sonin.mn

Энэ цагийн өнгө төрхийг тодорхойлж эрхэлсэн ажил үйлсдээ амжилттай яваа эрхмүүдийн нэг Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн тэмээчин эмэгтэй Б.Хандаа. Түүнийг саяхан Энэтхэг улсад болсон олон улсын тэмээчид, судлаачдын хурал, семинарт оролцоод нийслэлд ирсэн байхад нь манай сонин "Трэнд зочин" буландаа урьсан юм.

 

-Сайн байна уу? Өвөлжөө тавтай юу даа?


-Сайн. Сайхан өвөлжиж байна


-Олдохын талд цас зуд гайгүй юу?


-Жаахан цасархуу өвөлжих янзтай л. Би өнгөрсөн оны сүүлчээр гэх үү дээ. Бүр 11 дүгээр сард нутгаасаа гарч Энэтхэг орноор яваад харьж амжаагүй л явна.


-За тэгэхлээр энэ хахир цагаар гадаадад зугаалж явлаа гэж үү?


-Юун зугаалах. Идэр ес тачигнаж байх цагт гэр, малаа орхиод зугаална гэж юу байхав. БНЭУ-д болсон олон улсын тэмээчдийн хурал семинарт очиж нэг талдаа нүд тайлж яваад ирлээ.

2024 оныг чинь НҮБ-аас тэмээний жил болгон зарласан юм билээ. Үүний эхлэл нь тэр хурал, олон улсын тэмээчид, тэмээ судлаачдын цугларалт байсан юм байна.


-Монголоос олон хүн тэр хуралд очсон уу?


-Үгүй ээ. Би ганцаар очсон. Өөр монгол хүн байхгүйд би гайхсан. Надад л урилга ирүүлсэн байв. Үүнийг тодруулж хэлэх юм бол Энэтхэгийн Ражастиан мужийн тэмээчид санаачлан уг хурлыг зохион байгуулсан юм билээ. Яагаад намайг урьсан юм бол гэвэл өнгөрсөн оны зун АНУ-аас яваа голдуу хэсэг хүмүүс манайд зочилсон юм. Тэд янз бүрийн мэргэжлийн хүмүүс байсан ч цөмөөрөө тэмээ сонирхдог гэцгээж байв. Оксфордын их сургуулийн багш нар тэдний дунд явсан. Манайхыг сурж явсаар зорьж ирснээ хэлсэн юм. Тэгээд явахдаа дараа онд дэлхийн тэмээний жил болно.


Энд тэнд төрөл бүрийн ажил өрнөх байх. Хандаа чи оролцох уу гэсэн. Би нэгэнт тэмээчин байх замыг сонгосон хүн, тэмээ тойрсон ажил, асуудалд оролцохсон гэж боддог байсан болохоор боломж олдвол оролцолгүй яахав гэж хэлсэн юм. Тэгээд л надад урилга явуулсан юм билээ.


БНЭУ-ын Садри хотноо болсон тэр хуралд тус улсын олон мужаас ирсэн тэмээчид ирсэн Киргизстан, Казахстан, Иран, АНУ, БНЭУ зэрэг орны судлаачид цахимаар оролцсон. Тэдний дунд нэг сонирхолтой хүн байсан нь Кени улсын тэмээчин Алси гэдэг хүн байлаа. Тэр хүн жирийн тэмээчин биш тэмээчдийн хоршоо байгуулж өөрөө холбооныхоо тэргүүнээр ажилладаг тухай ярьж байсан. Бас Герман гаралтай Энэтхэгт очиж суурьшаад тэмээчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулж амжсан нэгэн эмэгтэйг онцлохгүй байхын аргагүй. Тэр уг байгууллагаараа дамжуулан төр, засагт уриа шаардлага хүргүүлэх зэргээр бодитой ажлууд хийж байгаа билээ. Би тэр эмэгтэйгээр их бахархсан. Хуралд оролцогсод Энэтхэгийн хэд хэдэн тэмээчдийн арга ажилтай танилцсан.


-Хуралд оролцогсдын ярьж байгаа зүйлийн гол агуулга чухам, юунд чиглэж байх юм?


-2024 оныг дэлхийн тэмээний жил болгож байгаад өндөр ач холбогдол өгч байналээ. За тэгээд хаа газрын тэмээ, тэмээчдэд тохиолдож байгаа асуудлууд нөхцөл байдал ямар байдгийг илэн далангүй ярьцгаасан даа.


Ялангуяа тэмээ тойрсон тулгамдаж байгаа гол асуудал дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт түүнээс шалтгаалах ган зуд болон бэлчээр усны хомсдол бий болсныг хэлэлцсэн. Газар өмчлөлийн асуудлаас болж зарим оронд тэмээний бэлчээр хомсдож байна. Цөлжилтөөс шалтгаалж ургамлын гарц доройтсон гэх зэргээр хөндсөн асуудал зөндөө л байлаа.


Зарим оронд тэмээний маллагаа, арчилгаанд эрэгтэйчүүд гол үүрэгтэй оролцдог басхүү тэмээ малладаг малчид бол зөвхөн өөрсдийн болон бусдын амьдралын хэрэгцээг хангах төдий биш тухайн улс орны өв уламжлалыг тээгч нь болж байна гэж хэлэх хүн олон байсан. Ер нь тэмээг хамгаалах асуудлыг улс орны төр, засгийн анхааралд байх нь чухлыг тодотгож байсан юм. Мөн тэмээний сүүний анагаах онцгой чанарын тухай их ярьлаа. Ингэний сүү гэдэг ямар ч эмийг орлох чадалтай юм гээд даангүй чихрийн шижин өвчинтэй хүн, дауны өвчтэй хүүхдэд хэрэглэхэд нэн тустай юм гэдгийг дэлхий мэддэг болжээ гэх юм.


-Дэлхийн улс орнуудад ингэний сүүгээр хэр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг юм бол ...?


-Энэ тухайд би сонирхсон. Манай монголчууд шиг ингэний сүүгээрээ олон төрлийн идээ цагаа хийдэг газар ер нь байдаггүй л бололтой юм байна шүү дээ. Бид газар дээр нь очиж нүдээр үзэхэд Энэтхэгт гэхэд хөдөөг түшиглэсэн нэг байгууллага малчдаас сүүг аваад үйлдвэрт нийлүүлдэг, түүгээр нь 2-3 төрлийн бяслаг л хийдэг юм байна лээ. Би ааруул, ээзгий шимийн архи зэрэг идээний дээж авч очиж хуралд оролцогчдод амтлуулсан. Тун их сонирхоцгоож байсан. Хэдийгээр ингэний сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэггүй ч дэлхийн улс орнуудад ашиглалтын байдал нь янз янз л байдаг нь хүмүүсийн ярианаас мэдрэгдэж байх шиг санагдсан.


-Өөрөө тэнд болсон хуралд ямар үүрэгтэй оролцов доо?


-Би “Байгальд ээлтэй мал, малчны үүрэг ямар байх ёстой вэ” гэсэн сэдэвт илтгэл тавьсан. Газар газрын төлөөлөгчид, тэмээчид миний ярианд тун анхаарч хандсан шүү. Монголчууд бид зун, намрын улиралд хаа бороо ногоотой нутаг байна. Тэнд очиж тэмээ малдаа тарга хүч авахуулдаг. Эрт үеийн нүүдэлчин уламжлалаа алдаагүй байгаа тухай. Мөн байгаль орчноо хамгаалах, бэлчээрээ зөв зохистой ашиглахын ач тусыг туршлага болгож хэлсэн.


Тэмээ бол байгальд хамгийн ээлтэй мал гэдгийг онцолж ярьсан даа. Яагаадав гэвэл өвс ургамлыг үндэс, мөчрийг хөнөөлгүй сорчилж иддэг нь тэмээний гол онцлог. Хамгийн наад зах нь гишгэсэн газар нь бусад туурайт малыг бодвол хөрсөнд гэмтэлгүй гээд. Бас монгол тэмээ говийн нөхцөлд амьдрах чадвар сайтай ер нь гайхамшигтай амьтан гэх зэргээр тэмээгээ л магтсан даа. Бас монгол тэмээчдийн арга туршлага ийм байдаг гээд ярихад олонх нь ангайтлаа сонирхож лавлаж асуун тайлбарлуулж авч байлаа. Мөн манай хадам аавын өгч явуулсан тэмээний буйл, бурантаг зэрэг эд зүйлийг хүмүүс тун их сонирхож байсан юм.


Аварга тэмээчин Ц.Лувсандоржийнхны өсгөн үржүүлж буй "Олдохын хүрэн бор" омгийн тэмээд их говио чимэн бэлчээрлэнэ.

Гэрэл зургийг Д.Цэрэннадмид


-Өөрөө илтгэлдээ Монголынхоо тэмээн сүргийн тоо толгойг хэр өсч байна гэдгийг тоо баримтаар дурдаж өгсөн үү?


-Өнгөрсөн жилийн тооллогоор тэмээ 3,4 хувь өсч 473,9 мянгад хүрсэн гэдгийг дурдсан. Уг нь 1980-аад оны дунд үед тэмээний өсөлт оргил үедээ байсан статистикийн мэдээ бий ч 2000-аад оны эхэн үед өсөлт зогссон байсан тухай тайлбарыг илтгэлдээ дурдаад авсан л даа. Гэхдээ энэ тоо баримт гадаадын нөхдөд нэн чухал биш байх шиг санагдсан.


-Энэтхэгийн тэмээчдийн гол онцлог юу байх юм бэ?


-Тэнд дөрвөн суурь малчдынхаар орж үйл ажиллагаатай нь танилцсан. Нэг тэмээчин тийм олон биш, 100 орчим тооны тэмээтэй байдаг юм байналээ. Тэд тэмээгээ өглөөгүүр нэг том хашсан талбайд оруулчихдаг, үдээс хойш задгай бэлчээрт гээд хосломол аргаар малладаг. Бас нэг сонин нь тэр хашаалсан бэлчээр нь тэмээчний өөрийнх нь биш өөр хүний өмч учир түрээслэх маягаар ашигладаг байх юм. Мөн нэг онцлог нь ингэ саах ажил зөвхөн эрэгтэйчүүдийн үүрэг байдаг аж. Манайд бол хэн нь ч ингээ саачихдаг шүү дээ. Бас тэмээний махыг зарим мужийнхан хүнсэндээ хэрэглэдэг байхад зарим газарт огт хэрэглэдэггүй гэнэ.


-Хүмүүс илтгэлээ өөр өөрсдийн хэлээр л тавьж байх юм уу?


-Тиймээ. Миний хувьд илтгэлээ уг нь англиар бэлдсэн байсан юм. Гэтэл АНУ-д байдаг Оксфордын их сургуулийн багш нэг найзынхаа зөвлөснөөр монгол хэлээр тавьсан. Тэр найз минь америк хүн боловч монгол хэлэнд сайн учир орчуулагч хийж өгсөн юм. Яахав хурлын үеэр гарсан асуулт, хариулт болоод зарим үед бусадтай англиар ойр зуурын яриа өрнүүлж л явлаа. Мөн Энэтхэгийн Засгийн газрын чиглэлийн албаны хүмүүс уг хурал, семинарт урилгаар оролцож газар газраас ирсэн тэмээчид, судлаачдын үг яриа, арга туршлагыг мэдэж авч байх юм билээ. Тус улсад малчид, тэмээчид орлого багатайгаас газар өмчилж авч чадахгүй бэрхшээл байдаг тухай ярьцгааж байна лээ. Нэг сонин юм анзаарагдсан нь Энэтхэгт эр малаа хөнгөлнө гэж байдаггүй юм байна л даа. Тиймээс эр тэмээ бүхэн буур болж ингээ булаалдан тулаан болдог. Энэ жинхэнэ проблем болдгийг сонслоо. Энэ тал дээр Монголын маань малаа хөнгөлдөг уламжлал жинхэнэ бахархалтай зан үйл юм гэж санагдаж байлаа.


-За тэгээд хурал, семинар болж тэр бүхэнд оролцож л дээ. Далимд өөр сонин сайхан газраар явав уу даа?


-Бидний очсон мужийнхан их дээр үеийн нэг цайз бас нэг хааны ордон музейг үзүүлсэн. Сонирхолтой л юм билээ. Явсан газар бага, ярьсан сонссон нь харин их санагдсан шүү.


-Өөрт чинь малчин хүний хувьд бодож санаж толгойдоо тээж явдаг юм зөндөө л байдаг болов уу?


-Өө байлгүй дээ. Милчин бидэнд төр, засгийн мэдээлэл тун өнгөцхөн ирдэг юм. Сонин хэвлэл нүдний гэм. Зурагтаар л жаахан багцалсан мэдээ авах юм. Байгаль цаг агаарын өөрчлөлт тун хурдацтай байна. Үүнтэй уялдаад малчид, тэр дотроо тэмээчдийнхээ эрх ашгийг хамгаалах дорвитой ажил чамлалтай байх юм гэж бодогддог. Үнэн байдлыг хэлэхэд ийм л байдлаараа яваад цаг алдаад байх юм бол малчид ховордож хөдөө нутаг эзгүйрч мэдэх вий гэж зовох юм даа. Энэ болгоомжлолыг төр, засгийнхан маань ухаж бодоосой л гэж хэлэх байна.


Монгол малчин үндэсний хөтөлбөр энэ тэр гээд баримт бичиг цөөнгүй бий. Тэр бүхний биелэлт нь тааруу, малчдын амьдралд наалдац муутайхан байдаг юм. Ийм үгийг малчин бүр л хэлэх байх. Говь нутагт бэлчээрийг хамгаалах, устай болгон өгөхөд төр, засгийн бодит туслалцаа хэрэгтэй байх.


Мал, мах экспортлох л юм ярих юм. Миний хувьд тэмээчин хүн, тэмээгээ их хайрладаг болоод тэр үү, тэмээг махны чиглэлээр ашиглахыг болж өгвөл багасгах, хилээр амьдаар гаргахгүй л байгаасай гэж хүсч байдаг юм шүү.


-Одоо ярианыхаа өнгийг жаахан өөрчилж тэмээчин бүсгүй өөрийн чинь малчин болсон тухай дурсвал ямар вэ?


-Болох л доо. Би чинь Хулд сумынхаа Шувуутай багаас гаралтай хүн. Манай аав С.Бямбаа нэгдлийн хоньчин байхдаа хамгийн залуудаа Улсын аварга малчин болж байсан юм. Ясны малчин хүн. Үр хүүхэд бидэндээ их юм сургасан даа. Би гэхэд 4-5 настайдаа морь тэмээ унаж найман нас хүрээд л бие даан малд явдаг болсон байлаа. Ижий Ц.Ням маань ч удамтай малчин. Би тэднийхээ залгамж болж явна. Учир юув гэвэл зэргэлдээ Олдох багийн малчин, улсын аварга тэмээчин Ц.Лувсандорж гэдэг айлд бэр болж очсон. Тэгээд тэмээчин болсон доо. Манай домогт Үл-Олдохын тал гэдэг чинь хараа цуцаам уужимхан нутаг. Талын энгээр зандан хүрэн тэмээ нь чимэг болон бэлчээрлээд айдаа говь нутаг нэг өвөрмөц сайхан даа. Тэмээтэйгээ зохицсон тэр нутагт халуун бүлээрээ тэмээ голлосон арвин сүргийн эзэн тэр өрх айлын нэг гишүүн нь болсон нь золтой юм даа.


-Танай хадам аав улсын аварга тэмээчин Ц.Лувсандоржтой уулзаж ярилцахдаа


-Та таван хошуу малтай гэх. Гэтэл юм л бол тэмээ гэж яриад байх юм гэвэл “Би тэмээний шүтлэгтэй хүн. Бурхан намайг энэ замбуутивд илгээхдээ тэмээ малла гэж явуулсан шиг байгаа юм” гэж хэлдэг.


-Тэгэхлээр бэр нь болсон чи бас тиймэрхүү үг хэлж таарах болов уу?


-Яахав дээ. Нэгэнт л тэр аварга тэмээчний бага хүү Л.Төмөрсүхтэй гэр бүл болж очсон болохоор тэмээ гэдэг сайхан амьтныг бусад төрлийн малаас илүүд үздэг, хайрладаг, хамгаалах болсон доо. Тэмээчин гэгдээд арваад жил болж байна.


-Хадам аавын чинь үлгэр жишээч байдал юугаараа ажиглагддаг вэ?


-Ер нь малын төлөө төрсөн гэхээр ухаалаг хүн дээ. Бид түүнийг яльгүйхэн шиг үйл хөдлөл дунд нь ойлгодог. Биднийг ямар нэг алдаатай шийдвэр гаргахыг мэдсэн ч тэр даруйд үглэж яншина гэж байдаггүй. Өөрсдөөр нь алдаагий нь ухааруулж чаддаг хүлээцтэй хүн. Жишээ нь бид юмсан хойно тэмээндээ тав тух муутай жаахан өндөрлөгдүү газар нүүгээд буучихъя гэж бод. Аав юм хэлэхгүй. Харин бид тэмээ малынхаа аясыг ажиглаад буруу газар бууж гэдгээ өөрсдөө мэдрээд нүүх болдог. Энэ үед нь л аав “Энэ чинь нутаг сонголтын алдаа байсан юм шүү. Хүүхдүүдээ. Түүнийгээ ухаарч ойлгосон чинь зөв” гэж хэлэх. Хашир хүний ухааны нэг учиг нь тэр юм.


-Нөхөр Л.Төмөрсүхтэйгээ хэзээ хэрхэн танилцсан бэ?


-Нэг их учирсаад байх юмгүй дээ. Манайх эдний нутагт отор хийж яваад л танилцсан. Заяаны хань зам дээр гэдэг л тэр байсан байх.


-Тэмээчний тухай мэдлэгээ сэлбэх ном зохиол хэр уншдаг вэ?


-Миний эрэл хайгуул хийж явдаг юм маань тэр. Тэмээг гайхамшигтай сайхан мал гэдгийг маллаж үзээд төдий биш ном зохиолд бичигдсэн зүйлс, үлгэр домгийн сайхнаас л илүү мэдэх юм даа. Тэмээг тэнгэрийн амьтан гэдэг. Тэр ёстой үнэн үг юм шүү. Надад зөндөө ном бий. Уншина аа. Энэ бол малчин хүний ухаанд суралцах эхлэл юм даа.


-Тэмээ маллах ер нь амар ажил уу. Хэцүү ажил уу?


-Би амархан гэж хэлж чадахгүй. Яагаад гэхээр би тэмээ маллах арга ухааны зөвхөн зах зухаас л суралцаж явна. Харин тэр арга ухааныг бүрэн олчихсон хүнээс тэгж асуувал амархан ажил гэж хэлж магадгүй юм л даа.


-Хадам аав Ц.Лувсандоржийг чинь тэмээ маллах арга ухааныг сайн эзэмшсэн хүн мөн үү гэвэл чи юу хэлэх вэ?


-Тэр хүний сурч мэдсэн арга, ухааныг уудлаад үзэх юм бол ай сав нь бараг л дүүрэн байхсан болов уу. Улсын аварга тэмээчин болоод олон жилийн нүүр үзэж байна. Хадам маань уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд “Олдохын хүрэн бор” гэдэг тэмээний шилмэл омог бий болгосон. Одоогоос бараг гурван жилийн өмнө батламжийг нь гардаж авсан. Ер нь ам нээснээс гэгчээр миний бодоход Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цолны болзлыг аль эрт хангачихсан хүн санагддаг. Нутаг усныхан маань нь ч тэгж боддог байх. Бас манай хадам ижий Ш.Бадамханд гэж идээ цагаа гарамгай хийдэг, ирсэн явсанд зочиломтгой сайхан хүн бий. Олдохын говьд түмний малыг ундаалж байдаг гүний нэг худгийг хадам маань тохижуулж өндөр хүчдэлд холбуулж авсан. Тэндээ ирсэн мал бүхнийг услаад явуулна. Үйлдвэрлэлийн байртай, гагнуур, мужааны ажлыг өөрөө л хийнэ. Үлгэртэй л хүн дээ.


Б.Хандаа эмгэг тэмээ туйлах агшныг анаж байх үе нь.

Гэрэл зургийг Д.Цэрэннадмид


-Танайхаар гадна, дотны зочид, жуулчид зөндөө очдог гэсэн.

-Тиймээ.Танилын хүрээ жилээс жилд өргөжөөд л байгаа юм. Зарим орны элчин сайдууд ч хүрээд л ирдэг. Тэр бүхнийг монгол заншлаараа угтаад тэмээгээ үзүүлж, мал маллагааныхаа арга ажиллагааг танилцуулдаг. Түүнээс биш бид жуулчны баазархуу юм байгуулаад хүмүүсийг ир барь гэж урьж залдаггүй л дээ. Зөнгөөрөө л тэмээ сонирхох талын голдуу хүн олноороо ирдэг юм.

Зочны тоо жилээс жилд олшроод л байна. Олон түмэнтэйгээ танилцаж, аль болох ойр байх сайхан шүү дээ. Зарим жуулчин нөхөд тэмээ унаж үзье гэдэг. Бид хүсэлтийг ёсоор болгодог л доо.


-Эмнэг тэмээгээ өөрсдөө сургадаг уу?


-Тэгэлгүй яахав. Энэ тал дээр манай нөхөр Л.Төмөрсүх хар багаасаа тэмээний дунд өссөн болоод тэрүү тун авхаалжтай. Муу эр эхнэрээ магтдаг гэсэн үг байдаг. Гэхдээ би нөхрийнхөө сайн талыг хэлж болно биз дээ. Зовоод байх хэрэггүй байх. Л.Төмөрсүхэд бусдаас онцгой малчин хүнд зайлшгүй байхаар хоёр чанар бий. Тэр нь юу вэ гэвэл манай хүн эмнэг тэмээг сургахдаа огт түүртдэггүй. Мэргэшсэн мэт санагддаг. Эмнэг тайлаг бариад тогшлох гэж харагдах.


Би гэрэл зураг сонирхдог болохоор гэртээ орж камераа аваад гараад ирэхэд аль хэдийнээ мордоод алга болсон байдаг. Харжээ байтал төдөлгүй тэр эмнэгээ бүр зүгшрүүлчихсэн жонжуулаад ирдэг. Муу сургасан тэмээ элдэв адайр зантай болдог.


Тэгвэл Төмөрсүхийн сургасан тэмээ илүү дутуу зангүй номхон дөлгөөн болсон байдаг юм. Бас түүний хоёр дахь “эрдэм” нь ботгоо голсон ингэний төлийг өдөрт нь авахуулчихна. Уг нь лавтайяа 2-3 хоногийн ажил байдаг бол эх, төл хоёрыг манай хүн ганцхан өдөрт л ээнэгшүүлчихдэг. Энэ бол хий хоосон магтаал биш амьдралд байгаа бодитой үр дүн юм шүү.


-Танай бүлийнхэн ахан дүүсээрээ хэр олон тэмээтэй вэ?


-Хүн болгон л тэгж асуудаг. Надад бол тэр тоо их чухал юм биш санагддаг. 700 орчимд л тэмээний тоогоо барьсаар ирсэн. Ээлжийн ингэ 70 гаруйд эргэлддэг. Цагийн байдлаас шалтгаалаад тэмээний хээл янз бүр байх явдал бий. Ер нь тэмээ гэдэг амьтан сайхан мал төдийгүй хамгийн нандин нь ашиг шим арвинтай л даа. Малчин бид тэмээгээ шүтэж сайхан амьдарч байна. Манайхны нэг онцлог нь тэмээ бүртээ анхаарал хандуулж чаддаг. Тийм байж л тэмээг өсгөнө. Ашиг шимийг нь бүрэн дүүрэн авна. Ашиг шим гэснээс үүдээд хэлэхэд тэмээний ноос тэр дотроо өвдөг зогдор гэж гэр ахуйн оосор бүч хийхэд хамгийн сайн. Торомны ноос гэж ямааны ноолуураас дутахгүй үнэт эрдэнэ юм шүү.


-Тэмээ, тэмээчдийн эрх ашгийг төр, засгаас хэр анхаарч байгаа тухай бид дээр цухас дурдаад өнгөрсөн. Харин Дундговь аймгийн хувьд тэмээчдээ хэр анхаардаг вэ?


-Засгаас тэмээний ноосны урамшуулал өгч л байгаа. Ботгоны урамшуулал, тэмээчдээ алдаршуулах, жил бүр аварга тэмээчдээ шалгаруулах зэрэг ажлыг тогтмолжуулж манай аймгийн төр, захиргааны байгууллага тун гайгүй анхаарч ажилладаг юм.


-Уул уурхай Монголыг авч явдаг гэж эндүүрэгчид байгаад байдаг. Уг нь бол Монголын эдийн засгийн мөнхийн хүч нь мал юм шүү дээ. Өөрийн чинь бодол...?


-Үүнтэй санал нэг байдаг. Миний хувьд тэмээтэй, тэмээчинтэй холбоотой алив асуудалд болж л өгвөл оролцож санаа бодлоо нэмэрлэж байхыг хичээдэг.


Би сая Энэтхэгт олон орны тэмээчид, судлаачдын үгийг сонслоо л доо. Ингэснээр тэр улс оронд тэгдэг ингэдэг юм билээ гэж ярих нь илүүц юм. Харин мал маллагаа, тэр дотроо ингэний сүүгээр гэхэд маш олон төрлийн идээ цагаа бэлтгэж ирсэн монгол өв уламжлал маань аугаа. Түүгээрээ бахархаж нүүр бардам явлаа.


Бас бид тэднээс суралцах гол биш тэд л биднээс авах сурах юм их байна гэж ухаарсан даа. Нэгийг нэмж хэлэхэд тэмээ маань бусад малаас тоо толгойн хувьд цөөн ч авах ашиг шим нь чанартайн учир тэмээгээ түм түмээр нь өсгөе хайрлая, хамгаалья гэж хэлэх байна. Намайг олон улсын хурал, семинарт очиж олон орны тэмээчид, судлаачдын өмнө үгээ хэлж монгол малчны арга ажиллагааг танилцуулахад гүн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Оксфордын их сургуулийн багш Ариель Ахларн, Англид эрдэм шинжилгээ судалгааны ажлаа хийж буй С.Энхбат нарын найзууддаа танай сониноор дамжуулан баярлаж талархсанаа илэрхийлье.



Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин