sonin.mn
Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит, Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас хугацаат цэргийн алба хаагчдын тухай хөөрхөн, хөөрхөн бичлэг, эвлүүлэг тогтмол ирүүлэх болов. Цэргийн нэг өдөр, дайчдын аав, ээжийн сэтгэгдэл, байлдагчийн индэр гээд л. Байлдагчийн нүдээр байлдагчаа сурвалжлан гаргасан учир хөнгөн, сонирхол төрүүлэм бөгөөд энэ ажлыг санаачлан хэрэгжүүлэгч нь тус ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Бээлбаатарын Төгөлдөр ажээ. Ангийн удирдлагууд нь ч дайчныхаа хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүллийг нь өргөж, бүх талын дэмжлэг үзүүлдэг байна. 
 
Байлдагч Б.Төгөлдөр Улаанбаатар хотынх, 24 настай. Ерөнхий боловсролын I болон “Сант” дунд сургуулийг дүүргэж, 2018-2019 онд БНХАУ-д олон улсын гадаад харилцаа мэргэжлээр суралцаж байгаад цар тахлын улмаас эх орондоо эргэн ирж. Ирсэн даруйдаа ШУТИС-д салхивч, ус дулаан хангамжийн инженер мэргэжлээр элссэн бөгөөд гуравдугаар дамжаанаасаа цэргийн албанд ирээд байгаа нь энэ ажээ. 
 
Хичээлийнхээ хажуугаар мэргэжлийнхээ дагуу аавынхаа байгуулалцсан сантехникийн тоног төхөөрөмжийн төрөлжсөн худалдааны “Универсум” компанид борлуултын менежер хийдэг байсан гэнэ. Тэр сурч, ажиллахынхаа зэрэгцээ экстрим аялалд сонирхолтой, амьдралын идэвх өндөр, өөрийгөө шинэ бүхэнд сорьж үздэг залуу гэдэг нь ярилцлагаас нь илт байв. Ууланд авирах, бартаат замын уралдаанд оролцохоо үндсэн ажил шигээ болгож чадсан ба үүнийгээ гар утсаараа бичиж, эвлүүлж, сошиал сүлжээндээ оруулдаг байсан нь өнөөдөр сурвалжлагч-байлдагч болгоход нөлөөлсөн байна. Байлдагч маань мэргэжлийн камер, гар утас аль алинаар бага хэмжээний нэвтрүүлэг хийх чадвартай, өнөөгийн нөхцөлд офицер, ахлагч нарынхаа хамгийн сайн гэсэн гар утсаар дайчдынхаа бичлэгийг хийж байгаа ажээ.
 
Түүнд мөрдэс нэгт нөхдийнхөө тухай олон бичлэг хийхээр төлөвлөсний нэг нь “Цэргийн хоол”, “Цэргийн нөхөрлөл”, “Надад асуулт байна”, “Химичин дайчин”, “Эх орны өмнө эр хүн таны үүрэг” зэрэг олон сэдэв, санааг ажил хэрэг болгохоор дотроо “шатаж” яваагаа онцолж байсан юм.
 
Шинэ бүхнийг санаачлан хэрэгжүүлэгч, бүтээлч хандлагатай манай байлдагчийн аавыг Т.Бээлбаатар гэдэг, Монгол Улсын зөвлөх инженер бол ээжийг Д.Баярмаа гэдэг санхүүгийн мэргэжилтэй. Эхээс зургуулаа. Б.Төгөлдөр, Б.Түвшинжаргал, Б.Өлзий-Учрал, Б.Ван-Очир, Б.Эрдэнэ-Очир, Б.Бат-Очир гээд дөрвөн хүү, хоёр охинтой айл ажээ. Хоёр настай бага дүүгээ бага зэрэг санахаас биш цэргийн албанд уйдах завгүй суралцаад, нөхөрлөөд догь байна, эх орондоо тангараг өргөсөн эр цэрэг болсон би азтай гэсэн сайхан үгээр нь нийтлэлээ төгсгөе. 
 
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин