сонин mn
ВАШИНГТОН. /DW/. Америкийн тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компани компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипээ хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ авсан талаараа пүрэв гарагт мэдэгдлээ.
 
 
 
Энэхүү зөвшөөрөл нь “манай технологи хэзээ нэг өдөр олон хүнд туслах боломжийг нээх анхны чухал алхам болж байна” гэж тус компани “Twitter” хуудсаараа хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Мэдрэлийн олон төрлийн эмгэгийг эмчлэхийн тулд хүмүүсийн тархинд суулгах боломжтой чип бүтээх нь “Neuralink” компанийн зорилго юм. Хүнс, эмийн чанарын хяналтын газраас зөвшөөрөл олгосон туршилтынх нь цар хүрээ одоогоор тодорхойгүй байна. “Neuralink” туршилтад оролцох өвчтөнүүдийг элсүүлэх ажил хараахан эхлээгүй байгааг мэдээлжээ.
 
 
 
Тархины имплантууд нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг ирээдүйн супер ухаалаг компьютеруудтай зэрэгцэх түвшинд хүргэх хүчтэй болж ч магадгүй байгаа билээ. “Neuralink” нь энэ салбарт хүчин зүтгэж буй цорын ганц компани биш юм.
 
 
 
Дэлхий даяар олон компанийн судлаачид тархинд зориулсан хиймэл оюун ухааныг, жишээлбэл, нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүмүүс тархины долгионыг ашиглан ярьж, бичиж чаддаг болох боломжтой технологийг хөгжүүлэхээр ажиллаж байна. 
 
 
 
Тухайлбал, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг мэдрэлийн интерфэйс хөгжүүлдэг гарааны компани болох “CTRL-labs”-ыг 2019 онд худалдан авч, "хүмүүсийн төхөөрөмжүүдтэй харилцан ажиллах арга барилыг үндсээр нь өөрчлөх зорилготой", “Facebook”-ийн “Reality Labs” судалгааны нэгжтэйгээ нэгтгэжээ.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг