sonin.mn
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа долдугаар сарын 4-нд эхэлсэн. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал нь нийслэлээс ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газарт байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор  хотын дөрвөн цэгээс их багтаамжийн буухиа автобус иргэдэд үйлчилж эхлэхээр болсон. Тодруулбал, “5 шар-”Драгон”  авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилнэ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар болсон.
 
Гэвч тухайн буухиа автобуснууд  долдугаар сарын 4-нөөс гурван өдрийн турш үйл ажиллагаагаа явуулаад зогсчээ. Учир нь нисэх онгоцны үйл ажиллагаа жигдрээгүй. Нислэгийн тоо цөөн. Тэр дундаа короновирусын нөхцөл байдлаас шалтгаалаад олон улсын болон орон нутгийн нислэгийн цаг хугацаа нь тодорхойгүй, заримдаа  нислэг нь цуцлагддаг учраас нийтийн тээврийн автобус явуулах боломжгүй болжээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулахад “Хөшигийн хөндий рүү явж байсан автобусууд тодорхойгүй хугацаагаар зогссон. Хэзээнээс эхлэх нь  тодорхойгүй байна. Нислэгийн үйл ажиллагаа жигдрээд, нислэгийн тоо олон болж хүмүүсийн үйлчлүүлэх явц хэвийн байдалд шилжихээр үйл ажиллагаа хэвийн болж, тогтмол явуулах төлөвлөгөөтэй байна” гэв. 
Тиймээс иргэд хувийн машинаас гадна шинэ онгоцны буудал руу хэрхэн зорчиж болох талаар судалсны эцэст “Улаанбаатар Эйрпорт Шаттл” компанитай холбогдлоо. Эднийх Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү ирж, очих тээврийн үйлчилгээ эрхэлж буй юм.
 
 
 
“Улаанбаатар Эйрпорт Шаттл” компани эхний ээлжинд 10  автобусаар үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд  байгаа аж. Starex  автомашинаас гадна наймдугаар сарын дундуур гурван ширхэг 25 хүний суудалтай бага оврын автобус оруулж ирэх юм байна Харин есдүгээр сард таван ширхэг том оврын жуулчны автобус оруулж ирж иргэдэд үйлчлэх чадамжаа нэмэгдүүлэх зорилготой байгаа аж. 
 
 
 
“Улаанбаатар Эйрпорт Шаттл” компаний хувьд нийтийн тээврээс ялгагдаж буй зүйл нь замдаа зогсох зүйлгүйгээр хурдан шуурхай үйл ажиллагаа үзүүлж, Шангри-ла, Blue Sky, Баянгол зочид буудлаас зорчигчдыг зөөвөрлөх юм байна. Ингэхдээ нэг хүн талдаа 20 мянган төгрөгөөр зорчих юм. Харин дунд оврын автобус 15000 төгрөг, том оврын автобус 10000 төгрөгний тарифаар зорчигчдыг тээвэрлэхээр болсон ч дунд болон том оврынх нь одоогоор явж эхлээгүй байгаа юм. Харин 20 мянган төгрөгийн зардалтай буухиа автобус нэг удаадаа заавал таван хүн буюу 100 мянган төгрөгийн зардлаа нөхөж байж үйлчилгээ үзүүлэх гэнэ.
Цагийн хуваарийн талаар лавлахад “Улаанбаатар Эйрпорт Шаттл” компанийн ажилтан “Хэрвээ ковидгүй үед үл ажиллагаагаа явуулбал Иргэнийн нисэхийн ерөнхий газраас тухайн сарын нислэгийн хуваарийг баталж өгдөг. Цар тахалтай үед өдөр өдрөөр гаргадаг болсон. Маргааш нисэх онгоцны мэдээллийг өнөөдөр орой нь хүлээн авч байна. Тиймээс нислэгтэй уялдуулж цагийн хуваарийг өөрчилж зохицуулахаас аргагүй.  Нислэг эхлэхээс гурван цагийн өмнө үйлчлүүлэгчдээ онгоцны буудал дээр хүргэсэн байх шаардлагатай гэсэн дүрмийг баримтлан ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Харин нийтийн тээврийн хувьд нислэг нь тодорхой хугацаагаар батлагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх юм. Ингэснээр иргэд Олон улсын болон орон нутгийн тусгай нислэг үйлдэхдээ автомашин, нийтийн тээвэр, такси, тусгай чиглэлийн буухиа автобус гэсэн дөрвөн төрлийн тээвэрлэлтээр  шинэ нисэх буудал руу очих боломжтой болоод байгаа юм.
 
 
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин