sonin.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 842 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
 
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
 
-“Б” нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллах хугацаандаа бусдад давуу байдал бий болгосны улмаас төрийн өмчит хувьцаат компанид 2.1 сая төгрөгийн хохирол учруулсан гэх;
 
-Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
 
-“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь 600 гаруй нарны үүсгүүрийн тэжээлийг дур мэдэн худалдан борлуулж хувьдаа ашигласан, уул уурхайн компанид хулгайгаар эрчим хүч худалдан борлуулж хахууль авсан гэх;
 
-Говьсүмбэр аймгийн Баянтал сумын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
 
-Увс аймгийн Засаг дарга “Ч” нь өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх;
 
-Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудын захирлуудаас дэмжлэг үзүүлнэ гэж амлан бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
 
-БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх;
 
-Өвөрхангай аймгийн “Өвөрхангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан “Л” нь төсвийн хөрөнгийг бусдын дансаар дамжуулан авч өөрт давуу байдал бий болгосон гэх;
 
-Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий олгосон гэх.