sonin.mn
Шинэчилсэн хуулиар 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон буюу нэг аймаг-нэг тойрог хэлбэрээр явуулахаар болсон. Хуулийн дагуу сонгуулийн тойргийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох учиртай. Тиймээс эдгээр өдрүүдэд аль тойрогт хэдэн мандат багтах талаарх асуудал улс төрд хүчтэй яригдах болов. Эрх баригчдын зүгээс нэг мандаттай орон нутгийн мандатын тоог нэмж, тойргийг 26-30 орчим байхаар тогтож байгаа бололтой. Ингэхдээ нийслэлд ялалт байгуулах боломж хомс гэж үзсэн бололтой. Нийслэлийн мандатын тоог багасгаж оронд нь нэг мандаттай аймгуудын мандатыг нэмэгдүүлэхээр зөвшилцсөн байна. Ингэж тооцвол Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоо хоёр болгож нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Эрдэнэт, Дарханыг хотын статусаар авч үзэж, тойргийг хуваах уу гэдэг асуудал яригдаж байгаа юм байна.
 
 
Сонгуулийн тойрог, мандатын тоотой зэрэгцээд хэн хаана нэр дэвших вэ гэдэг тохироо энэ өдрүүдэд хөшигний ард ид өрнөж байна. Учир нь, улс төрийн том хийгээд жижиг нам, эвсэл хуульд заасан хугацаандаа хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээс эхлүүлээд ээлжит сонгуульд ямар арга, тактикаар оролцохоо тодорхой болгох шаардлагатай юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх "2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүи. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ" гэж хэлсэн.
 
Эрдэнэт хотын хувьд ирэх сонгуулиар АН-аас аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, аймгийн МоАХ-ны дарга Д.Өсөхбаяр, ерөнхий сайд асан Р.Амаржаргал зэрэг хүмүүс горилж буй дуулдана. МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэх мэт горилогчид яригдаж буй. Мөн ШИНЭ нам, БНН, ИЗНН гээд олон улстөрийн хүчин бий. Эдгээрээс эрх баригч МАН-ын нэр дэвшигчид сонирхол татна.
МАН-аас Эрдэнэтэд нэр хүндтэй эрхмүүд өрсөлдөхөөр ирэх бололтой. Хуучин түшээдээс О.Содбилэг тойрогтоо ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бол Д.Дамба-Очир тойрог сэлгэж Дундговийг бараадах болсон. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар нам итгэл хүлээлгэвэл үзээд алдахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа. Эрдэнэт гурван мандаттай. МАН-ыг төлөөлж Эрдэнэтэд хүч үзэх багийг туршлагатай хүн толгойлох сураг дуулдав. Тэр хүнээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тодорч байгаа бололтой. Учир нь сонгуулийн тойргийн хуваарилалтаар нийслэлийн мандатынтоо цөөрснөөр өмнөх сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдсон Ц.Нямдорж гишүүн ийнхүү орон нутгийг зорих шаардлага үүссэн байна.
 
 
 
Ц.Нямдоржийн хувьд “Намайг хамгийн хүнд тойрогт илгээ” хэмээн намдаа томордог нэгэн. Тэрбээр УИХ-д зургаан удаа сонгогдохдоо хамгийн адармаатай тойргуудаас өндөр саналаар сонгогдож байсан гэдэг. Нөгөөтээгүүр Ц.Нямдорж Эрдэнэттэй зөвхөн “шахаа” хийдэг хүүгээрээ холбогддог юм биш. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжихэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэдгээ өөрөө ч хэлдэг. Тиймээс Эрдэнэтийн сонгогчдоос өндөр үнэлгээ авна гэсэн улс төрийн тооцоо хийсэн байж таарах нь. Улмаар Эрдэнэтэд “баатар”-ын дүрээр ирэхээр төлөвлөж байж болох юм.
 
 
 
Үндсэндээ 2020 оны сонгуулийн хувилбар нь МАН-ын 2008 онд олонх болж байсан сонгуулийн хувилбартай адил юм. Тухайн жилд 26 томсгосон тойргоор сонгууль явуулсан бөгөөд МАН /хуучнаар МАХН/-аас 45 гишүүн сонгогдож, засгийн эрхийг авч байв. Энэ жишгээр ахмад гишүүдээр удирдуулсан багийг тойрог бүрт илгээх төлөвлөгөөг МАН боловсруулсан нь ийнхүү Эрдэнэтэд хэрэгжих гэж байна.
 
О.Гэрэлмаа