sonin.mn
ТОКИО. /NHK/. Украины нөхцөл байдлын талаарх Орос, Хятадын үйл ажиллагааг Японы Засгийн газар анхааралтай ажиглана гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгджээ.
Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Москвад хийх айлчлалын талаарх асуултад хариулахдаа ийн мэдэгдсэн байна. 
 
 
 
"Украины нөхцөл байдлын тухайд бид Орос, Хятадын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа" гэж тэрбээр хэлээд “Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд хариуцлагатай хариу арга хэмжээ авахыг" Токио Бээжинд уриалж байгааг тэмдэглэжээ. 
 
 
 
Ши Жиньпин гуравдугаар сарын 20-22-нд ОХУ-д төрийн айлчлал хийнэ. БНХАУ-ын даргын мэдээлснээр, түүний Москвад хийх айлчлал нь найрамдал, энх тайвныг бэхжүүлэх, Хятад, Оросын харилцаанд шинэ хэтийн төлөвийг нээх зорилготой аж.
В.Путин, Ши Жиньпин нар Украины хямралын талаар санал бодлоо солилцох төлөвтэй байгаа юм. Айлчлалын өмнө Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч тэмдэглэхдээ, тус улс “Украины хямралын талаар баримталж буй бодитой, шударга байр сууриа хамгаалж”, энхийн хэлэлцээг урагшлуулахад үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулахад чиглэсэн 12 заалт бүхий төлөвлөгөөгөө БНХАУ хоёрдугаар сарын 24-нд танилцуулсан юм. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг