sonin.mn
Монголчуудыг 2.1 тэрбум ам. долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч шалгалт хийхээр болсноос хойш сар хагасын хугацаа өнгөрч байна.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийнхэн шалгаж, нягталсан ажил байгаа бол УИХ, олон нийтэд мэдээлэх хугацаа нь аль эрт өнгөрчихсөн.
 
Гэтэл тэд ус балгачихсан мэт, “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг л хэвлэл мэдээллийнхнээс зай барьж, бултаж зугатсаар өнөөдрийг хүрлээ. Ялангуяа ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Ашиг сонирхолын зөрчилтэй” хүн шиг л тойрч гүйгээд байгаа. 20-иод хоногийн өмнө түүнээс яагаад шалгалтынхаа дүнг танилцуулахгүй байгаа талаар асуухад “Үндэсний Аудитын газар мэдээллээ нэгтгэж өгөхгүй байна, дараа долоо хоногоос хэтрүүлэхгүй мэдээлэл өгнө, ганц хоёр гишүүний гарын үсэг дутуу” гээд янз бүрээр бухаж үзсэн.
 
Тэгтэл дараа долоо хоног нь гурван долоо хоног болох гэж байхад эрхэм гишүүн бултаж, нуугдаж, хэвлэл мэдээллийнхэнтэй муур, хулгана бололцож, цаг нөхцөөсөөр байгаагийн ард чухам ямар нүгэл нуугдана вэ. 
 
“Чингис”,”Самурай” бондын зарцуулалтыг үхэн хатан нууцалж, хэн гээч улстөрч, бизнесменүүд гар, хөлөө угааж, хэд гурван тэрбумаар нь хулгайлан зувчуулсныг монголчуудад яагаад дэлгэн мэдээлэхгүй өнөөдрийг хүрэв ээ. АН, МАН-ын ямар улстөрчдийн ард байдаг компаниуд хэдэн тэрбумыг хоёр бондын мөнгөнөөс хумсалж дөнгөснийг, “Хөгжлийн банк”-ийг хэн гээч улстөрчид хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байсныг, хэдэн тэрбумыг цүнхэлснийг яагаад зарлаж чадахгүй, хөшигний ард тохиролцоо, наймаалцал хийж цаг хожсоор сууцгаана вэ.
 
Та нөхөд үхэн хатан нууцалсаар байгаа ч хэн гээч сайд, аль агентлагийн дарга, захирал “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны данснаас хэдэн тэрбум, хэдэн зуун саяыг халаасалсныг АТГ зах зухаас нь атгаж, чимхэж амжсан нь тодорхой болж эхэлсэн шүү гэдгийг дахин сануулъя.
 
Хэдийгээр муу муухай болгоныг АТГ руу чихэж, Монголыг авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн савраас цэвэрлэхээр тэсвэрлэшгүй хүнд дарамт шахалт, улстөрчдийн увайгүй гүтгэлэг дайралт болгоныг шүд зуун тэсвэрлэсээр байгаа АТГ-ынхан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад гарсан хулгай, луйвар, албан тушаалын гэмт хэргийн араас хүч тавин хөөцөлдөж, багагүй булхай луйврын сэжүүрээс лавхан атгаад авсан нь Л.Энх-Амгалан гишүүнийг барьц алдуулж, З.Энхболд даргын тэвчээрийг шалгаж байхыг ч үгүйсгэж болохгүй.
 
Мэдээж УИХ-ын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгүүд тухайн ажлынхаа тайланг УИХ-д тавьдаг цаг хугацаа, хоног байдаг нь тодорхой. Харин эрхэм гишүүн Л.Энх-Амгалан ахлагчтай “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсэгт УИХ-ын Дэгийн тухай хууль яагаад үйлчлэхгүй байгааг З.Энхболд дарга та асуух, шалгаах цаг болжээ. 
 
Үндэсний Аудитын газраас гаргасан мэдээллээр “Чингис” бонд 1.5 сая ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, одоо 520 тэрбум төгрөг үлдээд байгаа тухай зарласан байдаг. Эрх баригчдын тайлбарлснаар “Чингис” бондын мөнгөнөөс “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, “Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, ”Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ”Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилтыг олгосон гэсэн.
 
Харин УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нарын эзэмшдэг компаниудад хэдэн саяыг олгосон, Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компани “Ганц зоос ч аваагүй” гэдгээ ил тод зарлах цаг болжээ. УИХ-ын дарга З.Энхболдыг хөрөнгө мөнгөнд нэлээн хатуу, чанга ханддаг гэх юм билээ.
 
Тэгвэл 2.1 тэрбум ам.доллараас өнөөдөр хэд нь үлдэж, хэд нь ямар замаар, хаашаа шингэж, дундаас нь хэн гээч эрх мэдэлтнүүд зувчуулж, хумсалж, хулгайлсныг баримт нотолгоотой, тоо ширхэгтэй нь мэдээлэх цаг болсныг дахин сануулж байна. Шахаж шавдуулахгүй бол амандаа ус балгачихсан Л.Энх-Амгалан дарга, ажлын хэсгийн гишүүд нь бултаж зугатаж, тойрч гүйлдээд байна эрхэм З.Энхболд дарга аа.
 
Д.Энхтүвшин 
Эх сурвалж:"Өглөөний сонин"