sonin.mn

 "Баавгай болохсон" УСК-ны олон улсын кино шүүмжлэгчдийн сэтгэгдлийг орчуулан хүргэж байна.




"Найруулагч Пүрэвдашийн Золжаргал нийгэм, улс төрийн өнгө аястай "Баавгай болохсон" киногоороо тэсрэлт хийн гарч ирлээ. Бадрангуй залуу жүжигчдийн оролцон тоглосон энэхүү бүрэн хэмжээний кино нь ертөнц дахины түгээмэл шинж чанартай. Сэтгэл донслом." 


Киноны нээлтийн үзүүллэгийн дараа найруулагч болон гурван жүжигчдэд нь үзэгч олон хүндэтгэл үзүүлэн босож, хэдэн хормын турш халуун алга ташилтаар баяр хүргэсэн нь танхимын зохион байгуулагчид дараагийн киног гаргахын тулд үзэгчдийг гарахыг сануултал үргэлжилсэн юм. Нижигнэсэн алга ташилтаас гадна нулимсандаа чийгтсэн нүдтэй хүмүүс ч бас байлаа. “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд шалгарсан найруулагч Пүрэвдашийн Золжаргал өөрийг нь ийм сайхнаар хүлээн авна гэж бодоогүй байв. “Баавгай болохсон” хэмээх түүний кино нулимсны булчирхай цочроохыг ч, уянгын халил хийгээд хэт эмзэглэлийн товчлуурыг дарахыг ч зориогүй билээ. Харин ч энэ бол Витторио дэ Сикагийн “Унадаг дугуйн хулгайч” киноных шиг өнгө аястай, маш том кино болсон байна. Уг кино нь уран сайхны өндөр мэдрэмжээр хийгдсэн, нийгэм, улс төрийн агуулгатай бүтээл юм.


Нийгмийн нөхцөлдөө амьд үлдэж, улмаар орхин гарах нь 


Өлзийгийн хувьд хорвоо ертөнцийг нуруун дээрээ үүрэн явах шаардлагүй байсан ч болоосой гэмээр нь Сисифийн хувь заяатай төстэй. Ахлах ангийн сурагч, физикийн шинжлэх ухаанд ихээхэн авъяастай Өлзий хүү өөд болсон ааваа төдийгүй, архинд живсэн ээжээ орлон гэр бүлээ тэжээх хэрэгтэй болно. Охин дүү, эрэгтэй дүү хоёр нь түүнээс бүрэн хамаарч амьдрах тул Өлзий ухаан билиг, мэргэн аргаа хослуулан байж ам бүлээ тэжээж, гэрээ орноо дулаацуулах аж. Гадаа хүйтний эрч -35 хэмтэй. Ингээд нүүрс барагдаад ирэхэд, гэр бүл нь тэр чигээрээ аюулд өртөнө. Гэсэн хэдий ч, Өлзий мөрөөднө. Тэр физикийн улсын олимпиадад орохыг мөрөөднө. Тэтгэлэг хүртэж, дараа нь өндөр цалинтай ажил хийж, гэр бүлээ ядуу тарчигаас гаргах нь түүний зорилго. “Уйлах юм бол ялагдчих юм шиг санагдаад байна” хэмээн тэр үнэнээ өчнө. Тиймээс ч Өлзий эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр тэмцнэ, унана, босно, дахин унана, дахин босно... 


Гэр хорооллын хүмүүс 


Монгол найруулагч Пүрэвдашийн Золжаргал дэлхий дахины түгээмэл шинжит түүх болох шударга бус тогтолцооны эсрэг сөрөн босох тэмцлийн тухай өгүүлнэм. Нутаг орноо орхин явахаас өөр аргагүйд хүрч, ажил олохоор нийслэлээ зорин ирээд, гадуурхлын бүхий л хэлбэрт өртсөн эдийн засгийн дүрвэгчид Улаанбаатар хотыг захлан орших гэр хорооллуудад амьдран сууна. Энэ хотын орон сууцны оршин суугчид, гэр хорооллолд амьдрагчдын хоорондох зай гэрлийн жилээр хэмжигдэх аж. Гэр хороололд оршин суугчид нь агаар бохирдуулагчид хэмээн чичлэгддэг. “Би гэр хороололд өссөн, тэндээ ч амьдарч байгаа. Хэн ч хотын нөгөө талыг хордуулах гэж нүүрс түлдэггүй юм аа. Бид утаагаар биш, ядуурлаар амьсгалж байна.” хэмээн Пүрэвдашийн Золжаргал сөрнөм. 

“Баавгай болохсон” бол түгээмэл, мэдрэмжтэй, ухаалаг бөгөөд маш том бүтээл болжээ. 


Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь


https://www.francetvinfo.fr/culture/cinema/festival-de-cannes/critiques/festival-de-cannes-2023-si-seulement-je-pouvais-h iberner-le-film-mongol-qui-a-emu-la-croisette_5842520.html



Канн 2023, “Тодорхой нэгэн өнцөг” ангилал: “Баавгай болохсон” – Нийгмийн шинжит уран нарийн монгол кино 2023.05.21 


Жоффри Набавиан


Монголоос ирсэн уран сайхны сонгодог сцентэй энэ кино өгүүлж буй санаагаараа онцгой юм. Өнөөдрийн Монгол. Өсвөр насны хүү Өлзий ухаантай бөгөөд ажилсаг. Өөрийн хийх юмсаа амжуулахаас гадна, үүрэх өөр зүйлс түүнд олон бий. Учир нь тэр Улаанбаатарын захын дүүрэгт, халаалтгүй гэрт ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. Дээр нь, ээж нь удаан донтсон архинаас гарч буй ч, буцаж орчих гээд байх эрсдэлтэй. Пүрэвдашийн Золжаргалын найруулсан энэ кино нь нийгмийн амьдралын талаарх олон улсын кинонуудтай зохиолын хувьд ойр очино. Гэхдээ, хүнд хэцүү нөхцөл байдлыг дүрслэн үзүүлэх өнгө аяс нь үзэгчдийг увдислан татаж, дасгах бөлгөө. Амьд үлдэхийн тулд шаргуу хичээж буй залуу жүжигчнийх нь хичээл зүтгэлд төвлөрсөн энэ кино үнэндээ маш эерэг болжээ. Үүрцайхын Батцоож дүрдээ онцгой сайн тоглосон байна. Түүний дотоод хүч, жүжигчний зүтгэл болоод дүрийн зохиомжоос уг кино хэмнэлийнхээ нэг хэсгийг бүрдүүлжээ. Ингээд, гачаал зүдгүүрээс татгалзсан бөгөөд ойр дотны тийм мэдрэмжээр кино дүрс дүүрээд ирнэ.  


Түүнчлэн, уг киног онцгойруулах бас нэг найрлага нь түүний дүрслэл тавилт болоод өнгө тавилт юм. Уран сайхны гоо зүйд анхаарсан боловч, реализмаа хэзээ ч алдаагүйгээрээ гайхалтай. Тодруулбал, киноны зураглалыг яг зөв өндрөөс кадрлаж, харууцыг амьд хийгээд сайхан харагдах тэр өнцгөөс гаргаж ирэхийг хичээсэн нь мэдэгдэнэ. Ийнхүү, дүрслэлээ зүрх сэтгэлтэй болгосноор, хүнд хэцүү нөхцөл байдлын зураглал ч тэгтлээ горь тасарсан шинжтэй болоогүйгээрээ тайзны тавилтын энэ сонголт төгс болсон байна. Энэ сонголтын ачаар, үзэгч олны нүдэнд нөхцөл байдал хоногшин үлдэх аж. Өөрөөр хэлбэл, амьд оршихуй зүгээр л өөрийгөө мэдэгдэхэд тус болсон энэхүү сонголт нь аливаа хэтрүүлэггүй юм. Ингэснээрээ, өгүүлэгдэж буй түүх нь киноны явцад үзэгчдэд маш ойр байхын сацуугаар, кино дууссаны дараа ч үлдэж хоцрохуйц болжээ. Тиймээс ч, кино зураглаач Дэлгэржаргалын Даваанямд халуун баяр хүргүүштэй. 


Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь


https://toutelaculture.com/cinema/cannes-2023-un-certain-regard-si-seulement-je-pouvais-hiberner/


Монгол найруулагч Пүрэвдашийн Золжаргал Каннд шалгарсан “Баавгай болохсон” киногоо танилцуулж, хахир өвлийг давах, Монголын залуучуудад итгэл урам хайрлах талаар ярьлаа.


Лиз Шакльтон 2023.05.20


Пүрэвдашийн Золжаргалын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “Баавгай болохсон” бүтээл нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хороололд амьдран суудаг бөгөөд физикийн олимпиадад түрүүлж, сайн сургуулийн тэтгэлэгт хамрагдахаар хичээж буй өсвөр насны нэгэн хүүгийн түүхийг өгүүлнэ. Гэтэл ээж нь хүүг дүү нартай нь үлдээж, хөдөө ажил хийхээр явснаар, хүүхдүүд амиа аргацаан хоцроно. Хичээл сурлагадаа шамдахын оронд хоол унд, түлээ түлштэй залгахын тулд хүү эрсдэлтэй ажил хийхэд хүрэх аж.  


“Намайг өсвөр насандаа байхад ээж минь гэр хороололд дэлгүүр нээж ажиллуулж байсан юм. Тэр үед бид хөдөөгийн малчид, хүнд хэцүү нөхцөлд буй хүмүүс, хүүхдүүддээ хоолгүй хэрнээ өөрсдөдөө архи, үрсдээ хэдхэн хямдхан чихэр л авч буй эцэг эх гээд янз бүрийн хүмүүстэй уулздаг байсан. Тэр л ариун цагаан, бяцхан хөөрхөн хүүхдүүдэд ямар нэгэн аргаар итгэл найдвар өгөх, эсвэл тэднийг баярлуулах ямар нэгэн зүйл бүтээхийг би их хүсдэг байлаа” хэмээн Золжаргал бидэнд дурссан юм. 


Энэ түүх нь өөрөө “Баавгай болохсон” кино болох учиртай байжээ. Каннын кино фестивальд албан ёсоор шалгарсан Монголын анхны кино болох уг бүтээл нь “Тодорхой нэгэн өнцөг” ангилалаар 5-р сарын 21-нд нээлтээ хийх юм. Энэхүү кино нь боловсролын үүрэг ролийг ядуурлаас гарах арга зам утгаар нь эргэцүүлэхээс гадна, Монголыг боомилсон агаарын бохирдлыг арилгах гарцын талаар асуудал дэвшүүлнэ. Кино өвөл хийгдсэн ба Улаанбаатарт өвөлдөө агаарын хэм -30 хүртэл буурдгаараа бусад газрынхтай харьцуулшгүй хахир хүйтэн ажээ. Хүн амынх нь талаас илүү нь дулааны шугамд холбогдоогүй гэр хороололд амьдардаг учир өвлийн жаврыг давахын тулд нүүрс түлдэг байна. Ийнхүү хот хэдэн сарын турш өтгөн утаанд дарагддаг талаар Золжаргал тайлбарласан юм. 

“Монгол дахь агаарын бохирдол аймшигтай болохыг кинооос харж болно. Өвөл бүр хүмүүс, хүүхдүүд энэ бохирдлоор амьсгалах хэрэгтэй болдог тул цусанд нь хүнд металл шингэдэг. Гэтэл үүнийг шийдэхийн тулд гаргаж байгаа санаачлагууд нь тэр чигээрээ утгагүй зүйлс байдаг. Нарны хавтан байрлуулахын оронд л сайжруулсан нүүрсний талаар ярих жишээтэй.” хэмээн найруулагч өгүүлсэн билээ. 


“Баавгай болохсон” киноныхоо зохиол дээр хэдэн жил ажиллан хөгжүүлснийхээ дараагаар Золжаргал олон улсын тэтгэлэгийн төслүүдэд хандах эцэс төгсгөлгүй мэт хүлээлтийн тойрогт орсны зэрэгцээ, Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монголиан финтек групп зэрэг дотоодын эх сурвалжуудаас санхүүжилт босгосон аж. 


Золжаргал “Киноныхоо зураг авалтыг хийж чадаагүйдээ өвөл бүр удаан гэгчийн сэтгэл гутралд ордог байлаа. Энэ төслөө зогсоох шахсан ч, өгүүлж буй энэ түүхдээ үнэхээр л итгэж байгаа юм бол дэлгэцэнд ямар нэгэн хэлбэрээр заавал гаргах ёстой гэж бодсон. Тэгээд Франц продюсер [Урбан Группын Фрэдэрик Корвэз] руугаа залгаж, өөртөө байгаа энэ галзуу санаагаа хэлж, байгаа нөөцөө ашиглаад зураг авалтаа хийхээр шийдсэнээ хэлсэн.” хэмээн дурслаа. Шийдэмгий энэ чанар нь кино зохиолыг бичиж, найруулж, продюсерласан Золжаргалын өөрийнх нь төрөлх араншин гэлтэй. Учир нь кино урлагт орж ирсэн түүний зам тийм ч дардан байгаагүй юм. Багаасаа л кино зохиол бичиж, найруулахыг хүссэн боловч, энэ хүслээ тэрээр өөрийг нь илүү энгийн мэргэжил сонгоосой гэж байсан гэрийнхэндээ хэлэхээс зүрхшээж байжээ. 


“Монголын Үндэсний телевизээр бид Бямба гарагийн орой бүр кино үздэг байсны дотор “Форрэст Гамп”, “Шаушанкаас оргосон нь” зэрэг кино тухайн үед өсвөр насны охин байсан миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн л дөө. Сагсан бөмбөгч транс залуугийн тухай бас нэг Тайланд кино байсан. Туулж буй амьдралаа кино урлагаар дамжуулан хүмүүст тэр чигээр нь ойлгуулж, бас киногоор дамжуулж, хүний амьдралаар амьдарч болдог юм байна гэдгийг би тэгэхэд анх ойлгож байсан.” хэмээн Золжаргал дурссан юм. 


“Баавгай болохсон” киноны гол дүрийн адилаар, Золжаргал ч бас математик, физиктээ онцгойрч, нэр хүндтэй ахлах сургуульд тэтгэлгээр сурч байжээ. Харин физикийн номонд улайрахын оронд сургуулийнхаа театрын дугуйланд явж, улмаар дахин нэг тэтгэлэг хүртэж, Японы Токио хотын Ж.Ф. Обэрлин Их сургуульд суралцсан байна. Төгсөж ирээд тэрээр Улаанбаатарт хэд хэдэн киноны туслах найруулагчаар ажилласныхаа дараа ээж болсноор кино урлагийн замналаа түр завсарласан аж. 2017 онд тэрээр “Баавгай болохсон” киноныхоо эхний хувилбараар Берлиний кино наадмын Азийн кино бүтээгчдэд зориулсан лаборатори болох “Токио Авъяас” хөтөлбөрт багтаж, улмаар “Токио Авъяас” шагналыг хүртжээ. “Энэ явдал намайг үнэхээр үнэ цэнтэй зүйл дээр ажиллаж байгааг минь ухааруулж, өөртөө итгэх итгэл өгсөн юм. Гэхдээ шинээр эхлэгчийн хувьд хэт хөөрч, олон улсын бүхий л сангууд руу хэт эрт хандсан л даа. Тийм болохоор кино зохиолоо үргэлжлүүлэн хөгжүүлэнгээ богино хэмжээний гурван кино бүтээсэн.” хэмээн тэр дурслаа. 


“Токио Авъяас”-аар эхэлсэн энэхүү гараагаа Золжаргал ТориноФильмЛаб, Азийн кино санхүүжүүлэх Хонг Конгийн форум, Локарногийн кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр зэрэг бусад цөөнгүй тооны лаб, ко-продакшн хөтөлбөрүүдээр үргэлжлүүлсэн байна. “Токио Авъяас”-ын үеэр Корвэзтэй танилцсан Золжаргал улмаар ассошиэт продюсер, Малайзын кино найруулагч Тан Чүй Мүй болон Монгол талын хамтрагч продюсер Сэд-Аюушжавын Батхишигтэй уулзан танилцжээ. Түүнчлэн, Франц хийгээд Катараас тус тус продакшны санхүүжилт олж чадсан аж. 


Киноны пост-продакшны үйл ажиллагааг санхүүжилтийн шаардлагад тааруулан гадаадад гүйцэтгэсэн боловч, кино зураг авах үйл явц тэр чигээрээ Монгол уран бүтээлчдийн оролцоотойгоор бүтсэн байна. Зураглаач нь баримтат гэрэл зурагчин, хамтрагч продюсер нь баримтат киноны чиглэлээр дагнасан замналтай зэргээр, зураг авалтын багийнхнаас кино урлагт анх хөл тавьж буй хүмүүс байсан бол, гэр хороололд өсч торнисон хүүхдүүд гээд жүжигчдийн ихэнх нь мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй баг энэ киног бүтээсэн юм. Монгол улс нь дотоодын кино үйлдвэрлэлээрээ жилд 40-60 кино бүтээдэг ч, Золжаргал кинондоо мэргэжлийн жүжигчин хүүхдүүд биш, харин гэр хорооллын хүүхдүүдийг сонгон тоглуулсан нь өгүүлж буй түүхийнхээ үнэнийг хадгалах эрмэлзэлтэй нь холбоотой. “Жүжигчин шалгаруулах зар тавиад, кино зохиолынхтойгоо илүү ойр дүр бүхий хүүхдүүдийг бид сонгосон. Хүүхдүүддээ би яагаад энэ киног хийхийг хүссэн тухайгаа ярьж өгөхөд тэр чин шударга, гэгээн ариун хүүхдүүд өөрсдийнхөө нөхцөл байдлыг маш сайн мэдэж байсан болохоор энэ түүхийг нь ярихад надад туслахаар шийдсэн юм.” хэмээн найруулагч Золжаргал өгүүлээд, “Илүү танхи хүүхдүүд байсан бол агаарын хэм -42 зааж байх үед зураг авалтыг тэсэхгүй байх байсаан. Бид камернуудаа хөлдөөхгүйн тулд 5 минут тутамд дулаан машинд оруулж байлаа. Хүүхдүүдээ болохоор зузаан хөнжлөөр хучиж, халуун ундаа, витамин өгч, гутланд нь халуун элс хийж өгч байсан. Хүүхдүүдийн маань тэр хүч чадал, цог золбоо байгаагүйсэн бол зураг авалт маань бүтэхээргүй байх байсан даа.” хэмээн хуучилсан юм. 


Тэдгээр хүүхдүүд өнөөдөр улаан хивсэн дээгүүр алхахаар Канн руу нисч яваа. Кино нь 5-р сарын 21-ний Ням гарагт фестивалийн “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд нээлтээ хийнэ. Үүрцайхын Батцоож, Цэндийн Номинжигүүр, Батсайханы Төгөлдөр нар жүжигчдийн багийг тэргүүлнэ. Киног Золжаргалын Амигдала Фильмс болон Урбан Фактори Продакшн продюсерласан бол, олон улсын түгээлтийг Урбан Сэилс хариуцаж байна. Эцэст нь найруулагч Золжаргал “Энэ агаараар амьсгалж буй хэн бүхэн надтай хамт энэхүү түүхийг ярьж өгөөсэй. Кинонд маань оролцсон хүн бүхэн маш шаргуу ажилласан ба хүүхэд бүрт сайн боловсролыг хэрхэн тэгш хүртээх талаар кино маань хүмүүсийг эргэцүүлэхэд хүргэнэ байх гэж бид найдаж байгаа.” гэсэн юм.

“Баавгай болохсон” киноны трэйлэрийг үзэх.  

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь


https://deadline.com/2023/05/cannes-un-certain-regard-zoljargal-purevdash-if-only-i-could-hibernate-1235372844/amp/ 



“Баавгай болохсон”: Каннын шүүмж


Никки Буган 2023.05.21


Монгол улсаас анх удаа Каннд шалгарсан энэхүү итгэл төгс бүтээлд өсвөр насын нэгэн хүү ядуурлаас гарахаар эрдэм номд шамдаж буй талаар өгүүлнэ. 


Зохиолч/найруулагч: Пүрэвдашийн Золжаргал. Монгол/Франц. 2023. 98 минут.


Монголын нийслэл Улаанбаатар хотноо, ядуу амьдралтай өсвөр насны нэгэн хүү гэр бүлээ авч явах, эсвэл өөрийн гэсэн сайхан ирээдүй мөрөөдөх гэсэн хоёр туйлын хооронд эргэцнэ. Монголын кино найруулагч Пүрэвдашийн Золжаргал маш сайн хийгдсэн энэхүү анхны бүрэн хэмжээний уран сайхны кинондоо хөгжиж буй энэ улс даяар мэдрэгдэж байгаа зөрчилдөөнийг хувь хүний туулж буй амьдрал замналд багтаан харуулжээ. Ингэхдээ, хөгжил дэвшил рүү алхах замд нь уламжлал нь орхигдон хаягдаж буйтай уялдаж, аргагүй болсон олон хүн ядуурлын түвшнээс ч хамаагүй доор унаж байгаа өнөөгийн Монголын төрхийг дүрсэлсэн байна. 


 Уг сэдвийг Золжаргал кино багийнхантайгаа аядуу аргаар хөнджээ


“Тодорхой нэгэн өнцөг” ангилалаар нээлтээ хийж буй, Каннын кино фестивальд Монгол улсаас анх удаа шалгаран оролцож байгаа энэхүү драм нь улс төрийн агуулга бүхий ч, огтоос хүндрүүлсэн зүйлгүй бөлгөө. Золжаргал ба түүний баг, тэр дундаа нүдэнд маш дулаахан Үүрцайхын Батцоож болон бусад дүр нь уг сэдвийг аядуу маягаар хөндсөн нь цаашид олон фестивалиудыг өөртөө татаж, дэлхийн хэмжээнд түгээгдэх магадлалтай байна. 


Золжаргал нь 2020 онд гаргаж байсан “Шат” хэмээх богино хэмжээний киногоороо хэд хэдэн фестивалиас шагнал хүртэж байсан билээ. Улаанбаатарт зураг авалт нь хийгдсэн энэхүү кинонд хөгжлийн бэрхшээлт нэгэн эр өдөр тутмын саад бэрхшээлээ даван туулахаар тэмцэж буй тухай гардаг. Уг сэдвийг энд өргөтгөн хөндөх авч, 15 настай Өлзий (Батцоож) хүүгийн хувьд тулгарч буй бэрхшээл тотгор нь бие физиологийн бус, харин соёлын шинжтэй байна.


Физикийн хичээлд авъяастай сурагч тэрээр Монголын хамгийн шилдэг сургуульд тэтгэлгээр сургах шагнал бүхий улсын хэмжээний тэмцээнд бэлдэнэ. Гэсэн хэдий ч, нийслэл хотын захын хорооллын гэрт амьдрахад тулгарах саад бэрхшээл нь хичээлдээ шамдах эрмэлзлийг нь үргэлжид хойш нь чангаах аж. Эцэг нь ажил хайж хөдөөнөөс гэрээрээ нүүн ирээд өөд болсон учир Өлзий монгол гэрийн бяцхан орон зайдаа ээж (Сандагдоржийн Ганчимэг) болон гурван дүүтэйгээ хамт амьдардаг. (Нөхөр нь өөрийг нь цор ганцаар нь орхиод үхээд өгсөн явдал өдгөө архичин болсон эхнэрийн хувьд хэрүүлийн алим болсон нь илт.) Цэрэнпилийн Ариунтөгсийн гүйцэтгэсэн тайз засал нь мэдрэмж өндөртэй агаад гэрийн дотоод орчныг нурж сүйрсэн биш, харин ч тохь тухтай болгожээ. Ханан дээр гэрэл зураг, шалан дээр тараасан тоглоом, буланд зурагт байх нь угаасаа л гэр бүлийн орон зайг илэрхийлж буй учир аргагүй. Үнэн хэрэгтээ, дүрсэлж буй дүрүүдээ орчин нөхцлийнхөө хохирогчид биш, харин ч эдийн засгийн дөнгөнөөс мултрахаар зүтгэж буй өрнөл бүхий хувь хүн гэдэг утгаар нь нямбайлан бүтээснийг энэ киноны туршид мэдэрч болно. 


Өрнөл бүхий хувь хүн гэдэг нь Өлзийгийн хувьд мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэхийн хажуугаар хоёр дүүгээ харж хандах хэрэг болно. Учир нь бичиг үсэг тайлагдаагүй ээж нь хөдөө аж ахуйн ажил хийхээр тэднийг орхин оддог (ингэхдээ бага хүүгээ хамаатныдаа үлдээнэ). Үлдэж хоцорсон ах дүүсийн хоорондох чин энэрэл хайр нь инээд баясал, дулаан илч үе үе авчрах нь Монголын тэсгим хүйтэнд олдох цор ганц ачлал гэлтэй ч,энэ тэсгим хүйтэн удалгүй гэрт нэвчин орж ирэх аж. Бяцхан зуухандаа түлэх нүүрс, мод олох эцэс төгсгөлгүй энэ хэрэгцээ нь амьдралын гол зорилго болж хувирах агаад, ямар сайндаа л дунд дүү нь зун болтол ичдэг баавгай ч болчихдог болоосой хэмээн гаслах вэ дээ. Бусдаас тусламж хүсэхээс хэт нэрэлхэх зан, дээр нь, эр хүн байх талаарх хэт хуучирсан үзэл санаандаа чөдөрлүүлсэн Өлзий мод цагаалах ажил хийхэд хүрснээр эрдэм номдоо шамдаж чадахааргүй болдог. 


Өлзийгийн дотор болон гадаад орчны аль алинд нь татаж-түлхэх байнгын өрнөл явагдана. Өдөр тутмын амьдралын хоёр өөр туйлын ялгааг зураглаач Дэлгэржаргалын Давааням ганц хүрээгээр голчлон харуулжээ. Нагац эгч нь хүүгийнхээ ам гэмтсэнийг эдгээхийн тулд Өлзийгийн хөлийн эрхий хуруу болон хазаар оролцуулан домнох зан үйлийг люкс зэрэглэлийн хотхон дахь өндөр үнэтэй байрандаа хийдэг зураглал, зунжингаа барилга дээр ажиллаж байж олсон цалингаараа авсан цоо шинэ неон ногоон пүүз нь Өлзийгийн гэрийн ядмаг бүдэг гэрэлд гялалзан харагдах зураглал зэргээр үүнийг жишээлж болно. Гял цал болсон хотын төвд сайхан хувцасласан жагсагчид орчин тойрныг нь хучин бүрхэх дарангуй агаарын бохирдлын эсрэг жагсах авч, Золжаргал найруулагч ядуурал өргөн тархах нь өөрөө амьдралд илүү их хөнөөлтэй болохыг цохон тэмдэглэж байна. 

Киноны хөгжмийг бичсэн Жоанни Кюртэ монгол соёлын өвөрмөц онцлог болсон хөөмийн эгшиглэнг хип-хоп, бийтбокстой хослуулж, каунтри хэв маяг бүхий гунигт чавхдас үе үе оруулсан нь соёлын амин чанарын хямралыг өгүүлэх мэт ажгуу. Нээрээ л хувьсан буй дэлхий ертөнцөд байр сууриа олохоор зүтгэн тэмцэж буйгаараа Монгол улс Өлзий хүүтэй төстэй ажээ. 


Продакшн компаниуд: Амигдала Фильмс, Урбан Фактори

Олон улсын түгээлт: Урбан Сэилс

Продюсерүүд: Пүрэвдашийн Золжаргал, Фрэдэрик Корвэз, Маэва Савинион

Зураглаач: Дэлгэржаргалын Давааням

Эвлүүлэгч: Александра Штраусс

Хөгжим: Жоанни Кюртэ 


Гол дүрүүд: Үүрцайхын Батцоож, Сандагдоржийн Ганчимэг, Цэндийн Номинжигүүр, Батсайханы Төгөлдөр 


Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь


https://www.screendaily.com/reviews/if-only-i-could-hibernate-cannes-review/5181603.article



“Баавгай болохсон” кино Каннд түүх бичиж, Монголын кино урлагийн салбар хүрээгээ тэлэв


Марта Балага2023.05.22


Каннын кино наадамд албан ёсоор шалгарсан анхны монгол кино болох Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл нь үйл ажиллагаагаа идэвхжүүлж буй Монголын кино урлагийн салбарт бас нэгэн чухал алхам хийлээ. 


Найруулагч Золжаргал байгуулагдаад удаагүй байгаа Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийг Дэмжих Сан зэргийг дурдаад, “Байдал сайжирч байгаа. Монгол Улс кино урлагийн тухай хуулиа саяхан баталсан болохоор [2022 оны 1-р сард хүчин төгөлдөр болсон] одоо л яг эхлээд явж байна. Ирээдүйд илүү олон кино хийх боломжтой болно гэж найдаж байна.” гэсэн юм. Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Каннд “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд нээлтээ хийж буй бөгөөд, уг бүтээлийг Амигдала Фильмс, Францын Урбан Фактори продюсерлэсэн ба Урбан Сэилс түгээлтийг нь хариуцаж байна. “Монгол талтай кино хамтран продюсерлэхэд тийм амар биш хэвээрээ байгаа ч, монгол кинонуудыг дэмжих сан ашгүй байгуулагдлаа. Дотоодынхоо бүтээлүүдийг дэмжээд, тэр нь Канн хүрч байна гэдэг бол сайны тэмдэг.” хэмээн Урбан Факторигийн Фрэдэрик Корвэз тэмдэглэлээ.


“Баавгай болохсон” кинонд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо амьдардаг өсвөр насны Өлзий хөвүүний тухай гардаг. Физикийн хичээлд онцгой тэрээр их сургуульд тэтгэлгээр сурахаар хичээн зүтгэх боловч, архинаас хамааралтай ээж нь хөдөө явснаар Өлзий дүү нартайгаа хамт хахир өвөлтэй нүүр тулан үлдэнэ. Ганц бие ээжтэйгээ гэр хороололд өссөн найруулагч Золжаргал “Ядуурлыг арилгах хамгийн шилдэг арга бол боловсрол. Энэ бол зөвхөн Монголын ч асуудал биш. Хүүхэд бүрт тийм боломж олдох ёстой.


Би хамгийн сайн ахлах сургуульд суралцаад, тэндээсээ Японд тэтгэлгээр суралцсан учраас хувийн туршлагаасаа ярьж байна. Өнөөдөр би гурван хэлээр ярьдаг, өөрийгөө болгоод явж чаддаг. Киногоор дамжуулж хэлэх гэсэн бүх сэдэв, санаа маань энд байгаа учраас би буцаж ирсэн. Харин найзууд маань нөгөөх л хорлонт тойрогт үлдэж гацсан хэвээрээ.” хэмээн ярьсан юм.

Золжаргалын киноны гол дүр Өлзий гэр бүлийнхээ ирээдүйг өөрчилж чадна гэдгээ ухаарч эхэлдэг нь “Good Will Hunting” (Сайн Вилл Хантин) кинонд Мэтт Дэймон Өмнөд Бостоны суут ухаантны дүрийг бүтээн гардагтай төстэй.


“Боловсрол бол зөвхөн математик, физикийн асуудал биш юм. Санхүүгээ яаж зохицуулах вэ, гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ гэх мэт ч бүгд боловсролын асуудал. Тийм ч учраас би энэ киног хийсэн. Үүгээрээ би “Бид юу хийж чадах вэ?” гэж асуух гэсэн юм. Яагаад гэвэл бид зайлшгүй нэг юм хийх ёстой болоод байна.”


Кинондоо Монголын ёс заншлаас харуулах авч, улс орноо чаминжуулаагүй найруулагч Золжаргал гэр хорооллын хүүхдүүдтэй хамтран ажиллахаар шийдсэн явдал бол, бодит байдал бүрхэг саарал байлаа ч гэсэн, түүнтэй ойрхон байхыг хичээсэнтэй нь холбоотой. “Монголд илүү их жуулчин авчрах нь миний зорилго байгаагүй. Би энэ түүхийг үнэн бодитоор нь өгүүлж, агаарын бохирдлын тухайд л гэхэд авч буй утгагүй арга хэмжээнүүдээс нь харуулахыг хүссэн юм. Төслөө эхэлж байхдаа уур минь их хүрдэг байлаа. Одоо бол харин инээхтэйгээ болсон. Энэ хүүхдүүд илүү сайн сайханд хүрнэ гэдэгтээ үргэлж итгэж найддаг. Кино зохиолоо хөгжүүлж байх үед минь хүмүүс “Үүнийгээ ганц үгээр илэрхийж болох уу?” гэж асуухад нь би “Итгэл найдвар” гэж хариулдаг байлаа.” гэж найруулагч дурссан юм. Киноны ассошиэт продюсер Маэва Савинион “Найруулагчийн өөрийнх нь туршлагаас сэдэвлэсэн гэдэг нь үнэхээр илт байдаг.” гэсэн бол, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсийн захирал Гэрэлтуяагийн Номин-Эрдэний хувьд энэ кино Монгол жүжигчид, кино багийг гадаадад танилцуулах “томоохон танилцуулга” болж байгаа аж. “Олон улсын төслүүдэд зориулсан төсвийн хөнгөлөлт, урамшуулалт бий болгож буйтай маань холбогдуулан, дэлхийн хэмжээний илүү олон тоглогчид Монголыг кино зураг авалтын газар болгон сонгоно гэж найдаж байна. Тийм ч учраас иймэрхүү хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр бүрэн бэлдээд байгаа.” хэмээн тэрээр нэмсэн юм.

Дор хаяж 500,000 ам.долларын зарлага бүхий кино төслүүд Монголын газар нутаг дээр хийгдсэн бол кино бүтээх зардлынхаа 45 хүртэлх хувийг нөхөн төлбөр хэлбэрээр буцаан авах боломжтой болжээ. Үүнд зураг авалтын 30%, соёлын танилцуулгын 10%, гадаадын авъяасын нөхөн төлбөрийн 5% тус тус орж байгаа юм байна. Түүнчлэн, Монголын Кино Урлагийг Дэмжих Сангаас дотоодын төдийгүй, олон улсын хамтын ажиллагаа бүхий кино төслийг ч дэмжин санхүүжүүлэх боломжтой болсон байна. 

“Өөрөөр хэлбэл, Монголын кино бүтээгчид кино төсөлдөө зориулж нэмэлт дэмжлэг, нөөц бололцоонд хамрагдаж болохоос гадна, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Монголын өвөрмөц соёл, орчин, түүхийг дэлхий нийтийн үзэгчдэд хүргэх боломжтой гэсэн үг.” гэж Номин-Эрдэнэ дурдсан юм. 


Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь 


https://variety.com/2023/film/news/if-i-could-only-hibernate-cannes-mongolia-1235621331/


Кино шүүмж: Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” (2023)

Хүсэл болоод амлалт

Хуши Жайн


Өвөл гэгч нь арьс мах руу мөлхөн орж, яс чөмөг рүү нэвчих дур сохирхолтой зүйл билээ. Илч дулааны үүсвэргүй үед бол хүмүүс бид хүйтэн жаврыг давахын тулд гараа түлж дулаацахаас наагуур юм болох нь бий. Эсвэл амьтад шиг ичээндээ өвлийг туулдаг ч болоосой гэж хүсэх үе бас байж болно.


Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” кинонд гарах шинэ жүжигчин Үүрцайхын Батцоожийн гарамгай бүтээсэн Өлзий хүүгийн дүр нь өөрийгөө болон гэр бүлээ байгаа нөхцөл байдлынхаа золиос төдий биш юм гэдгийг өөртөө хийгээд гэрийнхэндээ харуулж буй тэр л хүсэл болоод амлалтыг амилуулжээ.


Найруулагчийн хувьд анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь болох уг бүтээл Каннын Кино Фестивалийн “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд нээлтээ хийснээрээ уг фестивальд албан ёсоор шалгарсан анхны монгол кино болж түүхэнд бичигдсэн юм. Энэ бол Монгол улсын нийслэлийн тэсгим жаварт мятралгүй, аядуухнаар том хүн болж буй нэгний тухай түүх билээ. Өлзийгийн аав нь амьдралын илүү боломж хайж хөдөөнөөс Улаанбаатарт нүүн ирэх боловч, цаг бусын үхлээр Өлзийг архичин болсон ээж, гурван дүүтэй нь мөсөн жаварт хотод орхин одсон аж. Тухтай боловч мөнхийн хүйтэн гэрт бүгдээрээ амьдрах энэ айл амьжиргаагаа арайхийн залгуулна. Зуухаа галтай байлгахын тулд мод хулгайлахад хүрэх тэдэнд бүтэн хоол бол дээд зэрэглэлийн зүйл. Физикт онцгой авъяастай Өлзий хүү сайн сургууль, дараа нь сайн их сургуульд орсноор ядуурлын гяндангаас гарах боломжтойг удалгүй ухаарна. Гэвч ээж нь хөдөө буцахаар шийдэхэд, Өлзий зөрж, улсын олимпиадын ачаар амьдрал нь өөрчлөгдөх боломжтой тул түүний төлөө тэмцэхээр хоёр дүүтэйгээ үлдэж хоцорно.


Ийнхүү урьд өмнөхөөсөө ч улам ганцаар үлдсэн Өлзий хүү хахир нь дэндсэн өвөлтэй тулах хэрэгтэй болно. Золжаргалын найруулга өрөвдөх биш, харин ч хүч чадлын сэдэл өгөх аж. Ах дүүс нугаршгүй шаргуу зангаар огтхон ч бууж өгөлгүй зүтгэнэ. Хайр энэрэл, тууштай байдал нь тэдний зэврүүн нөхцөл байдлыг үе үе гэрэлтүүлнэ. Ганц бэлэн гоймонгоо хуваан идэж, хөзөр тоглож, нэгнээ унгахаар нь шоолон инээлдэж, жижиг зүйлээс ч баяр хөөр мэдэрч, эв найртай аж төрнө. Ах дуу гурвыг ийнхүү тод томруун харуулснаараа Золжаргал үйл явдлын хэмнэлд ямар гарамгай гэдгээ үзүүлжээ. Өгүүлж буй түүх нь огтхон ч шинэлэг биш хэр нь, гойд өвөрмөц энэ хэмнэлийнх нь ачаар үзэгчдийг уйдаах үе гэж нэг ч гарахгүй бөлгөө. 


Улаанбаатар бол утаа манан нөмрөгтэй, агаарын бохирдолдоо хахаж цацсан хот ажгуу. Цас нь цагаан биш, заваарсан саарал өнгөтэй. Зураглаач Дэлгэржаргалын Давааням нэн ойртуулж авсан хурц дүрс хийгээд, Өлзийгийн эргэн тойрныг харуулсан өргөн кадр бүхий гайхалтай дүрсүүдийг камерын ажилдаа тэнцвэртэй гаргажээ. Илчээ хадгалахаар үйлээ үзэж буй гэрийн дотоод орчин нь улаан, хүрэн, шар бүхий дулаан өнгөтэй. Цэрэнпилийн Ариунтөгс нь дэндүү их стресс, үе үе тохиох гэр бүлийн сөргөлдөөн, дээр нь мэдээж, ерөөсөө л шууд өвчин тусмаар тийм хүйтэн гэрийн орчныг ямар ч л байсан найрсаг дулаан, гэм зэмгүй, хөгжилтэй сайхан уур амьсгалтай болгож чадсан байна. Киноны дэглэлтийг төгс нэгтгэн базаж харуулсан зүйл бол түүний хөгжим. Жоанни Кюртэгийн зохиосон бүтээл нь Монгол ардын хөгжмийг бүүвэй, бийтбокстой хослуулжээ. Золжаргалын найруулгын хэмнэлийг хөгжим нь дуурайсан гэлтэй. Кино техникийн шилээвэр болох “Баавгай болохсон” бүтээлийг улам онцгойруулж буй нь гол дүр Өлзийгөөс өөр хэн байх билээ? Мод, нүүрсний байнгын хомсдолтой тулах тэрээр хичээл сургууль болон гэр ахуйн асуудал хоёрынхоо хооронд үргэлжид сонголт хийн явна. Өөрөө өөрийгөө болгочихноо гэсэн итгэл үнэмшил өөртөө үүсгэчихсэн Өлзий бусдаас тусламж гуйж чаддаггүй. Шийдэмгий зориг нь түүний давуу тал боловч, зөрүүд зан нь түүний ганц сул тал билээ. Энэ кино Өлзий гэдэг хувь хүн хэрхэн өсч өндийж буйг харуулах агаад, Батцоож үүн дээр торгон мэдрэмж гээчийг жинхэнэ гаргаж чадсан юм. Нэвт шувт харцтай түүний нүдний илэрхийлэмж тун онцгой аж. Өлзийгийн дүр бол бүтээхэд амаргүй, тэр дундаа анх жүжиглэж буй жүжигчдэд бол бүүр ч хэцүү дүр боловч Батцоож үнэхээр өөлөхийн аргагүй чадварлаг тогложээ. Киноны өгүүлэмж нь ерөөсөө л хувь хүний түүх мэт боловч, Золжаргал энэ асуудлыг Монголын өнөөгийн байдлаар өргөн хүрээнд маш нухацтайгаар харуулж чаджээ. Үүний нэг жишээ бол кинонд зурсхийгээд өнгөрөх өнгөцхөн жагсаалын хэсэг юм. Киноны төгсгөлийн цаг хугацааг төгс тааруулсан бол, гүйцэтгэл нь бүр үүнээс ч илүү болжээ. Зүрх сэтгэлээ шингээн хийсэн энэ кино нь үзэгч таныг өвлийн хахир жаврыг хайлуулан урагшлахад туслах тэр л халуун илчээр дүүргэх болно. “Баавгай болохсон” нь агуу бөгөөд сэтгэлд хоногшсон бүтээл болсон ба найруулагч Золжаргал өөрийнхөө анхны бүрэн хэмжээний уран сайхны энэхүү киногоор өндөр стандарт өөртөө тогтоожээ. 


Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь 


https://asianmoviepulse.com/2023/05/film-review-if-only-i-could-hibernate-2023-by-zoljargal-puevdash/


БААВГАЙ БОЛОХСОН

Пүрэвдашийн Золжаргал


Улаанбаатарт өсвөр насны нэгэн хөвүүн амьдралаа авч явахын тулд бүхнийг хийнэ. Найруулагч нийгмийн реализмын уламжлалаар Монголыг дэлхийд нээж өгчээ. Гэгээлэг. Кино урлаг биднийг Улаанбаатарт аваачих нь нэн ховор учир далайн түвшнээс дээш 1350 метрт орших Монголын нийслэлийн тэсгим жаварт зураг авалтыг нь хийсэн энэ уран сайхны кино шууд сэтгэл татах аж. Өчүүхэн төдий ч гоёчлоо нь үгүй алсын энэ хязгаартай танилцахуйяа соньхон мэдрэмж эрхгүй төрөх нь нэн таатай. Нийгмийн гадуурхагдсан хэсгийнхний орогнол болсон гэр хороололд түлэн баагиулах нүүрснээс ихээхэн үүдэлтэй агаарын аюумшигт бохирдлыг манантан цагаарах дүрслэл гарт баригдтал харуулжээ. Гуйлгачин болчихгүй юмсан гэсэн айдаст автсан Өлзий хэмээх хүү энэ л орчинд амьдрах ажгуу. Өсвөр насны энэ хөвүүний малчин асан аав нь дөрвөн хүүхдэдээ сайн боловсрол олгохоор энэ хотод нүүн ирсэн байсан юмсанжээ. Гэвч Өлзийгийн аав нь нас барж, ээж нь архинд живснээр бүх зүйл хяналтаас гарна... 


Хэврэгхэн гэрээс бүтсэн ийм хороололд жинхнээсээ өссөн хүүгийн амилуулсан Өлзийгийн уярам дүрээр Улаанбаатар ихээ танил газар болж хувирна. Найруулагч бүрэн хэмжээний уран сайхны анхны энэ киногоороо Унадаг дугуйн хулгайч (1948) бүтээлээс өвлөгдөн ирсэн нийгмийн реализмд тулгуурлан, ядуурлыг илчлэн буруушаахын хамтаар мэдрэмж, сэтгэгдлийн үнэнийг гаргаж иржээ. Амьдралаа аваад явахын тулд бүхий л бололцоогоо дайчлан зүтгэхийн зэрэгцээ жаахан ч атугай нүүрс худалдаж авах мөнгөтэй болохын тулд модны хулгайчидтай хуйвалдахад хүрч буй өсвөр насны хүүгийн эргэн тойронд хайрлахад үнэн хэцүү ээж, чадварт нь бат итгэх физикийн багш, хоёр хүүгээ алдсан, нөмөр ээлээ хайрлах хөрш өвөө гээд мелодрамын шахуу олон нөхцөл үүснэ. Пүрэвдашийн Золжаргалын харах өнцөг эхнээсээ дуусан дуустлаа л тийм ариун, тийм энгийн байж чаджээ. Гол дүрээ сайхан ирээдүй рүү хөтлөхийн хажуугаар найруулагч эх орноо дэлхий дахинд нээж, уламжлалаас гадна уур амьсгалын болоод боловсролын асуудлууд гээд шинээр харах зүйлс байгаа гэдгийг гаргаж иржээ. Халуун дулаан бөгөөд цогтой кино. 


Фрэдэрик Штраусс 

Баавгай болохсон, Монгол (1’38)

Кино зохиол: П. Золжаргал. Дүрүүдэд: Үүрцайхын Батцоож, Цэндийн Номинжигүүр, Батсайханы Төгөлдөр. 


Зургийн тайлбар: Өлзийгийн дүрийг бүтээсэн Үүрцайхын Батцоож Монголын нийслэлийн гадуурхагдсан дүүрэгт өсчээ. 


Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь


https://www.telerama.fr/cinema/si-seulement-je-pouvais-hiberner-premier-film-lumineux-sur-la-mongolie-d-aujourd-hui_cri-7030529.php