sonin.mn

САНТО-ДОМИНГО, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /BBC/. Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын нэгэн шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдэгджээ. Хохирогчдын дунд мужийн захирагч, Хойд Америкийн Бейсболын дээд лигийн /MLB/ тамирчин асан Октавио Дотель байжээ. 51 настай О.Дотелийг нурангинаас гаргасны дараа эмнэлэгт хүргэх замд нас барсан байна.


“Jet Set” шөнийн клубт болсон Доминиканы алдарт дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр мягмар гаргийн үүрээр эмгэнэлт явдал болжээ. Дуучин нурангид дарагдсан хүмүүсийн дунд байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.


Тоглолт болсон газарт олон зуун хүн цугласан байсан бөгөөд 400 орчим аврагч ирсэн байна. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж магадгүй байна. Яаралтай тусламжийн төвийн захирал Хуан Мануэль Мендес дээвэр дор дарагдсан хүмүүсийн ихэнх амьд байгаа хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. “Jet Set” бол Санто-Доминго дахь алдартай шөнийн клуб бөгөөд даваа гаргийн орой урлагийн тоглолтыг тогтмол зохион байгуулдаг байна. Тэдгээр тоглолтод улстөрчид, тамирчид болон бусад нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирдэг байжээ. 


Мөн хохирогчдын дунд Монте-Кристи мужийн захирагч Нельси Круз байсан гэж Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер мэдэгдсэн байна. Тэрбээр MLB лигийн бүх оддын тоглолтод долоон удаа оролцож байсан Нельсон Крузийн эгч байжээ.


О.Дотель 1999 онд “Нью-Йорк Метс” багт тоглож эхэлсэн бөгөөд 2013 он хүртэл “Хьюстон Астрос”, “Окленд Атлетикс”, “Нью-Йорк Янкис”, “Чикаго Уайт Сокс”, “Детройт Тайгерс” зэрэг багуудад тоглож байлаа. Ерөнхийлөгч Л.Абинадер хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг