sonin.mn
Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас ирүүлсэн илт мэдээ мэдээлэл бүрт ёс юм шиг нэгэн хугацаат цэргийн алба хаагчийн нэр дурдагдсан байх нь дэд түрүүч Бадарчийн Энхтүмэнлуу. Буудлагын тэмцээнд ч тэр, волейболын тэмцээнд ч тэр, дууны тэмцээнд ч тэр бусад нөхдөө манлайлж гэнэ. 
 
 
Буудлагын талбайд мэргэн буудаж, Спортын төв ордонд волейболоор төгс тоглолтыг толилуулж, урлагийн тайзнаа дайчин нөхдөө омогштол дуулдаг эрхэм дэд түрүүч Өмнөговь аймгийн Номгон сумынх. Номгоных гэхээр цуутай цэргийн  дарга нарын нэг чөлөөнд байгаа хошууч генерал Бадамын Шагдарын нутгийн хүү санж. 
 
 
Дэд түрүүч Б.Энхтүмэнлуу нь ам бүл тавуулаа, ээж, ах, эгч дүүгийн хамт амьдардаг гэнэ. Номгон болон Цогтцэций суманд 2007-2018 онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, 2018-2022 онд “Мон-Алтиус” дээд сургуулийг багш, дасгалжуулагчаар суралцаж төгссөн залуу. Сурагч байхдаа сургууль, сум орон нутаг, аймгийнхаа волейболын тэмцээн болон урлагийн наадамд жил алгасахгүй тэргүүлж, ёстой нэг дархлагдсан тамирчин болж чадсан нэгэн. Оюутан болоод ч ялгаагүй. Гаргасан амжилт нь ярайтал нь цуварч байна. Сургуулийн аварга, дүүргийн аварга, урлагийн үзлэгийн тэргүүн шагналтан гээд л.
 
Дэд түрүүчийн маань бахархал түүний ээж. Ээж О.Бадарч нь Номгон сумынхаа Ерөнхий боловсролын сургуульд 1998-2019 онуудад бага ангийн багшаар ажиллаж, 11 ангийн 400 гаруй сурагчийг төгсгөжээ. Багш гэдэг төрмөл зан чанар дээр суурилсан мэргэжил, мэдлэг ур чадвараас илүүтэй хүн чанар, хүнлэг сэтгэл шаардагддаг. Ээж минь яг л энэ чанарыг өөртөө шингээсэн учир багш гэдэг мэргэжилд дурлаж, суралцсан билээ. Халагдаад сумандаа багш болно гэж өгүүлэх Б.Энхтүмэнлуу нь сурагч, оюутан байхдаа анги хамт олноо манлайлж явсан шигээ өнөөдөр ч гэсэн цэргийн албанд ямар уралдаан тэмцээн болно тэр бүхэнд тэргүүлсээр явааг түүний хайртай ээжид нь уламжилъя.
 
 
Ахмад Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин