сонин mn

Саяхны нэг өдөр банкны сүлжээ тасалдсан тул АТМ-ээр үйлчлүүлэх шаардлага гарлаа. Азаар хамгийн түрүүнд таарсан АТМ-ээр цөөхөн хүн үйлчлүүлж байв. Хэдэн минут дугаарласны дараа миний ээлж ирж авах мөнгөн дүнгээ оруулах гэхэд хойно зогсож байсан ах аль хэдийнэ хажууд ирчихсэн харж зогслоо. Би ч түүнийг нэг их тоосонгүй. Гэтэл дахин нууц дугаараа оруулах шаардлагатай болоход бас л харж байлаа. Арга буюу түүнд шаардлага тавьтал “Юун сүртэй юм бэ” гээд уцаарлав. Миний тайлбарлаж байгааг ойлгох нь битгий хэл сонсох шинж түүнд алга. Тиймээс картаа хурдхан гаргаж аваад явсан юм. Тэр хүнд миний картын нууц дугаарыг олж харах асуудал биш ч надад бол чухал сэдэв. Тиймээс учир ойлгохгүй хүнтэй маргалдаж эд эсээ үхүүлэхийг хүсээгүй юм.

 

 

 

АТМ ашиглахдаа хүн хооронд зай барих ёстой. Мөн хүний хувийн мэдээллийг харахгүйн тулд өмнө байгаа хүнээсээ хол зайтай зогсохыг шаарддаг. Гэтэл уг шаардлагыг биелүүлж буй нь хэд билээ. Энэ буруу дадлыг засаж залруулж, соёлтойгоор үйлчлүүлж сурах хэрэгтэй.

 

 

Мөн зөв шаардлага тавьж байгаа нэгнээ сонсож сурах нь хүмүүжил юм. Үүнтэй адил хүмүүсийн гаргадаг өөр нэг алдаа нь картны нууц дугаар асуудаг явдал. Дэлгүүрт ороод юм авчихаад үйлчлүүлэхэд худалдагч нь урдаас картны нууц дугаар асуудаг. Яагаад нууц дугаар гэж нэрлэдгийг хэрвээ ойлгодог бол худалдагч хэзээ ч ингэж асуухгүй. Түүний оронд үйлчлүүлэгчдээ нууц дугаараа хийхийг хүсэх ёстой. Ямар банк нь хамаагүй картны нууцлал бол үйлчлүүлэгчийн хувийн нууц, итгэлцэл. Тиймээс өөрийгөө болон өрөөлийг хүндэтгэж нууц дугаарыг нь битгий асууж байгаарай.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин