сонин mn
Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх түүхэн цаг үе ойртсоор. Энэ өдөр бол Зэвсэгт хүчинд сэтгэл зүтгэл, залуу халуун насаа зориулсан, зориулж яваа цэргийн алба хаагчдын баяр бахдалын өдөр юм. Тэдний чин зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадварлаг, хүчирхэг, гаднын улс, орнуудад нөлөөтэй, нэр хүндтэй байлгахын төлөөх хөдөлмөр бөгөөд сэтгэл нь үйл хэрэг бүрт нь шингэж байдаг. Ийм л эх орны эрэлхэг хөвгүүдийн гавьяаг уншигч олондоо сурталчлах эрхэм үүргийг цэргийн сэтгүүлчид бид хүлээж, ЗХЖШ-ын үе үеийн дарга нарыг түүхэн ойн босгон дээр сониныхоо хойморт урьж буй. Энэ удаагийн зочин Монгол Улсын Зэвсэгт хүчнийг дэлхийд тоолгож, данслуулсан нэгэн буюу дэслэгч генерал Ц.Тогоо юм. 
2002-2009 он хүртэл долоон жил ЗХЖШ-ын даргын хариуцлагатай албыг хашсан тэрээр Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл хэмээх газар, бүр тодруулбал Өндөр гэгээн Занабазарын хүй цөглөсөн газар мэндэлжээ. Айлын том хүү багын сурлага сайтай, орос хэлний багш болох хүсэлтэй байсан хэдий ч тухайн жилд нь багшийн хуваарь ирээгүй тул Цэргийн дээд сургуульд орсон гэдэг. 1972 онд Цэргийн дээд сургуулийн Улс төрийн ангид элсэн орсноос өнөөдрийг хүртэл Зэвсэгт хүчний төлөө хоёргүй сэтгэлээр албаа хааж яваа энэ цаг үеийн цэргийн дарга юм. Тэрээр цэргийн хүний дамжих ёстой бүхий л шатны албан тушаалыг хашиж дэслэгчээс дэслэгч генерал хэмээх цэргийн дээд цолыг хүртэхдээ Монголын Зэвсэгт хүчнийг удирдаж, шинэ түвшинд гаргахын төлөө оюун санаагаа зориулан ажилласан шилдгүүдийн нэгд зүй ёсоор орно. 
 
 
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг дэлхийд тоолгож, данслуулсан гэсэн нь учиртай. Дэслэгч генерал Ц.Тогоо Зэвсэгт хүчнийг удирдаж эхэлсэн 2002 оноос Монголын Зэвсэгт хүчин зөвхөн дотооддоо сургалт, бэлэн байдлаа хангах бус гадаад ертөнцтэй хөл нийлүүлэх эхлэлийг тавьсан. Гадаадад үүрэг гүйцэтгэх, энхийг сахиулах ажиллагаа, энхийг сахиулагч хэмээх нэр томьёог анх Монгол оронд оруулж, нутагшуулсан бөгөөд энэ цаг үеэс л монгол цэрэг, дайчдыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, тэдэнтэй дүйцсэн хэмжээнд боловсрол эзэмших, цэргийн мэргэшил олгох боломжийг дэслэгч генерал Ц.Тогоо болон түүний удирдлагад ажиллаж байсан баг хамт олон нээсэн юм. Тодруулбал, 2002 оны 10 дугаар сард ахмад Ч.Ерөөлцэнгэл, Р.Даваадорж гэх хоёр залуухан офицер Баруун Сахарт жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэхээр явсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч гадаадын энхийг сахиулах ажиллагаанд оролцохын эхлэл байлаа. Дараа жилээс нь Ирак улсад цэргийн багаа илгээн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн арван мянга хол давсан энхийг сахиулагчдын үйл ажиллагааны эхлэл болж чадсан. Энэ талаар тэрээр “Одоо эргээд бодоход бид маш зоригтой алхам хийж залуусаа Ирак руу илгээж байлаа. Явуулах гээд бэлтгэл хангаж байхад бидэнд агсамж, дуулга гээд юу ч байгаагүй. Өвдгөвч, тохойвч ч гэж мэддэггүй байлаа. Энэ бол Монголын Зэвсэгт хүчнийг шинэчлэх, нийгэмд таниулах, олон улсын түвшинд гаргах ганц зам байсан учраас тийм зоригтой алхам хийсэн.
 
Хэдэн залуусаа Ирак руу явуулчхаад бүтэн нойртой хоносон шөнө цөөхөн дөө. Анхны халдлага болох үед энд өдрийн цайны цаг таарсан. Утас авахад “Дарга аа! Энд халдлага боллоо” гэхэд хамгийн түрүүнд “Цэргүүд бүрэн үү” гэж асуусан. Түүний ар дээр юу болсон талаар лавлаж байгаа юм. Нүднээс нулимс гарахаар тийм их хариуцлага, сахилгатай дайчин цэргүүд бол монгол цэргүүд. Үүнийг Иракт үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд дээрээ очихдоо мэдэрч, тэднээрээ бахархаж байсан.  Яг очих өдөр халдлага болсон байсан. 
 
 
Найм, есөн орны 2000 гаруй цэргийн алба хаагчдаас манай цэргүүд л цагийн байдалд дасан зохицож шаардлагатай арга хэмжээг авч, хийморь золбоотой, авхаалжтай үүргээ гүйцэтгэж байсан. Хүний газар нутгаа санасан цэргүүд, тэднийгээ санасан дарга бид хэд яг л аав, хүү шиг уулзалдаж байлаа. Энэ цаг мөч бол миний амьдралд төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчинд мартагдашгүй цаг үе болж үлдсэн. Үүний дараа бид НҮБ-ын сонгомол ажиллагаанд явах эрхтэй болсон. Сьерра Леоны ажиллагаанд явах мандатаа авчихаад байдаг. Гэтэл Засгийн газар төсөв байдаггүй. Тухайн үед 200 гаруй сая төгрөг болж байсан. Үүнийг нь бид Зэвсэгт хүчний урсгал зардлаа хойшлуулан байж шийдвэрлүүлж явах гарцаа гаргаж байлаа. Ингэж ажиллагаа жигдэрч, энхийг сахиулагчдын ээлж солигдоход ам.долларын ханш хэлбэлзэж, хөдөө орон нутаг руу шинэ  машины цуваа явдаг болсон. Энэ хэдий жижиг зүйл мэт боловч цэргийн алба хаагч, тэдний ар гэр цаашлаад улс орны эдийн засагт эергээр нөлөөлсөн чухал үйл явдал болсон юм. Энэ том ажлын ард гарахад ч эрх зүйн хувьд боловсронгуй болгоход ч үе үеийн Батлан хамгаалахын сайд нар, тэр дундаа Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаа, хошууч генерал Р.Гаваа, Г.Рагчаа, Б.Шагдар нарын хүчин чармайлт их байсан” гэж дурссан. Энэхүү гарцаас улбаатайгаар гаднын улс орнуудтай харилцаа холбоотой болох, урд, хойд хөрштэйгөө цэрэг, армийн харилцаагаа сэргээн өргөжүүлэхэд ихэд анхаарч, тогтвортой харилцаатай болох эхлэлийг мөн л түүнийг ЗХЖШ-ын даргын албыг хашиж байх үед эхлүүлж байсан юм. Мөн энэ үед зэвсэг, техникийн тусламжуудаар хангагдаж, хамгийн чухал болох боловсон хүчнээ гадаад улсад сургах талаар хамтын ажиллагаа нэлээд өргөжиж, хоёр хөршөөс гадна бусад улсад цэргийн эрдмийн чиглэлээр манай алба хаагчид суралцаж эхэлжээ. 
Үүнээс гадна дэслэгч генерал Ц.Тогоо хамгийн анх АНУ-ын БХЯ, ЗХЖШ-тай хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хөрш хоёр гүрнээс илүү гардаггүй байсан манай улсын Зэвсэгт хүчин гуравдагч оронтой хамтын ажиллагаа тогтоож, энэ хүрээнд олон цэргийн алба хаагч АНУ-д цэргийн эрдмийн чиглэлээр суралцаж, гадаадын цэргийн алба хаагчидтай хамтарсан сургууль, дадлага хийж эхэлсэн юм. Энэ тухайд тэрээр “Монголын цэрэг НҮБ-ын мандаттай болоод бусад цэргийн үйл ажиллагаанд өргөн оролцдог болсон явдал бол түүхэнд арилахгүй тод мөр. Зэвсэгт хүчний гадаад харилцаа маш сайн хөгжсөн. Заримдаа хурдаа гүйцэхээргүй өндөр ачаалалтай ажиллаж байлаа. Монгол Улсын гадаад улс төрийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг болох Батлан хамгаалах салбарын гадаад харилцааны гол зорилго нь улс үндэснийхээ аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм. Түүнээс гадна цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Батлан хамгаалах, гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын хэмжээнд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөх, байр суурийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, салбарын хөгжилд гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдгээрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал. 
Миний хувьд ажиллах хугацаандаа гадаад харилцаа, мэдээллийн албаны эрх зүйн үндэс болсон хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаас гадна Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл, Монгол Улсаас Орос, Хятад, Америк, Герман, Польш, Болгар, Украин, Казахстан, Беларусь зэрэг улстай Засгийн газар хооронд болон яам хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулсан. Эдгээр нь өдий хэр нь манай улсын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж, хамтын ажиллагаа улам бүр батжиж байгаа нь тухайн үед надтай хамт мөр зэрэгцэн алба хааж байсан нөхөд, Монголын төрийн удирдлагуудын хамтарсан гавьяа байлаа.
 
 
Би амьдралынхаа 15 жилийг сурахад зориулсан. Төр намайг ийм хэмжээнд бэлдэж байж Жанжин штабын дарга хэмээх албан тушаалд томилсон хэрэг. Яагаад гэвэл цэргийн алба бол онцгой хариуцлага шаарддаг алба. Энэ хариуцлагыг дагаад маш өндөр боловсрол шаарддаг. Учир нь  цэргийн хамгийн бага нэгжийн дарга болох салааны захирагч нь доод тал нь 30 гаруй алба хаагчийг хариуцдаг. Харин Жанжин штабын дарга бол хэдэн мянган хүнийг хариуцахын зэрэгцээ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг хариуцдаг. Тийм түвшинд бэлтгэгдэж байж тухайн албыг хашдаг” хэмээн тодотгов. 
Боловсрол эзэмшинэ гэдэг түүний баримталдаг гол зарчмын нэг бөгөөд бусад алба хаагчдыг сургах тал дээр эдгээр жилүүдэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, үр дүнгээ ч өгсөн биз. Учир нь түүний байнга шинийг эрэлхийлж байдаг, шинэ санаа, чиг хандлага, шинэ бүхнийг Монголын Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх юмсан гэсэн чин хүсэл нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг бусад орны алба хаагчидтай харьцуулж, дүйцүүлэн сургах, гадаад хэлний мэдлэг олгох талаар нэг түвшин ахиулж чадсан юм. Тэр үеэс Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад зориулсан англи хэлний сургалтын төвүүдийг нээж, жинхэнэ утгаараа дэлхийн цэргүүдийг бэлтгэж эхэлсэн юм.
Мөн тэрээр гайхалтай менежер. Тодорхой чиглэсэн зорилго руу Зэвсэгт хүчнийг чиглүүлэн хөгжүүлэх, өөрт байгаагаас хязгаарлагдмал нөөц бололцоог зөв тооцоолон төлөвлөж, хэрэглэх, цэргийн алба хаагчдын үйл ажиллагааг бодитоор дүгнэж, манлайлагчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлж эхэлсэн. Энэ л үед анх ангийн захирагч нар ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилж, бусдадаа үлгэр болж чадсаныхаа төлөө орон сууц, унаа тэргээр шагнуулж байв. Энэ нь нийт цэргийн дарга, удирдагчдын үйл ажиллагааг эрчимжүүлсэн бодит ажил болж байлаа. Мөн энэ үед Монголын Зэвсэгт хүчний олон ангийг үлгэр жишээ анги болгохын төлөө уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарал тавьж байсан юм. Түүнчлэн цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлсэн нь өнөөдөр бодит ажил болж олон мянган цэргийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэх нөхцөлийн эхлэл байлаа. Энэ мэт ажил нь түүнийг шилдэг сайн зохион байгуулагч, менежер гэдгийг харуулж чадсан гэлтэй.
 
Тэрээр өөрийгөө хэд хэдэн удаа “Хүний тэнгэртэй, их хувьтай хүн” гэж тодотгож байсан. Учир нь Зэвсэгт хүчин хэмээх их айлд 40 гаруй жил ажиллахдаа олон сайхан цэргийн дарга нараас үлгэр дуурайл авч амьдралынхаа туршид барьж явах зарчимд суралцсан аж.
 
Тухайлбал, анх сонсогч болдог жил ЗХЖШ-ын дарга асан, хурандаа генерал Ж.Ёндонгоос цэргийн хүн ямар байх бүхий л зарчимд суралцсан бол, хошууч генерал Р.Гаваагаас сурч мэдэхийн төлөө цэргийн хүн өөртөө хэрхэн өндөр шаардлага тавьдгийг, хошууч генерал Г.Рагчаагаас англи хэл сурах хэчнээн чухал болохыг, Л.Дамбийням багшаасаа хүн хэрхэн тэмүүлэлтэй амьдрах, эрдмийн дөртэй болох замналыг,  хошууч генерал Ч.Цэрэндагваас өдөр бүр 10 гаруй км гүйдэг зэрэг олон сайхан чанарыг өөртөө дадал болгож амьдралынхаа турш хэрэгжүүлж яваа гэнэ. Том дарга уу, эгэл нэг цэрэг байх нь ялгаагүй, хүн бүрт өөрийн гэсэн нэг давуу тал, сайн чанар байдаг. Тэр бүгдээс суралцаж, өөртөө дадал болгох нь эргээд өөрийгөө бүтээх хамгийн том сэдэл болдог гэж энэхүү эрхэм хүмүүн захиж байлаа.
Төгсгөлд нь "Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бол дэлхийд нэрээ дуурсгаж чадсан эрхэм гавьяатай хүмүүс. Үүнийг бид хийж чадсан. Зэвсэгт хүчний өмнө хөгжлийн том, дардан зам нээлттэй байна. Тиймээс тангараг өргөсөн цэргийн алба хаагчид та бүхэн идэвх санаачилгатай байж, сайн сайхны төлөө нэгэн санаа бодлоор илүү өндөрлөгт гаргахын төлөө зүтгэх хэрэгтэй” хэмээгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт алба хаагчдадаа Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндийг дэвшүүллээ.  
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин