sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /AP/. Харвардын их сургуульд үзүүлэх 2.2 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, 60 сая ам.долларын гэрээг царцааж байгаагаа АНУ-ын холбооны засгийн газар даваа гарагт мэдэгджээ.


Даваа гарагт Харвардын их сургууль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тавьсан олон шаардлагыг хүлээн авахаас татгалзсаны дараа засгийн газар санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан байна.


Их сургуулийн ерөнхийлөгч Алан Гарбер Харвардын нийгэмлэгт хандсан захидалдаа “Их сургууль бие даасан байдал ба Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй” гэж бичсэнээс хойш хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. “Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран аль ч засгийн газар хувийн их дээд сургуулиудад юу зааж, хэнийг элсүүлж, ажилд авч, ямар чиглэлээр суралцах, судалгаа хийхийг зааж зааварлах ёсгүй” гэж тэрбээр бичсэн байна.


“Харвардын их сургууль нь оюуны болон иргэний эрхийн аль алиныг нь хангаж чадаагүй учраас холбооны засгийн газраас хөрөнгө оруулалт авах ёсгүй” гэж АНУ-ын Боловсролын яам баасан гарагт тус их сургуульд илгээсэн захидалдаа дурджээ.


Улмаар тус яам Харвардад хандан “эрдэм мэдлэгээс илүүтэй идэвхтнүүдийн хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг” багш, ажилтнууд, оюутнуудын нөлөөг багасгахыг уриалсан байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг