sonin.mn
Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойш цагаан тоосны асуудал үүссэн бөгөөд үүнээс үүдсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж байгаа асуудал тодорхойгүй явсаар ирлээ. Тус асуудлын хүрээнд иргэний хөдөлгөөн, ТББ-ууд олноор байгуулагдан ажиллаж байгаа боловч асуудал нийт Орхончуудын эрх ашгийг бүрэн хамгаалсан хэмжээнд шийдэгдэж чадаагүй байна. Мөн энэ асуудал олон удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үед яригдсаар ирсэн. Ажил хэрэг болгоод нийт Орхончуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж чадсан улс төрийн нам, улс төрч одоогоор алга байна.
 
Тиймээс иргэд бид хамтран хөдөлгөөн байгуулж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд, УИХ-д нэр дэвшихээр бэлтгэж байгаа горилогч нарт хандаж сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэхүү асуудлаа тусгуулахаар Орхон аймгийн 30000 иргэн гарын үсгээ зурж нэгдлээ. Нам улс төрийн хүчнүүдэд дараахь шаардлагыг хүргүүлж хариуг 3-р сарын 30-ны өдөр бичгээр эргэн мэдэгдэхээр хүргүүлж байна. Үүнд:
 
Орхон аймагт сүүлийн 5 жилийн хугацаанд тогтвортой амьдарч байгаа 103 мянган иргэнд жилд нэг хүнд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө суулгах,
 
Жилд нийтдээ 103 тэрбум төгрөг буюу 37.4 сая ам.доллар шаардлагатай бөгөөд энэ зардпыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цэвэр ашгаас, үргүй зардлыг хэмнэж эх үүсвэр бүрдүүлэх бүрэн боломжтой,
 
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2, арван зургадугаар зүйлийн 2 болон 6-р зүйлд заасан эрхүүдийг хангуулж, эрүүл мэндийн нөхөн олговор олгуулах
 
Цагаан тоос нь нийт 800 га талбайг хамардаг бөгөөд хавар намрын хуурайшилт ихтэй салхитай өдрүүдэд дэгдэлт идэвхжидэг. Орхон аймгийн Жаргалант сум, Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан, Вокзалын иргэдэд шууд, бусад газруудад шууд бус нөлөөлөл үзүүлсээр байгаа юм. Түүнчлэн Жаргалант сум, Говил багт 6000 хүнд цагаан тоосноос үүдэлтэйгээр зүрх өвдөх, хоолой аргах, уушгины бронхит, астам, ургийн гажиг, толгой өвдөх, эргэх, арьсан дээр төрөл бүрийн экзем, харшил, тууралт, үлд, яр гарч шархлах шинж тэмдэг илэрсэн байна. Солонгосын хөрөнгө оруулалттай “Тод эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг нь 2018 онд цагаан тоосны нөлөөлөлд өртөж буй суурьшлын бүсийн цэцэрлэгийн насны 20 хүүхдийн үснээс дээж авч Солонгос улсад шинжпүүлэхэд хүнд металлийн хэмжээ 21-32 хувьтай гарчээ.
 
Төрөөд удаагүй нэг настай хүүхдээс шинжилгээ авахад хар тугалгын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс хэд дахин их байгааг тогтоосон байна. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт 30 жил амьдарсан эхнэр нөхөр болох Д,Н нар л гэхэд нөхөр нь уушгиний хорт хавдар, эхнэр нь багалзуур хоолойн хорт хавдраар өвчилсөн байжээ. Мөн тухайн нутаг дэвсгэрт бэлчдэг малын уушиг цоохортсон шохойжсон байдалтай байдаг зэрэг ноцтой баримтууд олон бий. Энд худгийн ус нь хүртэл шохой шиг цагаан зүйлийн тунаралттай, өвлийн улиралд цас хайлуулж хувцас угаахад цавуу шиг зүйл наалдаад угааж болдоггүй, цагаан тоосны дэгдэлтийн үед онцгой өмхий үнэр тухайн орчныг тэр чигт бүрхдэг гээд олон асуудал байгаа юм.
 
Цагаан тоос Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндэд бодитой аюул занал учруулж байгаа. Энэ бол ҮНЭН. Гэхдээ энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн буруу биш. Харин иргэдээ боддоггүй улс төрчид, улс төрийн намуудын буруу. Харин одоо алдаагаа засах боломж байна гэж харж байна.
 
Иймд Орхон аймгийн иргэдийн эрүүл мэнд, амьд явах баталгааг хангах үүднээс намууд уг асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж бодлогын түвшинд шийдэх цаг болжээ. Орхон аймгийн 30.000 иргэн нэгдсэн энэхүү хөдөлгөөнийг дэмжсэн улс төрийн хүчин, улс төрчийг Орхончууд бид бүхэн Орхон аймгийн иргэдийг дэмжиж байна гэж ойлгох болно хэмээн Цагаан тоосны нөхөн олговрыг олгуулах иргэдийн хөдөлгөөнийнхөн үзэж байна.