sonin.mn
АЛДАРТ ХӨГЖИМЧИН ЛУВСАНДОРЖИЙН БАЛДАНГИЙН МЭНДЭЛСНИЙ ОЙД
 
Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, догшин ноён хутагт Дулдуйтын Равжаагийн төрж өссөн өлгий, өнөөгийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хайрханы улаан овооны энгэрийн өвөлжөөнд малчин Лувсандоржийн гэргий төмөр морин жилд /1930 он/ хорин тавтайдаа нярайлсан Сэржмядаг ээжээс мэндлэн ганцхан сартай байх үедээ айлд өргөгдсөн нь хожмын авьяас, ур ухааны уурхай гэж болох Балдан хөвгүүн байжихуй.
Ийнхүү “зоч лам” Данзангийнд үрийн зулай үнэрлэхийн мөрөөдөл болсон Тогоо ээжийн хайртай хүү болж хайдаг ингэний сүүгээр өсөж бойжин ботгоны зэл, малын бэлчээрт хүрсэн гэнэм. Говь нутгийн ажилсаг, малчин удамтай, ухаан мэргэн аав, ээжийнхээ жишгээр юуханд ч ажлын дөртэй авьяаслаг хүмүүн болж төлөвшсөөр байх үеийн долоон настай Балдан багийн даргын хэлсэнчлэн Хутаг уулын танхим /Хөвсгөл сумын/-ын сурагч болсон ажгуу. Тэрбээр хархан багын хөгжим, дуу сонирхож тэр үеийн соёл урлагийн байгууллагын анхдагч улаан гэрт байдаг нэн ховор зүйл, дуу, хуур эгшиглүүлдэг эгшигт хайрцаг /фиктруль/, уянгалаг яруу ая дан үүсгэж морин хуур хөгжимд сэтгэл татагдан хичээлийн завсарлага, ер нь зав л гарвал улаан гэрийн үүдэнд байнга очдог болсон төдийгүй нэг удаа улаан гэрт орж хуучир хөгжмийн чавхдасыг татаж үзээд ийм хөгжимтэй болъё гэж шулуудан хичээж оролдсоор төмөр лаазаар дуурайлган хийснийг сургуулийн аж ахуй Батсүх гайгүй үнэлсэнд урамшиж хөгжмөө улам сайжруулсаар өөрөө ч дуу оруулж сурсан бөгөөд мөнөөхөн Батсүх хуучир хөгжмийг нь авч тоглолтонд орсон нь хүүгийн урмыг сэргээж авьяасыг нь хөгжөөсөн ажгуу.
 
Өргөсөн ээж Тогоогийн ах морин хуурч хүн байсан учир ээж нь хүүдээ хуур сургаж өгөхийг хүссэнээр морины явдал заахад хүү төрөлхийн авъяасаараа төвөггүйхэн сурсан ба ээж нь ч бас муугүй хуурддаг байсан боловч эмэгтэй хүн хуурдах нүгэл гээд хуурдахгүй харин хүүгээ хуурч болгох хүслээр хүнээс далд орой, үдшээр хэдэн дуу хуурдан зааж өгсөн агаад дуу хууранд дуртай хүүдээ торомтой ингээр алаг лимбэ авч өгсөн нь ээжийнх нь хүүгээ гэсэн сайхан сэтгэл, авьяасыг нь дэмжсэн буяны үйл болсон бөлгөө.
Балдан хүү хөгжимд суралцахад анхны багшаа Батсүх гэх бөгөөд дараа нь хуурч “Солгой” хэмээх Баяр /АЖ, ТШ, Ж.Чулууны багш/-аар хөгжимдөх урлагийн талаар их юм заалгаснаа хуучилдаг байсан болой. Бас хүүгийнхээ дуу хөгжимд дур сонирхолтой болохыг анзаарсан аав нь аян жинд явсан хүнд хэдэн тэмээ хөтлүүлж арван пянз бүхий эгшигт хайрцаг, хуучир хөгжим захин авчруулж өгснөөр Балдан хүү тэмээ малд явахдаа унасан тэмээнийхээ бөхөнд эгшигт хайрцагаа эсгий уутанд хийж зүүгээд дуугарган дагаж хөгжимддөг байсан болохоор тэр эгшигт хайрцаг түүнд бас нэгэн багш болжихуй.
 
 
 
Тэрбээр ботгоо голсон ингийг хуур юугаараа уяруулан ингэ ботго хоёрыг элгэмсүү болгож өгдөг малын буян эдэлсэн олон тэмээтэй айлын хүүхэд байж ингэ ботгоны буйлаан, уясуу зөөлөн ааль аягт уусан хөгжим дуу хууранд дуртай байдагаа тэмээнээс эхлэлтэй хэмээн ярьсан байнам.
 
 
 
Балдангийн ээж Тогоо “Хүүгийн минь ингэ” гэж нэгэн бор ингийг хэлдэг бөгөөд тэр жилийн хавар бор ингэ нь хамгийн түрүүнд ботголж эр ботго гаргасанд хүү баярлан эрхлүүлж тоглосоор ботгонд нь унаж, ёотон идүүлж, сурган “Асман” гэж нэр өгсөн ба хүүг дуугархад дуугий нь андахгүй хаа газраас тэшээд л ирдэг байжихуй.
Түүнээс хойш олон жилийн дараа бүр атан тэмээ болсон үед нь ээждээ золгохоор очиход ээж нь “Миний хүүгийн асман зэрлэгшсэн, ноосыг нь ч авч чадахгүй болсон” гэхэд би ч бас л чадахгүй байхдаа гэж бодсоор нэг өдөр зэлэн дээр очоод “Асмаан” гээд дуудвал хэсэг харж зогссоноо ойртож ирээд нэлээд үнэрлэж зогсоход ээж тэндээс “Тийрч дэвсэх вий, болгоомжлоорой” гэж сануулсан ч Балдан зугуухан дөхсөөр хүзүү, толгойгий илж маажиж унжсан ноосыг нь авахад ер хөдлөхгүй өгсөн печень ёотонг идээд яг л ботгон цагийнх шигээ, улмаар ноосыг нь хяргаж аван унахад ч огт зүгээр, харин ч өөрийг нь харах бүгдээ бараадсаар байсан хийгээд Балданг буцахад нулимс дуслуулан дагаж байсныг хараад эзэндээ дассан мал гэдэг ямархан байдгийг ухаарсан тухайгаа өвгөн хуурч гэртээ хүндлэн залсан тэмээн сүргийн зурагтай жаазыг ажиглан суухдаа нүдэндээ зураглан харж хүүрнэсэн гэнэм.
Балдан 1946 онд аймгийн клубт дуудагдан очоод бүр улсын хорин таван жилийн ойн тоглолтод оролцсон хорин таван морин хуурчийн шилдэг тавд шалгаран улсын гуравдугаар зэргийн хуурч цолыг арван зургаан насандаа хүрсэн тэр жилийн намраа Урлагийн хорооны шийдвэрээр Архангай аймгийн клубт хөгжмийн багшаар томилогдож очоод тоосонд дарагдаж хөг алдарсан хөгжмүүдийг өөд нь татаж цэвэрлэж засварлан сонсголоороо хөглөн дуугаргаж байвч тэдгээр хөгжмийг тоглодог хүн нэн ховор ч гэсэн багшийн үүргээ чадахаараа гүйцэтгэж байхдаа бага насны эрхээр нүтаг ус, аав ээжээ санасаар хоёр жилийг үдээд хотод шилжин ирж Маршал Чойбалсангийн хороо гэх гуравдугаар хорооны олон сайн хөгжимчидтэй, өндөр нэр хүндтэй клубт хөгжимчин болж дараа нь мах комбинат, аж үйлдвэрийн комбинат, Баянхонгор, Хэнтий, Дорнот зэрэг аймгийн клубт хөгжимчин багш, туслах удирдаачаар 1951 он хүртэл ажиллаж “клубийн Балдан” нэртэй болсон ажгуу. Ингээд Дорноговь аймагтаа ирээд аймгийнхаа клуб, соёлын ордонд хөгжимчин, гэрэлтүүлэгчээр хэсэг хугацаанд ажилласан хийгээд сургууль соёлоор явж мэргэжил эзэмшээгүй ч гэсэн өөрийн унаган авьяас сонирхол, амьдрал ахуйн орчин, ажлын шаардлагаар цахилгаанчин, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, жолооч, кино механикч, цаг засварчны үнэмлэх өвөрлөснийхөө хирээр дээрхи мэргэжлийн ажлуудыг ямар ч мэргэжилтнээс дутахааргүй чин үнэнчээр чанартай гүйцэтгэж байсан нь хэн хүний сэтгэлд хоногшин үлджихүй. Түүний төрсөн ээж Сэржмядаг гуайн өргөмөл охин хөгжимчин Дулмаахүү /СТА/, хүргэн Д.Нацагдорж /УГЗ/ нар “1950-аад оны дундуур Даланжаргалан суманд Ц.Жагдалтай хоёулаа их дотно найз байж “агаа”-г пүүшиг тамхи их татдаг болохоор “Пүүшиг Балдан” гэж хочилдог байсан ч тэр нэг л мэдэхэд тамхинаас гарчихсан нь нэлээд амьдралын тэвчээртэйг харуулдаг юм. Агаа хоёр гурван том дөрвөлжин зай /батерей/-тай радио, эгшигт хайрцаг дуугаргахад хүүхэд, залуус, хөгшид олноороо цугларч сонсдог, алдарт уртын дууч “Үүлэн” хэмээх Зэвгээ гуай дагаж дуулдаг байсан” гэж ярьсан болой. Клубийн Балдан маань ийнхүү ажилласаар 1979 онд нийслэлд болсон Дорноговь аймгийн соёл урлагийн арав хоногийн тоглолтод нөгөө л хуучир хөгжмөөрөө “Монгол ардын хоёр дуу”-гаа тоглоход үзэгчид дахин дахин урьж алга нижигнүүлдэг байсан нь тоглолтын явцыг өрнүүн болгож өгдөг байсныг тэр үеийн үзэгчид, хамт оролцсон авьяастнууд гэрчилнэм буй за.
 
Тэр тоглолтуудын дараахан Соёлын яамнаас дуудаж ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчдөд өөрийнхөө чаддаг зүйлээ заахыг даалгахад “Мэргэжлийн хүмүүст би юу заах вэ дээ” гэж бодсон ч яамны даалгавар болохоор чуулга дээр очоод цугласан хөгжимчдөд шуудхан л “За ах нь онол энээ тэрээг мэдэхгүй. Харин би өөрийнхөө яаж хөгжимддөгөө л үзүүлье” гээд Монгол ардын дуу “Ай нан аа”, “Хоёр сэтгэл” дууг уянга ялдам, уран товшилт хослуулан гулсуулах, няслах арга, чадварыг харамгүй үзүүлсэнд хөгжимчид талархаж бахдан сонссон бөгөөд үүнчлэн “Монгол транс”, “Хулсан ташуур” зэрэг хэд хэдэн дууг хөгжимдүүлж нотлон тэмдэглэж авцгаасан ажгуу.
Эндээс улбаалан 1981 онд тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуульд “манер” гэдэг хөгжимдөх арга барилаа заах багшийн албанд тохоон томилогдож бас ч үгүй тус сургуулийн жагсаалаас гарч хөг аялгуу тасарсан хөгжмийн зэмсгүүдийг “хэлд оруулдаг” засварчны ажлыг түүртэлгүй гүйцэтгэж чөлөө заваараа хөгжмийн нот, онол зэргээс бие даан суралцаад өөрийн эзэмшсэн хөгжимдөх ховорхон ур чадвараа, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхээр гучин жилийн авьяас хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр зориулж ганцхан багш хүнд заяах буяныг эдэлсэн буурал байжихуй.
Энэ сургуулийн шавь нарынх нь нэг Дорноговь аймгийн Мандах сумын уугуул 1993 оны төгсөгч Саранхөхөө театрын хөгжимчин асан П.Энхтайван “Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирал, сэтгэл судлаач Цэрэндорж багшаас Балдан багшийн тухай мэдээлэл сонсоод миний хөгжимчин болох замыг минь зааж өгч дээ гэж бодон маш их хайрлах сэтгэл төрсөнсөн.
 
Балдан багш анх намайг агуу удирдаач багш Ж.Чулуун /АЖ.ТШ/, Булган /УГЗ/ нарт шалгуулахад хөдөө эмээ дээрээ хурга ишигний майлаан дунд ингэ хөөслөхийг сонсож өссөн би харин ч сонголоороо хамгийн дээр жагссаны учир сургуульдаа тэнцэж харж дарах юм /лад/-гүй цэвэр сонсгол шаардсан хуучир гэдэг хөгжимд хуваарилагдахад хачин дургүй байсан ч энэ хүний шавь болж билээ. Өөрийнх нь хийсэн хуучир нь одоогийн автомат хуучир шиг байсан агаад зөвхөн “Алигэрмаа” дууг таван янзаар, “Дүүриймаа” дууг арван гурван янз маягаар тоглоход би дагаад л тоглочихно, түүнийг тогтооно гэж үгүй, бичиж тэмдэглэх гэж бүр ч үгүй.
Багш минь хагас өнгө орсон сонин содон зохиомжтой ардын дууг хурууныхаа араар нясалж таг таг гэсэн хос гоё дуу гаргаж сул утсыг нь ч гэсэн чичиргээ /вибрация/ долгионтой мэт дуугаргана. Хүүхдүүдийг нэрээр нь дуудахгүй, намайг л гэхэд “нутгийн босоо нүдэн” гэх ба “галзуу хүний нүд манай энэний нүд хоёр дээшээ босчихно” гээд л инээнэ. Их шооч хүн сэн. Сүүлд багш минь Хөвсгөлийн Олзон та хоёр л миний хуучир тоглох арга барилыг авлаа даа гэж байж билээ. Багшийн дөрвөн утастай хуучраар гэгэлзсэн гоё тоглох нь тэр бүр хүн дуурайж чадамгүй тийм нандин байдаг тухай хүүрнэсэн бөлгөө.
Балдан гуайтай нутаг ус ойролцоо, оюутан ахуйдаа “залуу найз” нь байсан Саранхөхөө театрын хөгжмийн багш, лимбэ хөгжимч Б.Отгондүү “маш их хөдөлмөрч хүн” гээд гарын атганд багтамгүй бүдүүн төмөр лоомыг модон хөөрөгтэй гагнуураар /хөөргий нь би дарж өгдөг байсан/ нимгэн зүсэж эмэгтэйчүүдийн туфль, гутлын өсгийг гоёж, бөгжлөн бөхөлж өгдөг байсан, хашааныхаа хаалганд яригчтай хэн орох гэж байгааг асууж мэдээд хаалгаа гэрээсээ товчлуур дараад нээж хаадаг төхөөрөмж өөрөө хийсэн, айлдаа хоорондоо харьцах утас тавьсан байсан тухай хуучлаад би байр засвартай хориод хоног болох үед нааш цааш явахдаа түлээ нүүрсийг нь зөөж ойртуулж өгдөг, ер нь тэр хүнээс нэлээд юм сонсож, үзэж, сурч гарын дүй суусан хэмээн дурсан ярьсан ба төрсөн нутгийнх нь багш Д.Гүнсэнмядаг “Балдан гуайнд Цагаан сараар очиход буузаа цахилгаанаар сэвдэг байсан гэж бахархан дурсжихуй.
 
“Клубийн Балдан”, “Элдэвтэй хүн”, “Авьяас хөгширдөггүй” гэх зэргээр сонин, номд бичигдэж, радио, телевизийн санд бүтээл нь үлдсэн буурал элэгдэж хуучирсан хар пянзны эргэлтийг даган “Ум зандан ширээ” гэдэг дууг Түдэв хуучирдаж Цэрэндорж шанзаар нийлүүлнэ” гэснээр Балдангийн увдист гарын хуруу хуучир хөгжмийн чавхдасыг амилуулан эгшиглүүлсээр түмний сонорт мөнхөрсөн амой.
 
Дал гаруй жилийн тэртээ лаазаар хуучир хийж хөгжмийн урлагт хөл тавьсан биет бус өв тээгч, Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Лувсандоржийн Балдан гуай гавъяаны амралтаа эдлээд эргэх дөрвөн улиралд огтхон ч зүгээр суулгүй өсөх наснаасаа эзэмшсэн алх дөшөө нийлүүлэн эгшигт хайрцгаа сонсож өргөн олны хүсэлтээр засвар үйлчилгээ үзүүлж өөртөө сэтгэлийн таашаалтай, талхны үнэ олсон шиг олны тус дэмээр аж төрж суусаар өндөр нас, өвчин хуучны улмаас сайхан сэтгэл, ач буян өвөрлөсөн арын хангай нутгийн Нарантуяагийн асрамжид орсон бөгөөд энэ ачлалт хүн эрхэм авьяаслаг хөгжимчний өөрийнх нь урлаж хийсэн дөрвөн чавхдаст хуучир хөгжим, одон медаль, түүх өгүүлэх зураг сэлтийг нандигнан хадгалж суунам. Мөн ч сайхан сэтгэл шүү. Ижилдэж дассан тэмээн сүргийнхээ зургийг ажиглах зуураа хуучир хөгжмийнхөө аялгуу товшилтыг алх дөшний хэмнэлтэй хослуулан сэтгэл оюундаа ургуулан харж тэнхлүүхэн байсан энэ буурлыг үе тэнгийнх нь хөгшид, эрдэм авьяасынх нь шимээс хүртсэн эрхэм олон шавь нар, үзэгч, сонсогч түмэн, ухаант мэргэн судлаачид яахин мартах ажгуу.
Энэ хавчуурга болгож илүү үг нэмэрлэхэд “Хуучин юм ул болж шинэ юм зул болдог” гэх хэлц үг эдүгээ цагт дэндүү гэмээр хэрэгжиж зарим шинэчүүд хуучныг хэтэрхий нүд үзүүрлэвч шинийг үл бүтээх аясаар зөвхөн өнгө мөнгийг шүтэх нь зонхилж байна уу даа гэж эмзэглэдэг болсноо нуух юун. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” болохоор сайн хүмүүн олон доо.
Мөхөс бивээр Балдан гуайн билэг их авьяас, ур чадварыг судлан бодит зүйлсийг цуглуулж зохих газрын сан хөмрөгт оруулах ажлыг ажиллаж асан байгууллага, сургууль, орон нутгийн удирдлага, шавь нар, хамтран зүтгэгчид, түмэн олон санаачлан хэрэгжүүлээсэй хэмээн нуршин байж хүссэнээр бичвэр юүгээ өндөрлөн хашсуу.
 
 
Л. Буянхишигт /Монгол Улсын Гавьяат жүжигчин/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин