
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн стриминг үйлчилгээ, кино студийг эзэмшигч "Warner Bros. Discovery" (WBD) компанийн удирдлага тус компанийг худалдаанд тавьсан тухай "NBC News" суваг мэдээлжээ.
"WBD" нь кабелийн телевизийн сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, алдартай франчайзууд, кино студиуд болон стриминг платформууд зэрэг олон төрлийн медиа компаниудыг эзэмшдэг.
Түүнчлэн Олимпын наадам, Европ дахь Францын нээлттэй тэмцээнээс эхлээд Их Британийн Премьер лиг хүртэлх дэлхийн өнцөг булан бүрд болж буй спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг дамжуулах эрхийг, мөн “Харри Поттер” цуврал, Супермэн зэрэг комиксын баатруудын оюуны өмчийн эрхийг эзэмшдэг байна. Компанийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах хэлцэл нь зах зээл дэх томоохон үйл явдал болох төлөвтэй байна. Даваа гаргийн байдлаар “WBD”-ийн зах зээлийн үнэлгээ 45 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс гадна компанид олон тэрбумын өр төлбөр бий.
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа “WBD”-гийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар огцом өсжээ.
“NBC News”, “NBCUniversal”-ийг эзэмшдэг “Comcast” компани "WBD"-ийн хөрөнгийн зарим хэсгийг худалдаж авах сонирхлоо илэрхийлжээ. Гэвч одоогоор тус компани хэлэлцээ хийхэд хэт хатуу болзол тавиад байгаа аж. Өрсөлдөгч нь болох "Paramount Global" компани "WBD"-ийг бүхэлд нь худалдан авах санал гаргахаар зэхэж байсан боловч сүүлийн хэдэн долоо хоногт хэлэлцээ түр зогссон байна. “Skydance Media” компани “Paramount”-ыг найман тэрбум ам.доллароор худалдаж авна гэж өмнө нь мэдээлж байсан билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0