sonin.mn
Одоогоос арав гаруй жилийн өмнө ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд сурахаар 12 хүүхэд хойд хөршийг зорьсон юм. Тэдний нэг хэсэг нь балетын урлагтай дөнгөж танилцаж байсан бол зарим нь ухаан орсон мөчөөсөө сонгодог урлагт дурласан байна. Ингэж 10 гаруй насны үе тэнгийнхэн Засгийн газрын тэтгэлгээр суралцжээ. Пермь хотын балетын сургуульд тэднээс өмнө ч манай гоцлоочид суралцсан  түүхтэй. Тухайн үед хилийн дээс алхсан хүүхдүүд хэдэн жилийн өмнө эх орондоо ирж, цөөнгүй нь олон улсын тайзан дээр бүжиглэж байгаа юм. Даль жигүүр нь ургаж гүйцсэн хунгууд эхнээсээ дүүлэн нисэж дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголынхоо үзэгчдэд хүргэж байна. Тэдний нэг нь УДБЭТ-ын балетын жүжигчин Б.Мөнхнаран юм. Театрт нам гүм ноёлж, тайз эзгүйрсэн цар тахлын энэ үед тэднийг танилцуулж, хүсэл мөрөөдлөөс нь хуваалцахыг хүслээ.
 
-Таныг Пермь хотын балетын сургуульд сурахаар болсон үеэс ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Тухайн үед ОХУ-аас багш нар хүрэлцэн ирж шалгалт авсан гэсэн. Та шалгалтад хэрхэн оролцсон бэ?
 
-Одоогийн Монгол Улсын консерваторийг Хөгжим бүжгийн коллеж байхад би шалгалт өгч тэнцсэн юм. Тухайн үед 10 настай байлаа. Яг тэр цагт ОХУ-ын балетын сургуульд хүүхэд шалгаж авах талаар сонссон. Миний хувьд их том боломж мэт санагдсан ч шалгалт өгөөд тэнцэнэ гэдэгтээ итгэлгүй байлаа. Ер нь л тэнцэхгүй гэж бодож байснаа санаж байна. Яагаад гэвэл, шалгалтад театрт бэлтгэгдсэн хүүхдүүд оролцоно гэсэн. Шалгалтын талаар ээжтэйгээ ярилцаж, оролцож үзэхээр шийдсэн нь миний амьдралыг өөрчилсөн гэж боддог. Шалгалтын дараа өөрийнхөө тэнцсэнийг сонсоод итгэж чадахгүй, ёстой л гэнэтийн үйл явдал болсон.  
 
-Эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан хүүхэд  ОХУ-д балетын бүжигчнээр суралцахаар тэнцсэний нэг нь та байсан болов уу.  Очиж сурахаар болсон балетын сургуулиа хэрхэн төсөөлж байв?
 
-Үнэндээ ямар ч төсөөлөл байгаагүй, бүжигчин болно гэж л бодсон. Харин очиж сурах сургуулийнхаа тухай бол маш нэр хүндтэй гэдгийг л мэдэж байсан. Гэрийнхнээсээ хол байж үзээгүй би хүний нутагт ганцаараа яаж байна аа гэдэг бодол  л миний толгойд эргэлдэж байлаа.
 
-Пермьд Монголоос олуулаа очсон болохоор  эхний  үед сонирхолтой байсан байх. Харин анги дэвших тусам байдал өөрчлөгдөж,  зорилгодоо хүрэхийн төлөө улам шаргуу хичээллэсэн үү?
 
-Тийм ээ, эхний хоёр жилийг “хөлөө олох”,  орос хэл сурахад зарцуулсан. Сүүлдээ амьдрал нэгэн хэвийн үргэлжилж, сургуулиа хэзээ ч төгсөхгүй юм шиг санагдаж байж билээ. Бид Пермь хотын балетын сургуульд найман жил сурсан юм шүү дээ. Хоёрдугаар курсэд байхдаа би нуруундаа хүнд гэмтэл авсан. Тэр үед эмч надад “Ахиж бүжиглэвэл насаараа суумгай болно” гэж хэлэхэд амьдрал минь өөрчлөгдөх шиг болсон. Тэр үеэс өөрийгөө балетад ямар их хайртай, балетгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүйгээ ойлгосон. 
 
 
-Олон улсын чанартай эхний тэмцээндээ Оросод байхдаа оролцсон байх. Тэр үед ямар бүтээл бэлтгэж өрсөлдсөн бэ?
 
-Сургуулиа төгсөх жил буюу 2018 онд “Арабеск” олон улсын тэмцээнд модерн бүжгээр оролцсон. Тэмцээний өмнө нурууны бэртэл сэдрээд оролцох эсэх талаар их эргэлзсэн. Тухайн үед намайг бэлтгэж байсан Сергей Райник маш их дэмжсэний хүчинд би тэмцээнээ амжилттай дуусгаж чадсан юм. 
 
-2018 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ хамгийн түрүүнд тавьсан зорилгыг тань асуумаар байна?
 
-Монголынхоо балетын урлагт хувь нэмрээ оруулна гэж бодож байсан. Түүний тулд л бид ОХУ-д сурсан юм чинь.
 
-Балетын жүжигчин  байнга тайзан дээрээ гарах боломж Монголын орчин нөхцөлд зөвхөн Дуурийн театрт л бий. Босго өндөртэй ууган театрынхаа уран бүтээлч болоход ямар санагдаж байсан бол?
 
-Биднийг их найрсгаар хүлээж авсан. Ах, эгч нар бидэнд зааж сургаж, тусалж дэмжсэний ачаар богино хугацаанд Дуурийн театрынхаа нэг эд эс нь болсон доо.
 
-Сургуулиа төгсөж ирснээс хойш гурав дахь жилээ угтах гэж байна. Энэ хугацаанд хүссэн дүрээ амилуулж чадсан уу?
 
-Чадсан гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй бүтээлд тоглосон.
 
-Бүтээхийг хүсдэг, хамгийн их шунан дурладаг дүр тань хэний, ямар балет байдаг бол?
 
-А.Аданы “Жизель” бол дурлахгүй байхын аргагүй бүжгэн жүжиг шүү дээ.
 
-Цар тахлаас үүдэн урлагийн бүхий л ажиллагааг зогсоосон ч та бүхэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, өмнө нь  бүжиглэж байгаагүй шинэ бүтээлийг туршиж байна уу?
 
-Балетын жүжигчид өдрийн ихэнх цагийг бэлтгэлээ хийж өнгөрүүлдэг. Тиймээс энэ хугацаанд хувь хүний хөгжил болон мэдлэг боловсролдоо илүү анхаарч, мэргэжлээ дээшлүүлэхээр СУИС-д сурал­цаж байна.
 
Бүтээсэн дүрүүд:
 
•     П.И.Чайковский “Хунт нуур” балетын вальс, Мазурка
•     П.И.Чайковский “Цөмөөхөй “балетын араб бүжиг
•     Ф.Херольд “Дэггүй лиз” балетын найз
•     А.Адан “Жизель” балетын Корзинки, сүнс, Хоёрдугаар үзэгдэл, хоёр Вилис
•     Ж.Чулуун “Уран хас” балетын Кукил, согоо, Па-дексион, могой
•     Х.Алтангэрэл “Төгсгөлгүй танго” найз
•     П.И.Чайковский “Шелкунчик” орос бүжиг, цас, вальс
•     Л.Минкус “Дон Кихот” балетын олны хэсэг
•     Л.Минкус “Пахита” балет
•     А.Хачатурян “Спартак” балетын олуул хэсэг
•     Л.Делиб “Коппелия” балет
•     Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет
•     Э.Чойдог “Чойжид дагина” балет
•     И.Морозов “Амттаны доктор” бaлет зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн.
 
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин