sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтлэлээ босгов. Таалан соёрхоно уу!


Нэгэн зүйл


Норвегид бензин түгээгүүр болоод хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр ууталсан “Хайрга” зардаг. Иргэд олноор худалдаж аваад өөрийн хашаа, довжоо, мөн зам дээр өөрсдийгөө хальтиргаа, гулгаанаас хамгаалж асгадаг. Энэ соёлоос манайхан суралцаж, мөн ийм үйлчилгээ, худалдааг нэвтрүүлмээр байна. Хальтраад унасан ч, зам мөстсөн ч дарга, төрийн буруу гэж загнасан хүмүүс л олон байх юм. Иргэд бас санаачилга, сэтгэлтэй байх хэрэгтэй. Норвегид айхтар хүйтрээд одоо эргээд дулаарч байна. Цас хайлаад шөнөдөө мөстөж хөлддөг. Энэ байгалийн гамшгийг бүгд л хамтран, нэгдэж Төр, иргэнгүй зүтгэн давж байна.


Нэгэн зүйл


1859 онд үндэс сууриа тависан Норвегийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургууль (Norwegian University of Life Sciences-NMBU) эдгээр бүтээн байгуулалтуудыг 2019 гэхэд гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй байв. Эдгээр гэдэг нь миний ард харагдаж байгаа зурган дээр үзүүлсэн бүтээн байгуулалт.


2021 он гэхэд төлөвлөсөн бүх бүтээн байгуулалтууд бүрэн дууссан. Одоо байгаа оюутны тоо, ажиллах хүчнийхээ тоог 3 дахин ихэсгэж Дэлхийн ногоон хөгжлийн сургалт, судалгааны хамгийн том төв байгуулахаар зорьж байна. Хамгийн орчин үеийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори болоод оюутны байр, спорт төв зэргийг шинээр барьж байгуулж байна. Нэмж хэлэхэд Норвег улсад их дээд сургуулиуд нь Төрдөө харъяалагддаг, сургалт үнэгүй байдаг. Монгол улсад 1942 онд үүдээ нээсэн МУИС зэрэг төрийн их сургуулиудийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, дотуур байр зэрэг юу болж байдаг бол? Шинжлэх ухаанаа тэргүүн эгнээнд тавьсан улс гүрнүүд эрчимтэй хөгжөөд байдаг. Манайх болохоор төрийн хэдхэн их сургуулиудаа ийш тийш нь нүүлгэнэ, зөөнө, хотоос хөөнө гэсэн бодол л их цухуйлгах юм. 


УБ хотын утаа, түгжрэлд оюутнууд ямар ч нөлөөгүй. Өнөөдөр их сургуульд суралцаж буй оюутнууд харин ч нийтийн тээврийн хөгжилд их нэмэртэй, мөн жижиг дунд шатны худалдаа наймаа, нийтийн хоолны газруудад ихээхэн орлого оруулдаг, нэмэртэй гэж би хувьдаа боддог. 


Манай нийслэл болох 1.5 сая хүн амтай хотын 10 хувь хүрэхгүй хувь нь оюутан залуус байх нь хэвийн үзүүлэлт. Төрийн их дээд сургуулиудаа буруу бодлогоор нийслэлээсээ гаргавал болсон болоогүй хувийн олон их, дээд сургуулиуд орыг нь залгаад томроод л эхлэнэ. Дийлэнх хувийн гэх их дээд сургуулиуд төлбөрөө бодоод Монголын ирээдүйд муур багш мэт аашилж, загнадагийг бүгд мэднэ. Үүнийг бодолцох ёстой! 


Нэгэн зүйл


Монгол гэхлээр л бүх юм замбараагүй, эмх цэгцгүй, дүрэмгүй журамгүй байх ёстой мэт авирлагчид, сурталчлагчид, хүсэгчид маш олон. Уул нь эмх цэгцэндээ орох нь тун амархан зүйл. Цэгцлэх гэхээр л эсэргүүцээд, мушгиад, мунхаглаад эхэлдэг. Түгжрэлгүй болохын тулд торгуулийн төлбөртэй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Хэдэн арван мянга, сая төгрөгний торгуультай машинуудаа цэгцлэх ёстой. Хувийн машинаараа таксинд явдаг иргэдийг цэгцлэх ёстой. Хувийн таксичид түгжрэлийн гол шалтгаан. Автобусны буудал, мөн 1-р эгнээгээр дүүрэн хахаад зогсчихсон, хүн суулгаад буулгаад явдаг. Замын дүрэм хамгийн их зөрчдөг хүмүүс бол тэд юм. Үүнийг цэгцлэх нь зөв шийдвэр, зөв гарц.  


Нэгэн зүйл


Замаа хүртэл халааж байж л Монголд өвлийг давна. Хальтиргаа гулгаа үүсч, зам бараг мөстөж байна. Шөнөдөө хасах 40 хэм хүрч хонож байна. Байгалийн үнэхээр хүнд нөхцөлтэй орон, Монгол бол. Уран гэх баялагтай байж бид хэтэрхий харанхуй, хөлдүү амьдарч байна даа. Утаанаас салж, сайхан амьдаръя гэвэл цөмийн хүчийг ашиглаж АЦС бариж цахилгаан үйлдвэрлэхээс өөр арга үнэндээ алга. Томоор сэтгээд үз. Өөр боломжит найдвартай хувилбар алга. Урвагчдаас айлгүйгээр уранаа ашиглах Үндэсний хөгжлийн бодлого бий болгоё! "Цахилгааны хувьсгал" хийх цаг иржээ. Норвег улсад урьд өмнө байгаагүй их хүйтэрч үзлээ. -20 хэм даваад ирсэн үед УЦС-ууд нь доголдож, цахилгааны үнийн өсөлт, мөн утааны асуудал үүсч байна.



Yргэлжлэл бий


редактор, судлаач-проф. Д.Баярхүү