
Эндээс ачигдсан барааг тосож авах эхний боомтууд болох хойд, урд хөршийн татварын бодлого гэхэд эцсийн бүтээгдэхүүнээс түүхий эд импортлогдохыг илүүтэй дэмжсэн тарифтай. Ийм байхад тэнд илүү татвар төлөхийн төлөө энд үйлдвэрлэл явуулаад хөлсөө урсгах тэнэг бизнесмен хаана ч олдохгүй шүү дээ. Үйлдвэрлэлийн үе шатыг өсгөхөд биш түүхийгээр нь зөөхөд зориулсан татварын тогтолцооны талаар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн эхний өдрөө ЕС-д сануулж, элдэв тоо баримт, судалгаануудтай одоо ч ноцолдсоор л сууна. Үүнийг өөрчлөхгүйгээр, зөв гольдролд нв засаж оруулахгүйгээр Монголын баялаг үнэтэй болох үүд хаалга нээгдэхгүй ээ.
 
Ахиад л асуух нь өнгөрсөн 30 жилд үүний төлөө яагаад 95 хувьд нь засаг барьсан эрх баригчид, 20-30 жилд илжиртлээ ордонд суусан энэ улс төрчид яваагүй юм бэ? явахгүй байгаа юм бэ? Эсвэл үнэхээр Монголын баялаг үнэтэй болоход үнэхээр дургүй гэж үү?
 
ЭКСПОРТ НЭГДҮГЭЭРТ
 
5 жилийн өмнө өөрийнхөө пэйж дээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чон Хиг-ийн НЭГДҮГЭЭРТ ЭКСПОРТ бодлогын тухай жижигхэн түүхийг оруулж, улсаараа урагш харж зүтгэснээр юунд хүрч, юуг бүтээснийг нь барагцаалдан өгүүлж байжээ.
Үлгэрлэн сонсдог, үзэж хардаг бүхий л улсуудын маань уг нь үүх түүх нь үнэндээ ЭКСПОРТ НЭГДҮГЭЭРТ гэх үүн шиг үзлээс л, үйл хэргээс л эхэлсэн байдгийг уг нь бүгд мэднэ.  Бид ч асуудлын гол нь орлого багаас л болоод байгаагgg анзаарч хараад байх шиг. Экспорт л энэ улсын номер нэг  асуудал гэдгийг дээр дооргүй мэдсээр байж үүнийг ярьдаг хүнгүй, хариуцсан газаргүй, тоож хардаг ч улс төрчгүй аанай л 30 жил бас өнгөрчээ. Арга ч үгүй биз, олохоосоо үрэх нь амар болохоор очсон бүхэн зарлага томтой газрыг л онилохоос зам бүү хэл жим ч байхгүй гуйх, аргадахын үйлтэй албыг хэн нь ч хийх билээ дээ, өмнөх үеийн ах нарын. Харин одоо үүнийг өнөө үеийн бид, үргэлжлүүлэн авч явах ёстой АН-ынхан бид өөрчлөх цаг болсон. Асуудал бүхний эхэнд орлого гэж харж, ЭКСПОРТ руу илүү ихээр хараална. Үр дүнд нь эдийн засгаа 4-өөс ихээр өсгөж, дундаж цалинг 1,000$-оос давуулж чадна. 
 
 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл